Бийпл хэмээн олноо танигдсан уран бүтээлч Майк Винкелмэний 2007 оны 5 дугаар сараас эхлэн 5000 өдрийн турш, өдөр бүр нэг зураг зурж, цуглуулсан EVERYDAYS: THE FIRST 5000 DAYS хэмээх цуглуулгын бүтээл 69,346,250 ам.долларын үнэ хүрчээ. Зурагдсан өдрийнх нь дараалалаар өрсөн уг бүтээлийг тухайн дуудлага худалдааг зохион байгуулсан Christie's гэх газрын зүгээс "Технологиос сүрдэх нийгмийн айдас хийгээд улангасал, хөрөнгө мөнгөтэй болох хүсэл хийгээд дүргүйлхэл, АНУ-ын улс төрийн үймээн самууныг багтаасан" хэмээн тодорхойлсон байна. Энэ бүтээл эдүгээ зураач нь амьд ахуй цагтаа борлуулсан хамгийн өндөр үнэ бүхий уран бүтээлүүдийн гутгаарт бичигдэж байгаа аж. Бусад уран зургаас ялгаатай нь энэ дижитал арт нь хүн өөрийн биеэр харж үзэх боломжгүй гэдгээрээ онцлогтой. Бид зөвхөн дээрх зураг шиг олон мянган хуулбарыг нь л харж чадна.

Тэгвэл дижитал арт гэж юу вэ?

Уламжлалт дуудлага худалдаанд бараа бүтээгдэхүүн дээр үнэ хаяалцаад хэн өндөр үнэ хэлсэн нь барааг биетээр хүлээн авдаг бол энэ бүтээлийн хувьд тийм зүйл үгүй. Үнэндээ энэхүү бүтээлийн цаасан дээр буулгасан хувилбар ч үгүй бөгөөд дуудлага худалдааны ялагч зөвхөн дижитал файл л хүлээн авч, бүтээлийг нийтэд толилуулах зарим нэг эрхийг л эдлэх юм. Гэвч дуудлага худалдааны бодит бай бол ердөө л нэг төрлийн NFT буюу non-fungible token хэлбэрийн криптографик эзэмшлийн гэрчилгээ аж. Харин бүтээлийг худалдан авсан эзэмшигч нь блокчайнд гэрчилгээгээ худалдаалж болно. Гэсэн хэдий ч NFT-гийн хувьд эзэмшигч нь ямар нэг зохиогчийн эрх эдэлдэггүй бөгөөд бүтээлээс ямар ч хувь хүртэхгүй. Тэдгээр эрх нь ихэнхдээ уран бүтээлчид үлддэг юм.

Бийпл гэж хэн бэ?

Жинхэнэ нэр нь Майк Винкелмэн. Өдгөө 39 настай тэрээр АНУ-ын Өмнөд Каролина мужаас гаралтай. Хоёр хүүхэдтэй. Биднээс нэг их ялгарахааргүй нэгэн. Унадаг машин гэвэл Тоёота Королла. 

Цар тахал эхлэхээс өмнө тэр график дизайнер, анимэтор байсан ба дуучин Жастин Бибэр, Шакира нарын тоглолтын тайзны графикийг хийж байсан юм. 

2007 оны 5 дугаар сарын нэгэнд тэр Англи гаралтай уран бүтээлч Том Жүддээс санаа аван өдөрт нэг зураг зурж байх болжээ. Түүний дижитал болон пиксл зургууд нь поп соёлын дүр, дүрслэлийг үзүүлдэг бөгөөд бүгд түүний хувийн вэбсайтад нийтлэгдсэн. Гурилан бүтээгдэхүүнээр урласан өмдтэй Доналд Трамп, Наймаалжин дүртэй Жефф Безос, Толгойгүй, гэрлэн жилийн Базз зэрэг зургууд багтсан Everydays цуглуулга нь нийт 5000 зургаас бүрдсэн. 

Beeple

Цар тахал эхэлснээр түүний тайзны урлагийн ажил зогссон учир тэр NFT ертөнцөд хөл тавьсан юм. Арт сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр "Хүмүүс намайг бүгд л энэ NFT гэж юу болохыг сонирхооч гэж зөвлөж байсан. Тэгээд би өнгөрөгч 10 дугаар сарын дундуур судлахдаа "Ямар гээч чөтгөр нь вэ?" л гэж бодсон. Тэндээс л би бүхнийг ойлгохоор хичээж эхэлсэн юм. Цуглуулагчид, платформын захиралууд болоод уран бүтээлчид гээд л бүрэн ойлголт авахын тулд би уулзаж болох бүх хүнтэй уулзсан" хэмээжээ. Түүний анхны уран бүтээл "drop" нь өнгөрөгч 12 дугаар сард платформд тавигдсан бөгөөд байршснаасаа хойш долоо хоногийн дотор 3.5 сая ам.долларын үнэ хүрсэн байна.

NFT гэж яг юу вэ?

NFT гэдэг нь цор ганц, өөрийн үнэ цэнийг өөрөө тодорхойлж байдаг токэн буюу криптовалютын нэг төрөл юм. Энэ нь Биткойн мэтийн криптовалютаас юугаараа ялгаатай вэ гэвэл та Биктойныг ижил үнэлгээтэй валютаар сольж болох бол NFT-г NFT-гээр сольж  чадахгүй. Биктойныг хэсэгчилж болдог бол NFT нь хэдэн хэсэг болгож болохгүй. Энэ чанар нь Бийплийн цуглуулга шиг урлагийн бүтээлүүдийг худалдаалахад ашигтай нөхцөлийг бүрдүүлж байдаг юм. Дан ганц уран зураг гэлтгүй хүмүүс NFT-г хөгжим, видео тоглоом доторх виртуал зүйлс болоод твиттер дээрх жиргээг ч худалдаалахад ашиглаж байна. 

Тэгвэл энэ цуглуулгын шинэ эзэмшигч хэн бэ?

CryptoSlate

МетаКован хэмээх нэрийн цаана нуугдсан Вигнэш Сундарэсан нь Сингапурт байршдаг блокчайны бизнес эрхлэгч, код бичигч, хөрөнгө оруулагч юм. Тэрээр дуудлага худалдааны үеэр өөрийн нэрийг нууцалж байсан ч өнгөрөгч Пүрэв гарагт өөрийн блог хуудаснаа нууц худалдан авагч байсан гэдэгээ олонд зарласан байна. Тэр ийнхүү бусдад өөрийгөө зарласан явдал нь бусад Энэтхэгчүүд болоод өнгөт арьстан хүмүүст "Бид ч гэсэн авдаг биш өгдөг хүн болж болно" гэдгийг харуулахыг зорьжээ. 

Түүний тухай дэлгэрэнгүй:


Эх сурвалж: SLATE/ Coindesk