Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Үүнээс гадна мэдрэлийн эсийг хөнөөх хор нөлөөтэй

Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжөөр чихэвчийг нэг удаад 30 минутаас хэтрүүлэхгүй, дууны чанга сулын хүчийг  50 хувиас дээш нэмэхгүйгээр сонсохыг зөвлөдөг. Гэтэл гудамжинд зөрөөд өнгөрөхөд чихэвчний хөгжмийн дуу нь хажууд хүнд сонсогдтол чанга дээрээ сонсдог хүүхэд залуус цөөнгүй. Мөн рок тоглолт, диско клубуудын хэт чанга дуу чимээ ч үүнд хамаарагдана.  

Энэ үед дууны сонсох хүч нь 100-120 децибел  байдаг. Зүйрлэвэл хүнд үйлдвэрийн эсвэл тийрэлтэт онгоц хөөрөх үеийн дуу чимээтэй тэнцэхүйц хүчтэй дууны долгион юм. Тиймээс чихэвчийг байнга хэт чанга сонсох нь дотор чихний сонсголын мэдрэлийн эсүүдийг үхүүлж, алсдаа сонсгол буурч дүлийрэх том шалтгаан болдог байна.

Иймээс “Сонсголоо хамгаалах арга зам”-ын талаар дараах зөвлөгөөг хүргэе.


1. 60/60 дүрмийг баримтлах

Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй байж, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд, таны хөгжим 15 дээд түвшинд байхад 8 болгоно гэсэн үг юм.


2. Шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй

Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Яагаад гэвэл шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй болохоор чихэвчний хөгжмийг өндөр тавьж байна гэсэн үг. Энэ нь сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.


3. Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой

Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй. Тиймээс цаашид гарах сөрөг үр дагаврыг бодож, гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсох хэрэгтэй.


4. Олон нийтийн газар бүү сонс

Чихэвчний хөгжим сонссоноор орчноо мэдрэхгүй хайнга болж, осол аваарт өртөх эрсдэлтэй. Учир нь анхаарлыг чинь сарниулдаг. Тиймээс гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр өнгөрөхдөө чихэвчгүй гарах хэрэгтэй. Япон улсад авто замаар чихэвчтэй явж байгаад авто замын осолд орвол тухайн хүний буруу гэж хуульчилсан байдаг. Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Эхлээд та бүхэн тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай. Хэрэв та хүчээр ч хамаагүй өөрийгөө нам хөгжимд дасгавал удалгүй муу зуршлаа хаях болно.

ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1,1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь, 1994 онд Америкийн өсвөр насныхны 3,5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ энэ явдалтай тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадахыг зөвлөжээ.