Хавар болохоор чихээр хатгуулж, хоолой өвдөж зовуурилан, ядаргаанаас үүдэлтэй чих шуугих, харшлаас болж хамар битүүрэх зэрэг олон асуудал тулгардаг. Энэ үед яах ёстой талаар Чих хамар хоолой, Толгой хүзүүний мэс заслын эмч, Анагаах ухааны магистр З.Энхтүвшинmэй ярилцлаа.


-Хавар болохоор даарч болохгүй, дулаан хувцасла гэдэг. Доороосоо даарахаар  яагаад чих, хоолой өвддөг шалтгааныг тайлбарлаж өгөөч?

- Хүний  чих, хамрыг холбодог нарийн гуурсны тусламжтай чихний дотор хөндийн даралт тэнцвэртэй байдаг. Ингэснээр дуу чимээг хэвийн сонсдог юм. Харин хүн хэт даарснаас дархлаа сулрахаар амны хөндийд нян бактери үржиж амьсгалын дээд зам үрэвсэнэ. Ийм үед чихний дотор хөндийн даралт ихсэж чихээр хатгуулж эхэлдэг.

Зарим хүн халуун шар тос, шингэнээ дусаавал зүгээр болно гэх мэт ам дамжсан ярианд итгэж улам бохирдуулж нян бактери үржих нөхцлийг бүрдүүлдэг. Энэ мэт дур мэдэн эмчилгээ хийснээс эдээлүүлж цочмог үрэвсэл үүсгэчихсэн эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй.

Харин хоолойн үрэвсэл үүсгэх олон шалтгаан бий. Үүний нэг нь амны хөндийн ариун цэвэр сахидаггүйтэй холбоотой. Тухайлбал шүд цооролттой, хорхойтчихсон хэрнээ эмчлэхгүй бол аман доторх нян бактериуд үржиж үрэвсэл үүсгэх чадвартай болдог.


-Хүмүүс наад захын мэдлэггүйгээс жижиг зүйлсийг ч хүндрүүлдэг гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярьвал?

- Чихний дотор хөндийд нүүрний арьсны үргэлжлэл бий. Тэгэхээр уг хөндий дотор арьснаас ялгардаг хөлс тос, үхэжсэн арьсны эд, шар үс, гадны тоос шороо нийлж хулхи үүсдэг. Хулхийг цэвэрлэхгүй удсанаас болж хэмжээ нь томорч, хатуурч чихний хөндийг өвтгөх тохиолдол ч бий. Ийм үед заавал эмчид хандан тусгай багажаар авахуулах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр хулхи чихний дотор хөндийг гадны өвчин үүсгэгч нянгаас хамгаалдаг. Гэтэл ойр ойрхон цэвэрлэж ухах нь ч гэмтэй. Зарим хүмүүс чихээ загантах үед нь бохир гараар эсвэл шүдэнзний модоор ухахаад арьсыг нь гэмтээж бохирдуулдаг. Бохирдлоос үрэвсэл үүсч хатиг болох нь ч бий. Ингэж хүндрүүлж ирдэг өвчтөнүүд олон бий.

 

-Тэгвэл хүмүүс чихээ ухахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Чих ухагч төмөр халбага, шүдэнзний модоор ухахаас татгалгалз. Тэр дундаа өөрөө өөрийнхөө чихийг төмрөөр ухахгүй байвал зүгээр. Энэ ариун цэврийн хувьд  болоод аюулгүй байдалд муу. Нэг л удаа санамсаргүй хальт дарахад хэнгэрэгийн хальсаа цоолчихож мэднэ.

Ер нь чихээ долоо хоногтоо нэг удаа усанд орсны дараа хөвөнтэй модоор цэвэрлэвэл тохиромжтой. Чихний суваг норж, чийгтэй болсон үед нь хөвөнгөө эргүүлж, хулхийг наалдуулан авах хамгийн энгийн арга.

Чихэнд нь хий дүнгэнээ сонсогдох үед мэдрэмтгий болж, ажлын бүтээмж буурдаг


Хавар болохоор хүмүүст чих дүнгэнэж сонсох чадамж нь буурах тохиолдол гардаг. Энэ юутай холбоотой вэ?

-Мэргэжлийн эмч нар үүнийг чихний шуугиан гэж нэрлэдэг. Сонсогдох байдлаар нь дүнгэнээ, эсгэрээ гээд янз бүрээр ангилж ч үздэг. Ийн чихэнд сонсогдох хэвийн бус чимээг үүсэх нөхцөлөөр нь нэгдүгээрт, чихний дотор хөндий дэх судас,эдийн гэмтлээс үүдэлтэй чимээ. Хоёрдугаарт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл санааны байдлын нөлөөтэй. Ямар нэг чимээ сонсогдож байгаа мэт мэдрэмж төрөх буюу хий дуу чимээ гэж хуваадаг. 

Мөн чих зөвхөн хавар болохоор л шуугидаггүй. Улирал харгалзахгүй урт хугацаанд, тасралтгүй шуугидаг хүн ч бий. Ихэнхдээ хавар тохиолдож байвал мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй байх нь түгээмэл. Учир нь монголчууд өвлийн давахыг тулд  их энерги зарцуулдаг. Тиймдээ ч бие нь ядарч, стресст сульддаг.

 

-Тэгэхээр ядарснаас болж чих шуугих үед хий чимээ сонсогддог байх нь?

- Ямар нэгэн чимээ гарч байгаа юм шиг мэдрэмж төрөх нь тухайн хүний бие, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байна. Хэт их шуугиантай газар ажилладаг хүн байнга сонссоор байгаад чихэнд нь үргэлж дуулдах, ядарч сульдсан үед чих нь дүнгэнэдэг. Ийм мэдрэмж авсан хүн улам бүр түгшиж, сэтгэл санаа нь мэдрэмтгий болсноор ажлын бүтээмж нь багасч, нойргүйтэж эхэлдэг. Эргээд нойргүйдлээсээ үүссэн ядаргаа болж чихний сонсголд нөлөөлөх нь бий.

Сүүлийн үеийн сонсголын аппарат ийм чимээний эсрэг тайвшруулах аятай болсон. Аппаратнаас гарах дууг сонccоноор анхаарал нь сарниж тайширдаг. Тэгэхээр чихэнд нь хий чимээ сонсогдож байгаа бол аль болох өөрийгөө тайвшруулж анхаарлаа өөр зүйлд хандуулж байх хэрэгтэй. Чихэнд сонстох шуугианыг бүрэн эмчилж эдгээдэг аргыг хараахан олоогүй байна.


- Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Чихний шуугиан нь насжилтаас шалтгаалсан өвчлөлүүд нөлөөлөх нь ч бий. Иймд чихний шуугианаас сэргийлэхийн тулд  чанга дуу чимээ сонсохоо эртнээс болих хэрэгтэй. Байнга чанга дуу чимээ сонссоноос чихний булчин ядарч, судас нарийсан, цусан хангамж багасдаг.

Ийм үед хэрэгжүүлж болох энгийн дадал бол 60/60-ийн дүрэм юм. Энэ нь чихэвчээр сонсох үедээ дууны хэмжээг 60 хувиас хэтрүүлэлгүй, нэг удаа сонсохдоо 60 минутаас бага хугацаанд сонсож чихээ амрааж байхыг хэлнэ. Ингэж хэвшивэл  чихний шуугианаас бүрэн сэргийлэх боломжтой.  


Харшлаа эмчлэх гэж сонссон бүхнээ туршиж үзэхийн оронд...


-Харшлаас үүдэлтэй хамар битүүрэх үед ямар арга хэрэглэх нь үр дүнтэй вэ?

-Хүмүүсийн дунд хамар битүүрэлтэй холбоотой нэг буруу ойлголт бий. Тэр нь харшил хөдлөхөөр нус гарахгүйгээс болоод хамар битүүрч байна гэж боддог. Үнэндээ харшил хөдлөхөөр хамарны салстны хялгасан судсууд үрэвсэж хэмжээгээ тэлж хавантдаг. Үүнээс болж хамар битүүрч амьсгалахад төвөгтэй болно. Хамрын цацлага нь хаванг буулгаж хялгасан судсуудыг тэлүүлж амьсгал чөлөөлөх үүрэгтэй. Тиймээс хамар битүүрч амьсгалах боломжгүй үед цацлага хамгийн үр дүнтэй арга юм.  

Хамрын битүүрэл удаан хугацаанд үргэлжлэхээр хамрын жижиг дайвар хөндийд агаар орохоо больдог. Тэгээд хөндийд үрэвсэл үүсч, эдээ хурж хүмүүсийн мэддэгээр хамрын гамрит (гайморит) үүсдэг. Тиймээс хамрын битүүрлийг бага дээр нь зогсоож эмчлэх хэрэгтэй.


-Сүүлийн үед харшлын эсрэг  янз бүрийн наалт зарагдах болсон. Иймхүү наалт харшилын эсрэг үр дүнтэй байж чаддаг уу?

-Харшилийг энгийнээр тайлбарлавал дархлааны хэт мэдрэгшил юм. Харшлын эсрэг наалтны гол нөлөө нь дархлааг зохицуулдаг. Энэ нь харшил эдгээж, эмчилчихлээ гэсэн үг бишээ. Одоогоор наалттны тусламжтайгаар эдгэж, эмчлэгдсэн тохиолдол байхгүй. 

Тиймд харшлыг эмчлэх гэж сонссон бүхнээ туршиж үзэхийн оронд тухайн харшил үүсгэгчээс хол байх нь харшлаас сэргийлэх хамгийн зохистой арга.

Тухайлбал, тоосны харшилтай бол хуурай орчноос зайлсхийх. Манай орны хувьд гадаад орчны хуурайшилт ихтэй учраас гэр, ажлын байраа тогтмол чийгтэй цэвэрлэдэг байвал зохилтой. 


-Хуурайшилттай нөхцөлд ам, хамрын хөндийг зөв арчилах арга гэж байдаг уу? 

-Хувь хүний өдөр тутамдаа хийдэг, насан туршдаа хэрэгжүүлбэл зохих дадал бий. Тухайлбал өдөрт нэг амны халбага оливийн тос уудаг болох нь  хоолой хуурайшихаас сэргийлэх энгийн арга. Мөн оройдоо хамарт хуримтлагдсан тоос, бохирдлыг арчиж цэвэрлэсний дараа оливийн тос хөвөнд шингээж хэсэг хугацаанд хамартаа байлгавал хамрыг хуурайшилт, бохирдлоос хамгаалж байгаа хэрэг юм.