Хүний хурууны хээ эхийн хэвлийд байхдаа 13 долоо хоногтойгоос уураг тархины хамт хөгжиж байдаг. Тиймээс таны хуруу хээнд таны төрөлхийн бүх мэдээлэл бий. Хурууны хээн биометр тестийг Монголд албан ёсны эрхтэй оруулж ирээд буй “Гэрболз” ХХК-ийн iGenetics тестийн төвийн захирал Д.Болорцэцэгтэй ярилцлаа.
-Хүний хурууны хээнээс төрөлхийн авьяас чадвар өгөгдлийг тодорхойлох “iGenetics” тестийн төв байгуулагдаад удаагүй ч орон нутагт хүртэл салбараа нээгээд байна. Энэ бол та бүхний маш олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн болов уу?
-Юуны түрүүнд ярилцлага хийх санал тавьсанд баярлалаа. Энэхүү тестийн албан ёсны эрхийг авах нь багагүй хугацаа, шалгуур, хичээл зүтгэлийг биднээс шаардсан. Манай I Genetics тестийн зорилго бол таны тархины ил болон далд боломжуудыг нээснээр таны амьдралд утга учиртай эерэг өөрчлөлтийг авчрах явдал юм.
Цаашид бид уг тестээр хязгаарлагдахгүй Монгол Улсын сэтгэл судлалын салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Манайх одоогоор Улаанбаатар хотод 4, орон нутагт 2 нийт 6 салбартай бөгөөд 7 сэтгэл зүйч, 2 менежер мөн контентийн багтай үйл ажиллагаа явуулдаг. Бид хурууны хээн биометрийн тестээс гадна сэтгэл зүйн дэмжих бүлгийн уулзалтуудыг зохион байгуулдаг ба 2023 оны 1-р сараас зарим салбарууд дээрээ ганцаарчилсан Сстгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа базаагаад байна.
-Өмнө нь ямар аргаар энэ ажлаа эхлүүлэхийг хичээж байсан бэ?
-Миний хувьд бизнесийн удирдлага, маркетинг, борлуулалт чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. Харилцаа холбоо, үл хөдлөх болон медиа салбаруудад ажилласан. Анх өөрт тулгамдсан сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэж бусдад туслахыг хүссэн учраас Сэтгэл судлалын салбар руу орж ирсэн.
Бусдад туслах нь миний сэтгэл зүйн эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлж байсан.
Энэ салбарыг бизнестэй холбосноор илүү олон хүнд тусалж чадна гэж үзсэн. Ингээд анх үйлчлүүлэгчийг сэтгэл зүйчтэй холбох үүрэгтэй “Тайтгар” гэдэг мобайл аппликэйшн хийхээр төлөвлөсөн.
Сэтгэл зүйч, үйлчлүүлэгч хоёул энэ үйлчилгээнд бэлэн байгаагүй тул албан ёсны эрхтэй тестээр зах зээлд танигдан дараагийн алхмаа эхлүүлэх нь зүйтэй гэж хоёр гурван жил судалсны эцэст үзсэн.
Манай орны хувьд сэтгэл судлалын салбарын хөгжил нялхаараа байгаа тул нэг талдаа үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа тус мэргэжлийн үнэ цэнийг өсгөх хэрэгцээ шаардлага байгаа нь олон судалгаан дээрээс ажиглагддаг.
-Хуруу хээний тестийн тухай дэлгэрэнгүй танилцуулбал?
- Энэхүү шинжлэх ухааны олон улсын нэршил нь Дерматоглифик бөгөөд энэ талаар профессор Ховард Гарднерийн генетикийн онол нь тархины системд олон талт оюун ухаан оршдог гэдгийг баталсан. Дерматоглиф нь нейробиологи, генетик, тархины шинжлэх ухаан, үр хөврөл судлалыг эмнэлзүйн судалгаатай хослуулсан шинжлэх ухаан юм.
Энэхүү системийг боловсруулахдаа дерматоглифийн мэргэжилтнүүд 1985 оноос хойш Хятад, Япон, Солонгос, Тайван, Сингапур, Малайз зэрэг улс орнуудад 500 мянга гаруй хүний сэтгэл зүйн хэв маягийн профайл дээр харьцуулсан судалгаа хийж 95 хувиас дээш магадлалтай гэж үзсэн.
Энэ тестийг дэлхийн 20 гаруй оронд ашиглагддаг, Энэтхэг улсын ISO чанарын стандартаар батлагдсан. Сүүлд Хятадын нэг эрдэмтэн 40 мянган хүн дээр 3-14 жилийн хугацаатай судалгааны дүнд 85-аас дээш хувийн магадлалтай гэж үзсэн. Тестийн үзүүлэлт нь сэтгэл судлалын ухааны үзүүлэлтүүдийг харуулдаг. Энэ тестээр дамжуулж үйлчүүлэгчтэйгээ ойртох боломжтой.
Манай үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл зүйн тусламж авах хэрэгтэй гэдгээ мэддэг ч алхам хийж чаддаггүй. Энэ алхмыг хийлгэхэд бидний тестийн үйлчилгээ тус болно гэж итгэж байна.
-Монголчууд энэ үйлчилгээг хэрхэн хүлээж авч байна вэ. Одоогоор хэчнээн хүнд үйлчлээд байна вэ?
-Нээгдсэнээс хойш 5000 орчим хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг. Энэ тест нь хүнд төрөлхийн өгөгдөл давуу талаа мэдэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Шийдвэр гаргалтандаа итгэлтэй байж, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх бий болгох боломжийг олгож байгаа давуу талтай.
-Насанд хүрэгчид их байна уу, хүүхдүүдээ илүү их үзүүлж байна уу. Хурууны хээнийхээ тестийг өгснөөр ямар мэдээллүүд авах вэ?
-Ер нь 80 орчим хувь нь хүүхдүүд байгаа. Нийт 66 хуудас тайлан гардаг. Энэ тестийн онолын үндсэн мэдээлэл. Мөн хувь хүний зан чанарыг тодорхойлох DISC профайл, таван мэдрэхүйн давамгайлал, RIASEC- ажиллахад тухтай орчин, сурах арга барил, удирдах манлайлах арга барил, 150 гаруй мэргэжлээр төрөлхийн өгөгдөл суурилсан үнэлгээ гэх мэт 20-иод үзүүлэлттэй мэдээлэл багтаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үйлчлүүлэгч маань өөрийнхөө тухай 66 хуудас номтой болж байна гэсэн үг. Энэ тестийг хүн нэг л удаа өгөхөд болно.
Хүний хурууны хээ давтагдашгүй, өөрчлөгдөхгүй онцлогтой. Хүний хурууны хээ эхийн хэвлийд 13-19 дэх долоо хоногт үүсдэг. Бид хуулийг дээдэлж, хувь хүний нууцыг чандлан хадгалж ажилладаг.
Тест хийх зориулалтаар тухайн үйлчлүүлэгчийн хурууны хээг авч мэдээлэл авсаныхаа дараа шууд устгадаг ба Fidex хуулийн фирмтэй хамтарч ажилладаг.
-Хурууны хээн тестэд насны хязгаар заах уу?
- Дөнгөж төрсөн хүүхдээс ч авч болно. Гэхдээ тухайн хүүхдийг гаднын хүнээс айхгүй болсон цагт авахгүй бол болохгүй. Тиймээс ой хагас сартайгаас дээш хүүхдүүдээ үзүүлж болно. Дээшээ бол хязгаар байхгүй.
-Тестэд хамрагдсан монгол хүүхдүүдийн хувьд ямар онцлог зан чанарууд ажиглагдаж байна вэ?
-Энэ шинжлэх ухааныг дагнан судалдаг дэлхийн олон эрдэмтэд бий. Тэдгээр хүмүүсийн хийсэн судалгааны мэдээлэлтэй танилцах дуртай. Нэг судалгаанаас дурдвал Ази болон европчуудын хурууны хээн онцлог гэж байдаг.
Европ хүмүүсийн хурууны хээнд гогцоо хээ нийтлэг байдаг. Энэ хээний онцлог нь илүү хүн, харилцаа төвтэй, багийн сайн гишүүн, дэмжигч байж чаддаг. Харин Ази хүмүүсийн хээнд дугуй хээ нийтлэг байдаг. Үргэлжилсэн тойрог бүхий энэ хээ нь зорилго, зорилт төвтэй, логик сайтай, дотогшоо зан чанарыг илэрхийлж байдаг.
Энэ дундаа монгол хүний хурууны хээний онцлог биеэ даасан, зорилго төвтэй, би-төвтэй, эго ихтэй, түрэмгий, зоримог, шийдэмгий төрөлхийн удирдагч хэв шинжийг түлхүү агуулж байдаг. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь гэр бүлээрээ ирж үйлчлүүлдэг.
Хүүхдийнхээ төрөлхийн өгөгдөл чадамжийг тодорхойлуулдаг. Нөгөө талдаа насанд хүрсэн хүмүүс карьерын шилжилт хийх чухал сонголтынхоо үед манай тестийг өгснөөр өндөр үр дүнтэй байгааг хэлж байгаа.
-Анх хамтарч ажиллах санал тавьсан сэтгэл зүйч маань хэн байсан бэ?
-Манай Энканто салбарын зөвлөх, Сэтгэл зүйч С.Болортуяа, Солонгос улсад Хүүхдийн сэтгэл судлаачаар магистрын зэрэг хамгаалсан бүсгүй байгаа.
-Сэтгэл зүйчээс тестийн зөвлөгөөгөө авснаас гадна хувийн асуудлаар зөвлөгөө авах боломжтой юу?
-Бид ирэх 2023 оны 1-р сараас энэ ажлыг эхлүүлэхээр багаа хөгжүүлж ажиллаж байна.
-Монголд үзүүлж байгаа үйлчилгээний үнэ бусад орны ижил төрлийн тестийн үйлчилгээтэй хэр зөрүүтэй байгаа вэ?
-Анх энэ франчуйзыг оруулахад нөгөө талаас үнэ 60 ам.доллараас бага байлгаж болохгүй шүү гэж байсан. Бид маш удаан ярилцсаны эцэст үнийг багаар тогтоосон. Манайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газраас бол хямд л байгаа. Үнийг аль болох бага түвшинд барьж олон үйлчлэгчид хүрэхийг зорьж байна.
Австрали, Герман, Япон, Солонгос зэрэг оронд энэ үйлчилгээг иргэд ихэд сонирхдог. Солонгосчуудын хувьд хүүхдээ багаас нь энэ төрлийн тестэнд хамруулж, давуу талыг хөгжүүлж байдаг.
Боловсролын салбарт тэргүүлэгч Финлянд улс нь хүүхэд бүрийн онцлогийг гаргаж ирэн, эцэг, эх багшийн хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг. Энэ нь ч үр дүнтэй нь батлагдаад байна. Хурууны тестнээс гадна нүдний хүүхэн хараанаас биометрийн тест авч болдог.
-Та бүхэнтэй хамт видео контентийн баг ямар учраас ажиллаж байна вэ?
-Манайх туршлагатай найруулагч, контент бүтээгчтидтэй хамтран видео студи байгуулж байгаа бөгөөд хамтраад хоёр контент хөгжүүлж байна. Нэг нь тайтгар подкаст. Фэйсбүүкт нэрээ нууцалсан сэтгэл зүйн тусламж хүссэн захидлууд асар олон байдаг. Энэ бүхэнд мэргэжлийн үүднээс хандаж, хөндлөнгийн хүмүүсийн хамт тухайн асуудлыг өөр өөрсдийнхөө өнцгөөс гаргаж шийдэл хайсан подкаст хийж байна. Нөгөөх нь богино видео бичлэгээр нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх зорилготой контент байгаа.
Төгсгөлд нь биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгчиддээ, баг хамт олондоо талархаж явдагаа илэрхийлье.
Г.Нямсүрэн
66.181.167.118
Хариулах 2022.12.14
Мундаг бүсгүйчүүдэд амжилт хүсье!
1 0