Х.Оргил
04 сарын 26, 2021
“Бусдыг мэдэрч ойлгох“ модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн зөвлөх, Жон Хопкинсоны их сургуулийн зөвлөх мэргэжилтэн, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу С.Энхтуяа, Ч.Байгалмаа нар сайжруулан боловсруулж, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон Д.Баттогтох хянан тохиолдуулжээ.
БУСДЫГ ОЙЛГОХ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Бусдыг мэдэрч ойлгох гэдэг нь аливаа нэг нөхцөл байдал өөр хүний хувьд ямар байхыг ойлгож, мэдрэх чадвар юм. Энэ чадварт өөрийн үйл хөдлөлийн үр дагавар бусдад хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзэж, мөн бусдад тохиолдсон таагүй зүйл болон бэрхшээлтэй асуудлыг төсөөлөн ойлгож, бусдын сэтгэл хөдлөлд анхаарал тавих чадвар багтдаг.
Товчоор хэлбэл, энэ нь бусдын нөхцөл байдал, мэдрэмжийг гүнээ ойлгох чадвар юм.
Хувь хүний түвшинд үзвэл бусдыг мэдэрч ойлгох чадварыг төлөвшүүлэх нь хүмүүс хоорондоо холбоо тогтоох, тогтоосон харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тустай байдаг. Энэ чадвар нь хүмүүст бусадтай тогтоосон харилцаа холбоогоо илүү мэдрэмжтэйгээр зохицуулах боломж олгож, ингэснээр эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг илүүтэй харгалзан үздэг болно.
Нийгмийн түвшинд үзвэл, энэхүү чадвар нь ялгаварлах үзэл, ялгаварлан гадуурхах зэрэг сөрөг үнэлэмж, бүрхэг төсөөлөл, үл итгэх байдлаас урган гардаг нийгмийн олон асуудлаас сэргийлэхэд чухал үүрэгтэй.
Ийм чадвар төлөвшсөн нийгэмд хүн бүр, бүлэг бүр адил тэгш байхыг хүсдэг гэдгийг гишүүд нь ойлгосон байдаг.
Бусдыг мэдэрч ойлгох чадварыг үнэлж дэмждэг нийгэмд хүмүүс бие биедээ тусалж дэмждэг ба тэд яс үндэс, арьсны өнгө, нас хүйс, шашин шүтлэгийн болон бусад зүйлсээр хүмүүсийг үл ялгаварлана.
Бичлэг үзэх:
БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Бусдыг мэдэрч ойлгох чадвартай байх нь хүн төрөлхтний ялгааг хүндэтгэн үзэх амьдрах ухааны нэгэн маш чухал чадвар юм. Ийм чадвартай хүмүүс бусдад илүү таалагдаж, илүү хүндлэгддэг. Тэд орчин тойронтойгоо илүү зохицож амьдрах чадвартай байдаг. Энэ чадвар бидэнд өөр өөр үзэл бодлыг хүндэтгэж сурах, өдөр өдрөөр хувьсан даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд чухал шинэ санаа, чадварт нээлттэй байх боломж олгодог. Энэ чадвар сул буюу бусдын байр суурь, мэдрэмжийг ойлгодоггүй хүмүүсийн амьдрал ямар нэгэн байдлаар хязгаарлагдмал байдаг. Ийм хүмүүс бусдын амьдралыг ойлгоход бэрхшээлтэй учрах бөгөөд улмаар энэ нь өөрсдийн хайрлаж халамжилдаг хүмүүстээ утга учиртай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд нь сөргөөр нөлөөлдөг.
Эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл бодол, мэдрэмжийг бүрэн гүйцэд харгалзан үздэггүйн улмаас нийгмийн харилцааг зохицуулах, түүнийг урьдчилан харахад бэрхшээлтэй учирдаг. Энэ чадварыг эзэмшээгүйн улмаас шинэ үзэл санаа, бусад үзэл бодол, хүмүүсээс тусгаарласан хана хэрэм бий болгож, ялгаварлан гадуурхах явдал нэмэгддэг. Нөгөө талаар, бусдыг ойлгодог хүмүүс үе тэнгийнхнийхээ итгэлийг олох, тэдэнтэй нөхөрлөх, хэлхээ холбоо бий болгох зэрэг давуу талтай.
Ийм чадвартай хүнд үе тэнгийнхэн нь болон удирдах албаныхан илүү талтай байх ба тэд удирдагч болох магадлал өндөртэй.
Бусдыг ойлгох чадвартай байснаар аливаа хүн бусадтайгаа ямагт харилцан хамааралтай байдгийг ойлгож, өөртөө итгэлтэй байдаг. Энэ модулийн үндсэн зорилгын нэг нь нинжин сэтгэлтэй байх буюу бусдыг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж чадах чадварыг хөгжүүлэх явдал юм. Үүнийг судалснаар бүлэг хоорондын ялгааг илүү хялбараар даван туулах аргыг мэддэг болно.
Ингэснээр ертөнцийн олон янзын өнгө төрх, ялгаатай байдлын давуу талын ашиг тусыг мэдэрч, өөр өөр бүлэг, гарал үүсэл бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах үед учирч болзошгүй зөрчилдөөнийг багасгах боломжтой.
Бусдыг мэдэрч ойлгох чадварыг эзэмшүүлэхийн тулд суралцагчдын онцлог, ялгаатай байдлыг хэрхэн харгалзан үзэх вэ?
Бусдыг мэдэрч ойлгох чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн онцлогийг харгалзан үзэх нь чухал. Тухайлбал, тодорхой насны түвшинд бусдыг мэдэрч ойлгох чадварыг эзэмшихэд нь тухайн хүний амьдарч буй нөхцөл байдал, орчин ямар байгаагаас шалтгаалан сургалтад хэрэглэх арга барил өөр өөр байж болох юм.
15-18 насныхны хувьд үе тэнгийнхэн, найз нөхдийгөө ойлгож мэдрэх нь чухал бол 23-35 насныхны хувьд үр хүүхэд, хамтран ажиллагч болон бусад хүмүүсийг хэрхэн мэдэрч ойлгох талаар бодитой оновчтой дасгал, жишээ ашиглах хэрэгтэй.
Мөн 15-18 насны хөвгүүдэд бусдыг мэдэрч ойлгох чадвараа илэрхийлэхэд амаргүй байдгийг бодолцоорой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тухайн сургалтад хэрхэн зохион байгуулж оролцуулах талаар нухацтай төлөвлөөрөй.
Тэдний зарим өмнө нь үзсэн ялгаварлалаас болоод өөрийгөө жирийн хүмүүсээс ялгаатайг сөргөөр хүлээн авч нийгэмшиж чаддаггүй. Ийм хүүхдүүдийг оролцуулж, сургалтыг зөв зохион байгуулж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөв ойлгож хүлээн авахад нь жирийн хүүхэд, залууст хэрэгтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус ч өөртэй итгэлтэй болоход тустай. Мөн хот хөдөөгийн хүүхэд залуучууд, хувийн зан төлвийн онцлог (бүрэг ичимхий, хэт нүүрэмхий гэх мэт) зэргийг тооцоолох шаардлагатай.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.