НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас танилцуулсан шинэ тайлан “COVID-19” цар тахал эмэгтэйчүүдийн гэр орон, олон нийтийн газар дахь аюулгүй байдалд нь хэрхэн нөлөөлж буйг тодотгон харуулжээ.


“Цар тахлын үр дагаврыг үнэлэх нь: “COVID-19”-ийн дэгдэлтийн үеэрх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” хэмээх тайланд дурдсанаар, эмэгтэйчүүдийн тэн хагас орчим нь өөрсдөө болон танил эмэгтэйчүүд нь “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.


Тухайлбал, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг орчим нь цар тахал дэгдсэнээс хойш гэр орон доторх зөрчил ихэссэний улмаас аюулгүй байгаагаа мэдрэх нь багассан гэж хариулсныг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр тохиодог Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслах зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан танилцуулсан тайланд бичжээ.

Тэднээс яагаад гэр орондоо байхдаа аюулгүй байгаагаа мэдрэх нь багассан талаар тодруулахад, 21 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн, мөн 21 хувь нь гэр бүлийн гишүүн нь өөрийг нь гэмтээсэн, 19 хувь нь өрхийн өөр эмэгтэй гишүүн нь гэмтсэн гэх хариултыг өгсөн байна.


Мөн эмэгтэйчүүд гэрээсээ гадуур явахдаа ч гэсэн айх айдас нь нэмэгдэх болсныг ярьжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 40 хувь нь “COVID-19” дэгдсэнээс хойш шөнийн цагаар ганцаараа явахдаа өмнөхөөсөө илүү ихээр айх болжээ. Мөн таван эмэгтэй тутмын гурав орчим нь цар тахлын үеэр олон нийтийн газарт бэлгийн дарамт учруулах явдал дордсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнээс үзэхэд санхүүгийн дарамт, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, гэр бүлийн хурцадмал харилцаа зэрэг нийгэм-эдийн засгийн асуудалтай холбоотой стрессийн хүчин зүйлүүд нь зөвхөн аюулгүй байдал төдийгүй эмэгтэйчүүдийн сайн сайхан аж байдалд ихээхэн нөлөө үзүүлж байна.

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь бусад хямралын нөлөөгөөр тэлдэг дэлхий дахинд нүүрлээд буй хямрал юм. Зөрчил мөргөлдөөн, байгалийн гамшигт үзэгдэл, хүнсний аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил нь бүгд эмэгтэйчүүд, охидыг аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлдөг. “COVID-19” цар тахал нь олон нийтийг тусгаарлах шаардлагыг үүсгэсэн нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг улам даамжруулж байна. 

Иймд ийм явдлыг таслан зосгооход нэн даруй нэгдсэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг энэхүү тайлан харуулж байна” гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Сима Бахус мэдэгджээ. 


Э.Хулан /Монцамэ/