Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өглөө.

Тэрээр "Эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёрыг нь эмнэлгээс гаргахаар боллоо. Тус хоёр хүнд сүүлийн гурван хоногт таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг нь бүрэн арилсан. Тиймээс бид хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд эмнэлгээс гаргах гэж байна.

Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн гэртээ 14 хоног тусгаарлагдаж, өөрийгөө хянах ёстой" гэдгийг онцлон хэллээ.

Улмаар манай улсад коронавирусийн нийт 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдсэнээс хоёр нь бүрэн эдгэрлээ.

"Коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 16, Сэлэнгэ аймагт буй 10, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 202 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна"  хэмээн Д.Нямхүү захирал мэдээллээ.