Өөрийн хүсэл мөрөөдлөөр амьдралаа эхлүүлж ирээдүйг гэрэлтүүлж буй эрч хүчээр дүүрэн залуу үеийн нэгэн  төлөөлөл гагнуурчин охины түүхтэй та бүхнийг танилцуулъя. 


Түүнийг О.Урангоо гэдэг. 16 настай, гагнуурчин мэргэжилтэй. МСҮТ-ийн мэргэжил танилцуулгын үеэр гагнуурын ангийнхны төмрөөр хийсэн уран нарийн хийцтэй цэцэг, амьтан зэрэг бүтээл түүний анхаарлыг нь онцгой татжээ. Дөнгөж 14-хөн настай түүнд “Би ч гэсэн ингэж гагнаж чадах юм байна” гэсэн хүчтэй итгэл үнэмшил, хүсэл төрснөөр энэхүү мэргэжлээ сонгох шийдвэрийг гаргасан байна.

Шийдвэрээ ойр дотныхондоо хэлтэл ихэнх нь дурамжхан хандсан гэнэ. Ээждээ сонгосон мэргэжлээ дуулгахад “Гагнуурчин болно гэж үү” хэмээн мэл гайхан хүлээн авчээ. “Хэдийгээр миний мэргэжил сонголтыг эсэргүүцсэн ч би тас гөжүүдэлсээр байлаа. Азаар аав миний талд орж, хамт явж гагнуурын сургуулийг судалсаар Герман-Монголын хамтарсан МСҮТ-ийг сонгосон. Ээждээ ч учирлаж хэлж, ятгасаар хүлээн зөвшөөрүүлсэн” хэмээн инээмсэглэн ярьсан юм. 

Хүсэл сонирхлыг хорьж дийлэх зүйл гэж үгүй. Хүсэлдээ хөтлөгдсөн охин замаасаа буцалгүй ийнхүү шийдвэртээ үнэнч үлджээ.

Энэ тухайгаа тэрбээр “Нэгэнт өөрийн хүслээ олчихсон хойно өөр ямар ч мэргэжил сонирхол татдаггүй юм билээ. Өөр ажил хийж байна гэж бодох гэхээр ерөөсөө төсөөлөгдөөгүй” гэв. Гэхдээ энэ бол нэг удаагийн л сэтгэл хөдлөлийн шийдвэр биш байв. Хүүхэд байхаасаа “Гарын ур дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй” гэсэн үгсийг сонсож өссөн нь бүр ч ихээр нөлөөлсөн хэрэг.

Үеийнхэн, найз нөхөд нь түүний сонголтыг сонсоод уулга алджээ. Үнэндээ дотроо битүүхэн шоолж байсныг нь анзааралгүй яахав. “Эмэгтэй хүүхэд байж эр хүний ажил сонгоод, өөр мэргэжил сонго л доо” гээд л зааж, зөвлөнө. Эхэндээ энэ бүгдэд хариулах учраа олохгүй, дуугүй л өнгөрөөдөг байж. Мэргэжлээрээ сурч эхэлснээс хойш гагнуурчны талаар илүү их мэдэх болсноор сонголтдоо бат итгэлтэй болж бусдын ярихыг үл  тоож илүү их хичээж болсон ажээ.


Гагнуур гэхээр хоёр төмөр нийлүүлж холбох төдий ажил биш ажээ. 

Ашиглах материал, хийх оёдол зэргээсээ хамаараад гагнуурын олон арга техниктэй. Тухайлбал оёдол тавихад дээрээс доош, доороос дээш, хөндлөн гэх зэрэг 20 өөр төрөлтэй. Бүгдийг нэг бүрчлэн сайн сурах нь олон удаагийн оролдлого, хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Бүр нэг мм-ээр зөрүүлэх, төмрийнхөө өнгийг солих төдийд л алдаанд тооцогддог гэнэ. Алдаагүй сайн сурахын тулд хэдхэн сар биш нэлээн хэдэн жилийн уйгагүй зүтгэл хэрэгтэй. Тийм их цагийг зарцуулсан ч хангалтгүй. Үргэлжийн давтлага, уйгагүй зантай байж л чадваржиж, мэргэжлийн үнэ цэн өсдөг хэрэг. 




Анх гагнуурын багажаа барьж дийлэхгүй гар нь салганан “Би чадахгүй бол яана аа” гэж гэрэвшин бодож зогсоход түүний багш “Зүгээрээ битгий санаа зов. Хүн төрөхдөө л гагнуурчин  болно гэж байхгүй шүү. Олон дахин оролдож, хичээхэд удахгүй сурчихна аа.” гэжээ. Багшийнхаа урмын үг, өөрийнхөө хүслийг, бусдын итгэлийг алдахгүйн төлөө илүү их хичээсээр иржээ.


Гагнуурчдыг ур чадвараас нь хамаарч 2-6 хүртэл зэрэг, болон мэргэшсэн зэрэглэл олгодог. Хамгийн дээд зэрэг нь 6 дугаар зэрэг аж. М.Урангоогийн хувьд 16 настай ч аль хэдийн тавдугаар зэрэг авахад ойртжээ. Хэрвээ өндөр ур чадвар шаардсан даалгавраа биелүүлж, шалгалтаа давчихвал болзол хангагдлаа л гэсэн үг. Түүний хэдэн зуун удаагийн тасралтгүй бэлтгэлийн үр дүн гарахад ойртжээ.


Хүнд металл, төмөр багажтай харьцдаг учраас гагнуурчдыг эрсдэл байнга дагана. Авхаалж самбаа, санаачлага, сонор сэрэмж хэзээ ч алдаж болохгүй. Нэг хором л анхаарлаа сулруулахад  өөрийгөө гэмтээчих гээд эрсдэл энүүхэнд.  “Гагнуур хийх үед санамсаргүй гараа зүсэх, гэмтээх үе бий. Зун болохоор нимгэн бээлий, өмдний гаднаас оч үсэрч түлэгдэнэ. Төмөр материалуудаа өргөж дийлэхгүй гээд бэрхшээлүүд олон. Зөндөө олон бэрхшээлийг тэвчиж байхад зарим хүн “Чи яаж ийм хурдан сурсан юм, ажилд орох амархан уу” гэж асуудаг. Тэгэж асуух үед заримдаа гайхдаг. Зөвхөн хичээсний л үр дүн гэж яаж ч мэдэх вэ дээ, бас үүнээс ч их хичээх ёстойгоо би мэднэ.” гэж хэлсэн юм. 


Гагнуурын ажил амаргүй нь үнэн. Гэхдээ хүнд металлуудтай ажилладаг, нарийн ур чадвар учраас эрчүүд л хийж чадна гэж эндүүрдэг талаар “Үнэндээ ур чадварын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс дутах юмгүй. Тухай хүний хичээл зүтгэлээс л хамаарна” гэж хэлсэн юм.  Харин ч жижиг төмөр, нарийн оёдол тавихад эмэгтэй хүн гарын чичирхийлэл бага байж илүү нямбай хийдэг гэдгийг түүний багш нь нар нь хэлдэг ажээ.


Сонирхуулахад эмэгтэйчүүдийн чимхлүүр ажилд нямбай байдаг шалгаан нь уушгинаас гадна хэвлийгээрээ амьсгалдагтай холбоотой гэнэ. Хэвлийгээр амьсгалах үед гарны чичирхийлэл маш бага гардаг аж. Харин эрэгтэй хүн зөвхөн уушгиараа амьсгалдаг тул чичрэх нь их.


Гэвч эрэгтэйчүүд голлосон салбарт эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрүүлэхэд амаргүй. 

Ажилд орохоор очиход нь “Ийм жаахан, тэгээд эмэгтэй хэрнээ, гагнуурчин юм уу” гээд гайхаж, итгэж ядсан хүнтэй олон таарчээ. Насанд хүрээгүй учраас ажиллах нь хуулиар хориотой. Тиймээс багахан ажилд элбэж тусалдаг гэв.


Ер нь гагнуурчны зараар эмэгтэй хүн ирэхээр илт дургүйлхдэг нь шууд мэдрэгддэг гэнэ. Тэгээд нүдэн дээр нь юм гагнаж үзүүлэх эсвэл гагнасан эд зүйлээ харуулахаар л итгээд хандлага нь өөрчлөгдөнө. Тэр үед л зөв шийдвэр гаргасандаа өөрөөрөө ихэд бахархдаг гэж тэр инээмсэглэн ярьсан юм. 

Мэргэжлийнхээ тухай ярих бүрдээ баяр бахдалтайгаар ярихыг нь сонсоод шантарч үзсэн үү гэж асуухад “Хүн юм чинь хаяадаа шантардаг, хоёр ч удаа болих талаар бодож үзсэн. Анх дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нэг ангид орсон. Гагнуурын багаж төхөөрөмж овор ихтэй, өөрөө зөөхөд төвөгтэй, орой гэртээ очихдоо ядарсандаа больдог ч юм уу гэж бодоод унтдаг байлаа. Гэхдээ өглөө сэрэхдээ тэр бүх бодлоо мартаад сургууль руугаа яаран очдог юм” гэлээ. 


Одоо тэрбээр Герман-Монголын хамтарсан “Гагнуурчны сургалт, ажил хосолсон” хөтөлбөрт суралцаж байгаа гэнэ. Энэ хөтөлбөрийг эхлэхэд 30 гаруй хүүхэд бүртгүүлж сурч эхэлжээ. Явцын дундаас хасагдсаар одоо зургаахан хүүхэд үлдсэний нэг нь М.Урангоо юм. Шантралгүй тууштай хичээл зүтгэлийг нь багш нар нь, эргэн тойрныхон нь бүгд мэднэ. Хоёр гурван ч байгууллага түүнийг 18 нас хүрчихвэл шууд ажилд авахаар хүлээж байгаа гэсэн сайхан мэдээгээр  бид яриагаа дуусгалаа.