Коронавирустэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр 130.206 иргэн орж ирсэн. Үүнээс 8804 иргэнийг гадаад улсаас зохион байгуулалттай татаж авсан. Тодруулбал, 15 удаагийн тусгай нислэгээр 3315 хүн, төмөр зам, автозам, явганаар нийт 5007 хүн улсын хилээр орж ирсэн. Сүүлийн долоо хоногт ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомтоор болон Турк улсаас, өнөөдөр Энэтхэгээс ирсэн гээд нийт 1070 хүнийг Монгол Улсдаа татан авлаа. 

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10.761 иргэн Монгол Улса ирэх хүсэлтээ ирүүлсэн. Үүнд бага насны хүүхэдтэй 1611 хүн, эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн, өндөр настан 869, жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй явсан 337, тухайн улсдаа байрлах газаргүй болсон 158 хүн, оюутан 2818, санхүүгийн хүндрэлтэй болсон 1002, хүүхэд 358, бусад шалтгаантай 3000 гаруй хүн байна. 

Бид гадаад улс дахь Элчин сайдын яам болон Консулын газруудаараа дамжуулан эдгээр хүмүүсийн судалгааг гаргуулж авсан. Татан авалтаар ирсэн хүмүүсийг нийт 27 газар тусгаарласан. Одоо 2029 хүн тусгаарлах байранд байна. 

Улсын онцгой комисс болон Шадар сайдын зүгээс ОХУ-аас ойрын хугацаанд оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн судалж, төлөвлөгөөтэй зохион байгуулах чиглэл өгсөн. Өдөр нь тодорхой болоогүй байна. Мөн Энэтхэг рүү дахин нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Өдрийг нь мөн тодорхой болгоогүй байна. Монгол Улсынхаа нөхцөл байдал, хүлээн авах чадамжид тулгуурлан дараагийн нислэгийг үйлдэнэ. 

Мөн БНХАУ-аас тодорхой тооны хүмүүс эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн. Элчин сайдын яамнаас нэрсийг нь ирүүлсэн. Ойрын хугацаанд тэднийг Замын-Үүд боомтоор татан авч, тусгаарлана. 

Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг цаашид тасралтгүй хийнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээлээ.