Д.Ангар: Банкуудын мөнгө хүүлэлт хөрөнгийн зах зээлийг хөгжихөд хүргэсэн

Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Новел инвестмент” компанийн захирал Д.Ангартай ярилцлаа. 

-Хөрөнгийн зах ойрын үед тун идэвхтэй байна. Үүний цаад учир шалтгааныг та хэрхэн харж вэ?

-Хөрөнгийн зах зээл эрчимтэй сэргэж тэр чинээгээрээ хүмүүс, компаниуд сонирхож байна. Зарим нь бонд эсвэл хувьцаа гаргаж, иргэд олон нийтээс зээл авч байна. Хөрөнгийн зах зээл нь гэдэг үг ч тодорхой хэмжээгээр трэнд болчихлоо. Гэхдээ яагаад ийм түвшинд хүрсэн нь төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой зүйл биш. Энэ бол санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлдэг банкны сектор үүргээ гүйцэтгэж чадахаа болиод гацчихсаны илрэл юм. 28 жилийн турш бид зөвхөн банк давамгайлсан санхүүгийн зах зээлтэй явлаа. Банкаа шүтээд компани ААН-үүдийг өөд нь татах юм байна гэж ойлгож ирлээ шүү дээ. Гэтэл явсаар эцэстээ  банк ерөөсөө хүүлэлтийн системд орчихсон.  Тэр байтугай банкууд өөрсдөө төрөөр авруулах шийдвэр гаргачихсан нь нууц биш шүү дээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ дампуурах гэж байгаа компаниудад төсвөөс 511 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр боллоо. Ингэж буруу замаар яваад эхлэхээр иргэд ААН-үүд хүссэн хүсээгүй өөр замыг хайж эхэлсэн гэсэн үг. 


-Өөр зам нь хөрөнгийн зах зээл байжээ дээ. Таны бодлоор хөрөнгийн зах зээл гэж юуг хэлэх вэ?

-Монголд иргэд санхүүгийн аль нэг хэрэгсэлд хөрөнгө оруулж, ирээдүйд өсгөж үржүүлэх механизм бий болгох ёстой. Мөн эрсдэлийг ангилж, хуваах хэрэгтэй. Ийм үүднээс л хөрөнгийн зах зээл хөгжих нь чухал юм. 

Үүнийг эхнээсээ олоод харчихсан нь сайн хэрэг. Үнэндээ иргэдийн ихэнх нь хөрөнгийн зах зээл гэдгийг хүндээр ойлгочихсон тал бий. Хүрч болдоггүй хол, Монголд хөгждөггүй зүйл гэж бодсон. Гэтэл хөрөнгийн зах зээлийн ойлголт тун энгийн шүү дээ. Мөнгөтэй бас мөнгө шаардлагатай хүн хоёр хоорондоо уулзахыг л хэлээд байгаа юм. Бирж дээр эсвэл биржээс тусдаа уулзсан ч  болно. Гэтэл нөгөө банк давамгайлсан санхүүгийн зах зээл тэднийг хоёр талд нь хуваагаад хаячихсан. Харин одоо иргэд ААН-үүд хөрөнгийн зах зээлийг сонгоод эхэлчихлээ. Үүнийг түүхэн үе ч гэж болно. 


- Ирэх жилүүдэд энэ өсөлтөө хадгалж чадах болов уу?

-Компаниуд олноороо IPO гаргаж байна. Маш зоригтойгоор энэ зах зээл дээр гарч ирж байгаа компаниудыг үнэлэх ч ёстой. Тэднийг би буруу замаар явж байгаагаа мэдээд түрүүлж зөв алхам хийлээ гэж харж байна. Бусад нь хүссэн хүсээгүй энэ замаар дагаад явна. Өнөөдөр хөрөнгийн зах зээл маш хурдтай хөгжих нөхцөл суурь нь бүрдчихлээ. Гэхдээ мэдээж цэцэглэн хөгжихөд цаг хугацааны асуудал бий. Энэ жил эсвэл 5-10 жилийн дараа чухам хэзээ гэдгийг хэлэхэд хараахан эртэднэ. Ямар ч байсан хамгийн сайн зүйл нь бид буруу замаар явж байсан гэдгээ мэдчихлээ. Шинэ зам, шинэ сонголтыг хийчихлээ. 


-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд төрийн оролцоо хэр чухал вэ?

-Үнэндээ хөрөнгийн зах зээлд төрийн оролцоо хэрэггүй. Төр гай л болохгүй байхад энэ зах зээл өөрөө жамаараа хөгжөөд явчихна. Яагаад гэхээр өмнө хэлсэнчлэн мөнгөтэй болоод мөнгөгүй хүнийг уулзуулдаг хөрөнгийн зах зээлийн замыг татвар болон бусад эдийн засгийн зохицуулалтаар л хааж боочихгүй үүнийг хөгжлийг зогсоох боломж байхгүй.  

Бусад улс орны туршлагаас харвал эхлээд хөрөнгийн зах зээлийг өөрөөр нь зохицуулалтгүйгээр хөгжүүлсэн байдаг. Явцын дунд, хөгжлийн хурд, үе шаттай нь зохицсон механизм ажилладаг юм билээ. Гэтэл манайх 1990 онд Хөрөнгийн биржийг байгуулсны дараа буюу 1995 онд зохицуулах байгууллагыг бий болгосон. 

Энэ нь хөгжөөгүй зах зээлийг зохицуулахаас илүүтэй хөгжлийг сааруулах, зогсоох зам руу хөтөлсөн гэвэл буруудахгүй. Гэтэл Монгол Улсын хөгжлийн гарц нь хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс хамаарна.


- “Хөрөнгийн зах зээл” номыг бичсэн хүний хувьд энэ зах зээлийг хөгжүүлэхэд ямар арга, хөшүүрэг хэрэглээсэй гэж боддог вэ?

-Би хөрөнгийн зах зээлийг маш энгийн зүйл, санхүүгийн жирийн харилцаа гэж ойлгуулахын тулд энэ номыг бичсэн. Уг нь энэ зах зээлийг сэргээх маш амархан. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлмээр байвал төр бага зэрэг л хичээх хэрэгтэй.Тухайлбал хувьцаагаа бондоо гаргасан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж болно. Гэтэл төр хамаг л хайр халамжаа банкинд зориулж, эрсдлээс хамгаалж асуудал үүсвэл аргалж бөөцийлсөөр өдий хүрлээ. Магадгүй банкинд зарцуулж буй төрийн тэр их мөнгө, хайр хишгийнхээ ганцхан хувийг хөрөнгийн зах зээлд зарцуулчихаж болно. Тэгвэл энэ зах зээл маш хурдтай хөгжинө. 

Хөрөнгийн зах зээлийн давуу тал нь маш шударга нээлттэй талбар. Хэн нэгэнд авилга өгдөггүй. Давуу байдал олгодоггүй. Аль нэг төрийн албан, УИХ-ын гишүүнд хөнгөлөлттэй зээл амладаггүй. Тийм ч учраас энэ салбар руу төрийн бодлого явдаггүй. Бидний мэдэхээр хэн илүү авилгал өгсөн нь хөгжөөд явж байна. Гэхдээ энэ замаар бид удаан явахгүй. Зөв бөгөөд шударга замаараа хариуцлагатай ил тод байж л хөгжинө. 


-Та банкуудыг төрийн оролцоогүйгээр жамаараа хөгжих ёстой гэж үздэг. Ямар нэгэн дэмжлэггүйгээр. Яагаад? 

-Банк дампуурвал дагаад улс дампуурсан түүх байхгүй. Нэг банк дампуурлаа ч бусад нь хэвийн ажиллаж л таарна. Харин төр засаг нь банкаа хэт шүтсэн учраас зах зээлийнхээ зарчмаар хөгжиж чадахгүй гажуудалд оруулчихсан.  Өнөөдөр Монгол улс хөгжиж зарим талаараа дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Гэтэл хүй нэгдлийн үеийнхээрээ байгаа ганцхан салбар нь санхүүгийн зах зээл. Тэр дундаа банкны сектор. Төрийн хайр хишгийг хангалттай хүртсэн ч ямар ч ахиц дэвшил, хөгжил байдаггүй. Дэлхийн хамгийн өндөр хүүтэй, зах зээл нь хөгжөөгүй, хүртээмжгүй санхүүгийн зах зээлтэй улс нь Монгол л байна. АНН-үүд нь хүүлэлтийн системдээ дарлуулчихсан нь энэ зах зээлийг хөгжил ямар байгааг тодхон харуулна. Энэ алдааг засч залруулж байж л цаашаа явахаас өөр аргагүй. Үүнийг засах арга нь өнөө л зах зээлийн зарчимд нийцүүлэх. Үнэхээр чадахгүй байгаа банк нь дампуураг л дээ. Эсвэл бүх ААН-үүддээ банктай ижилхэн л хандах ёстой. Ганцхан банк дээр төвлөрсөн бодлогыг иргэний хувиар харахад үүний цаана авлига, хээл хахуулийн л асуудал байгаа гэж харддаг. 

-Монгол санхүүгийн хөгжлөөрөө хамгийн хоцрогдсон гэж та шүүмжилдэг. Үүний учир шалтгаан?

-Санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө манай улс Хойт Солонгостой нэг түвшинд байлаа. Гэтэл Хойд Солонгосын удирдагч олон улсад тоглолт хийгээд эхэлчихлээ. Удахгүй энэ улс гадны банк оруулаад, Ази тивийн санхүүгийн төв ч болох магадлалтай. Тэд ийм боломжоо төрийн бодлогоороо нээчихсэн. Гэтэл манай улс л санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө хамгийн адагт орохоор болчихоод байна. Хүүлэлт гэдэг зүйл аль 16-17 дугаар зууны үед үүргээ гүйцэтгэчихсэн. Гэтэл өнөөгийн нийгэмд хүүлэлт  нь гаарчихсан ААН нь өрөнд баригдчихсан ийм улс биднээс өөр алга. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Яагаад гэвэл улсын үндэс нь хүн юм. Хүн л үйлдвэрлэл явуулж, ААН баялаг бүтээж ажлын байр бий болгон татвар төлнө. Гэтэл манай хүүлэлтийн систем ААН-үүдээ л доош татаж унагаад байгаад учир бий. Хүүлэгчид өөрсдөө энэ тал дээр дэндүү харалган байна. Иргэд нь хүүлүүлсээр өсч өндийдэггүй, ААН-үүд томрохоосоо өмнө шулуулчихдаг. Сүүлийн 10 жилд томорсон компани маш ховор. Зарим үйлдвэр ААН-үүд хаалгаа барьчихлаа.

-Саяхан Эрдэнэс таван толгойн хувьцааг олон улсад гаргаж 1072 хувьцааг амилуулах талаар яригдсан. Хэр хүлээлттэй байгаа вэ?

-ЭТТ-г гаргах нь мэдээж зөв. Гэхдээ зөв хийх ёстой. Ний нуугүй хэлэхэд одоогийн байгаа УИХ энэ асуудлыг ажил хэрэг болгоод 1072 хувьцааг амилуулчихна гэдэгт итгэл алдарсан. Уг нь МАН 65 гишүүнтэйгээр гарч ирэхэд нэгдсэн бодлоготойгоор томоохон төслүүд хөдлөх нь гэж харж байлаа. Гэтэл нам дотроо хагаралдаж хуваагдчихлаа. УИХ дээрх ЭТТ-н хэлэлцүүлгийг үзээд бүтэхгүй нь гэсэн ойлголт авсан. Одоогийн Засгийн газар, УИХ-д ажил хийх ганцхан жил үлдлээ. Сонгуулийн өмнөх жил дотроо бужигнаад ажил хийхгүй учраас тэр жилийг бараг тооцолтгүй тодорхой. Тэгэхээр нэг жилийн хугацаанд энэ том төслийг хөдөлгөх боломжгүй. Хэрэв сонгуульд ялсан жилээ эхлүүлсэн бол өнөөдөр үр дүнг нь үзчих байлаа. Харамсалтай нь сүүлийн 2 жил том төслийг хөдөлгөх дээр ажил хийсэнгүй. Өнөөдөр эдийн засаг гацаанд орчихоод байна. 


-Хөрөнгийн биржийн хувьчлалд хоёр талын байр суурь явдаг. Таны хувьд хувьчлахыг хэр оновчтой хувилбар гэж боддог вэ?

-УИХ дээр энэ асуудал хэлэлцэх юм билээ. Үнэндээ төрийн өмчит хөрөнгийн биржтэй компани өнөөдөр Монголоос өөр алга. Хувьчлагдаж байж л зөв гольдролоор хөгжинө. Тиймээс Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ зөвхөн бирж гэдэг санхүүгийн дэд бүтэц нь хувьчлагдах ёстой. Харин хувьчилна гээд байгаа хүмүүсийн цаана намуудын ашиг сонирхол бий. Тэр нь хувьчлалаар дамжуулаад Хөрөнгийн биржийн газар байшинг авах. Миний бодлоор хөрөнгийн биржийг байшинтай нь хувьчилбал дуусахгүй маргаан хэрүүл үүснэ. Харин үнэхээр Хөрөнгийн биржээ хөгжүүлье гэвэл зарим улс төрчдийн шуналыг олон жил хөдөлгөөд байгаа байрнаас нь салгах хэрэгтэй. Орчин үед Хөрөнгийн биржид байр хэрэггүй болчихлоо. Бүх юм цахим болчихсон байхад вэб сайт л байхад ажлаа явуулна. Хотын төвд  А бүсэд байх бүр ч шаардлагагүй. Брокерууд нь хүртэл Хөрөнгийн бирж дээрээ очихгүйгээр онлайнаар харьцчихдаг болсон үе. Тиймээс газрыг нь тусдаа зарж хувьчилсан дээр гэж би үздэг. Хэдээр зарах нь төрийн асуудал биз. Хэрэв байшин газарт шунасан хүн Хөрөнгийн биржийг хувьчлаад авчихвал унагаж л таарна. 


-Та Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох хүсэлтээ эртнээс илэрхийлж байсан. Энэ хувьчлалд оролцох уу?

-Хөрөнгийн биржийн хувьчлалын тогтоол шийдвэр гарвал би оролцоно. Авна гэдэгтээ ч бараг итгэлтэй байгаа. Гэхдээ надад байшин нь хэрэггүй. Байшин авсан нөхцөлд хэзээ ч дуусахгүй хэрүүл үргэлжилнэ. 


-Хоёр жилийн өмнө хувьчлах шийдвэр гарч байсан санагдана?

-Хоёр жилийн өмнө таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэсэн шийдвэр гарч байсан. Байшин сав, программ хангамж бүх зүйлтэй нь шүү. Тэр үед нь бид нар ийм хямдхан хувьчлах бол авъя л гэсэн. Гэтэл өгөөгүй. Болсон явдал л ийм. Захиалагч нь авахгүй бол хувьчлалыг зогсоочихдог. Ийм л юм болдог байхгүй юу. Үнэндээ манай төрийн өмчийн хувьчлал дандаа захиалагчтай нь явж ирсэн нь нууц биш. Тэр захиалагчийн өмнүүр орсон учраас биднийг зогсоосон гэж харсан. Өнөөдөр ч гэсэн Хөрөнгийн биржийн хувьчлалын цаана хэн нэгэн бий. Тэр хүний ашиг сонирхол нь Хөрөнгийн биржийн газар байшинд л байгаа. Тиймээс л бид  Хөрөнгийн биржийн дэд бүтцийг хувьчлах үнийг  байшингаас нь салгасан дээр гээд байгаа юм. Бид хөрөнгийн биржийн хөгжил, ирээдүйд нь, эдийн засгийн чухал дэд бүтэц гэдэгт нь итгэдэг. Иймээс бизнесийнх нь хувьчлалд оролцоно.

Холбоотой сэдвүүд

1072 хувьцаа д.ангар хувьцаа

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.