Сүүлчийн уулзалт. 

2018 он. Намар оройхон байсан санагдана. Гачууртад бидний хэдэн залуусыг хүлээж аваад, хээрийн хоолоор дайлж цайлангаа нөхөртэйгөө яаж гэр бүл болсноо, зуслангийн байшин бас пийшэнгээ яаж барьснаа инээмсэглэн намуухан ярьж байсан сан. Арван жилийн нэг ангийн хоёр аль эрт суусан болохоор яагаа ч үгүй эмээ өвөө болчихсон гэхэд нэг л итгэмээргүй санагдаж билээ. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд цөөн саналын зөрүүгээр ялагдсан болохоор дараагийн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн төсөөлөлтэй байсан үе л дээ. Гэтэл улс төрийн карьераа зогсоож, цаашид системийн судалгаа, ном бүтээл дээр ажиллана гэхийг сонсоод нэг их урамгүй санагдаж билээ. 

Учир нь М.Батчимэг бол олон улс судлалын салбартаа танигдсан мэргэшсэн судлаач шинжээч, дээр нь мэргэжлийн улс төрч. УИХ-ын гишүүн байх хугацаандаа "Монгол хэлний тухай хууль", "Тамхины хяналтын тухай хууль", "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль", "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль" гээд нийгмийн амьдралд тулгамдаж ирсэн дархан хуулиудыг санаачилж, боловсруулж, сайжруулж, батлуулж чадсан.

Түүн шиг эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв, чигч, холч бодлоготой, гол нь мэргэжлийн улс төрч манай хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын бүх цаг үеийн түүхэнд байгаагүй, одоо ч байхгүй гэж бат бодогддог юм. 

Олон улс судлалын салбарыг сонирхдогийн хувьд залуу судлаачдад зориулан хамтран орчуулсан, эрхлэн хэвлүүлсэн чамбай бүтээлүүдийг нь Ауруг паблишинг-аас авч уншиж, үнэхээр ясны судлаач хүн гэдгийг нь мэдэрч бахархдаг байв. 

2015 онд түүний туслахаар ажиллаж байсан бүсгүйг "Тагнуулын хэрэг"-т холбож, эгчийг сэтгэлзүйн хувьд үнэхээр хүнд цохилтод оруулж байсан санагддаг. Бүсгүй хүн улс төрд зүтгэх ерөөс амаргүй. Нийгмийн эмзэг сэдвүүд дээр нийтийн өмнө хоолой нь зангираад, нулимс нь бөмбөрчихдөг байсан нь энэ хатуу догшин нийгэмд маш том "сул тал" гэж ойрын дэмжигч дүү нар нь өвөр зуураа хэлэлцдэг л байсан. 

Тайваний тагнуулч болгох гэж, эх орноосоо урвасан болгох гэж зүйл бүрээр үзэж, улс төрөөс шахаж байсан, тэр нь ч амжилттай хэрэгжсэн гэж боддог. Бидэнтэй уулзсан тэр намар эгч тархины хавдартайгаа тэмцэж байсан юм билээ л. Хожим 2020 онд нас барсных нь дараа л мэдсэн.

Хагалгааны дараа бие нь тийм сул байсан хэрнээ л  С.Зориг агсан шиг үндэсний эрх ашгийн тухай зөндөө хөндөж ярьж байсныг санаж байна. Тэр тусмаа эрэмбэ дарааны тухай яриа нь сэтгэлд тод үлджээ.

 "Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахад эрэмбэ чухал. Ямар цаг үед аль салбарт оруулах хөрөнгийг танаж хасаж болох вэ, ямрыг нь аль ч цаг үед танаж огтоос болохгүй вэ гэдэгт эрэмбэ чухал" гэж билээ. Цар тахлын үед манай улс усан оргилуур барьж байхад эгчийн үг тархинд тас гээд ороод ирж байсан юм даг. Бас "аливаад суурьтай, судалгаатай, шинжлэх ухаанчаар хандах"-ыг тэнд цугларсан залууст дахин дахин сануулж байсан даа. М.Батчимэг эгчтэй тэгж сүүлчийн удаа уулзжээ. Уулзалт өндөрлөхийн өмнө сэтгэл хөдлөөд "Самрын гурван толгой"-гоо дуулж өгтөл хүүхэд шиг учиргүй их баярлаж хөөрч билээ.   


Анхны уулзалт. 


Монголд эмчилгээгүй гэсэн онош сонссон өвчтөнүүд ойрыг нь бодож Бээжинг бараадах нь элбэг. Тэр дундаа Цэргийн төв эмнэлэг эмчилгээний ур чадвар, техник аппарат нь сайн болохоор хэзээнээсээ л хүний хөл ихтэй.

Бээжингийн олон улсын радиод ажиллаж байхдаа эмчлүүлэхээр ирсэн цөөнгүй монголчуудад хань бараа болж байсан л. 2014 онд болов уу. Монголоос тунгалгийн булчирхайн хавдар гэсэн оноштой хүн ирсэн, очиж уулзана гэх найзыгаа дагаад яваад очтол яруу найрагч Ц.Хулан эгчийн гэр бүлийн хүн байж таарлаа. 

Зурагтаар л хардаг байсан ганган дэгжин найрагч маань яг бодитоороо янзын энгийн яриа хөөрөөтэй, эр нөхөртөө хайр халамжтай жирийн л "эхнэр" дүртэй хүн байв.

Тэр өдөр эмч нартай нь уулзаж, ойр зуурхан туслаад маргааш нь хийдэд эргэл мөргөл хийхээр цаг болзлоо. Уг нь эмч нар өвчтөнийг эмнэлгээс гарах нь битгий хэл орноосоо ч бууж болохгүй гэж хатуу сануулж байсан л даа. Бээжин хотын төвд Найралт найрамдах сүм гэж 100 гаруй монгол лам шавилан суудаг, байнгын уншлагатай том хийд байдаг. Хийдийн хойнохон Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын жанч халсан сүм байдаг гэж дуулснаас яг хаана байдгийг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Өндөр богдын үед ч байсан тийм л эртний хийд юм билээ. 

Өдрийн эмчилгээ дууссаны дараа эгч нөхрийнхөө хөл гарыг тосолж өгөнгөө Халхын хөх өвгөдийн эртний хууч домгуудыг ном уншиж байхтай адил тод яруу өгүүлэхийг сонсоод би ч бүр биширч гүйцсэн юм даг. Эх орон, элгэн садандаа хайртай шүлэгчийг эр нөхрөө байн байн эвийлж, хөл гарыг нь барьж өгөх эхнэр нэрт эгэл хүний дүрээр анх олж харсан нь тэр. 

Эгчийг бие засах өрөө рүү ухасхийх хооронд нөхөр нь "Миний дүү эгчээсээ их зүйл сураарай. Ээ дээ, эрдэмтэй хүн шүү. Сурах зүйл их бий" гэж магтахад нь сэтгэл өөрийн эрхгүй хөөрөөд ирж билээ. Маргааш нь үүрийн 4 цагт өвчтөнийг тэргэнцэр дээр суулгаж, хөлийг нь хөнжлөөр хучаад хийд дээр дагуулаад иржээ. Ямар ном уншиж байсныг нь мэдэхгүй ч Гүмбүм хийдийн ая дангаар уншиж байна гэж хэн нэгэн хүн хэлэхийг сонсов. Аялагчдын хөл үймээн эхлэх хараахан болоогүй байсан болохоор лам нарын ном унших нь нүргэлэх шиг сонсогдож билээ. Хурлын дараа хийдийн дархан хамба Түвдэн ламд бараалхав. Түвдэн хамба болбоос Ордос нутгаас тодорсон монгол гэгээн. Тэр үед лам 90 гаруй настай байсан, одоо 100 хол давсан байх.

Өвгөн лам нүд нь юм үзэхгүй шахам боловч ухаан саруул, хэл яруу. Монголоос очсон өвчтэй зовлонтой мөн ч олон хүний сэтгэлийг анагаасан ачтай. Ерөөл тавьж, рашаан утлага өгөхөд нь эгчийн сэтгэл цэлмээд ирсэн шиг санагдсан. Монголоос очсон хүмүүстэй хамт дархан хамбад би хэд хэдэн удаа золгоод авсан юм даг.

Дараа өдөр нь ахын бие илэрхий сайжраад ирлээ. Өө бас болоогүй ээ, Цэргийн төв эмнэлгийн шинжилгээний хариу гартал өвчний онош нь Монголоос сонссон шиг тийм айхтар биш болж таарав. Бөөн баяр. Ингэж л анх Ц.Хулан найрагчтай нүүр тулан уулзаж байлаа. 


ҮНЭНИЙ ДУУЧ, БУРХНЫ ЭРЭЛЧ


Хүн үхэлтэй ойрхон байх үедээ үнэнд ойрхон байдаг. Би ингэж л боддог. Миний мэдэх М.Батчимэг агсан, Ц.Хулан найрагч аль аль нь үнэнд ойрхон байх үедээ Монгол эх орноо зулайн чандмань болгосон тийм л хүмүүс санагдсан даа. 

Хэн ч биш, юу ч биш над мэтэд ихэрхэж цэцэрхэх ямар ч шаардлагагүй болохоор би мэдрэмжиндээ итгэлтэй. "Монгол хэл, бичгээ үгүйсгэх нь хатуугаар хэлбэл ухамсрын доройтол" гэж М.Батчимэг агсан УИХ-ын гишүүн байхдаа Монгол хэлний тухай хуулийг санаачлан, батлуулах гэж үхэн хатан явахдаа зоригтой хэлж байсаан. Ц.Хулан эгчийн тухайд өчигдөр зохиолч Догмид ах "Эх орноосоо урвасан яруу найрагч дэлхийн түүхэнд ганц ч байхгүй" гэж хэлсэн үг яагаад ч юм өдөржин сэтгэлд уяатай байсан болохоор дурсамжаа сийрүүлж бичье гэж шийдсэн юм. 

Энэ хоёр бүсгүй өөр цаг үед боловч аль аль нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Гайхаад баршгүй нь, аль аль нь Эрүүгийн хуулийн 19.4-ийн 1 дүгээр заалт буюу "гадаадын тагнуултай хамтран ажилласан" хэрэгтэй дам болон шууд холбогджээ. 

М.Батчимэг гишүүний туслах бүсгүйг дээрх заалтаар 8 жилээр яллаж, "Тайваний тагнуул" гэсэн нэр хоч өгөн, сошиалаар сайн сэвсэний балаг нь өнөө ч арилалгүй, үй түмэн хүн буруутгаж яллах нь сэтгэл сэрдхийлгэх юм. Ухаалаг даруухан, залуухан тайвуухан явсан эгчийн цаг бусын өвчин бас үхэлд тагнуул чагнуулын гэх хэрэг их багаар нөлөөлсөн гэж боддог юм, нуулгүй хэлэхэд.

Өчигдөр Ц.Хулан найрагч мөн заалтаар 9.6 жилээр яллагдлаа. Шүүх дөрвөн өдөр хуралдсаны эцэст улс маань 159 сая төгрөгөөр хохирсныг Ц.Хулангаас албадан гаргуулах болсон юм байна. "Шинэ тодорсон Богдыг эсэргүүцсэн" гэдэг бол жинхэнэ үндэслэл биш санагдана. Харин ч Ц.Хулангийн ил цагаан ярьсан ганц дүрс бичлэгийг өмнөө барьж олон нийтийг хагалах бутаргах, талцуулах өөр нэгэн ажиллагаа яваад байх шиг ээ.


Ц.Хулан эгч уг нь номд сүсэгтэй, шашинд итгэлтэй л хүн. Ингэж шүлэглэдэг "бурхны эрэлчин"-д эх орноо арилжих хэрэг гарна гэж үү? Залбирч л сууя даа. 


БУРХАН БИД ХОЁР НУУГДАЖ ТОГЛОСОН

Бурхан бид хоёр нуугдаж тоглосон

Эхлээд тэр намайг ээжийн минь энгэр дээрээс олчихсон

Сул асгадаг цагаан сүүгээр сувдан эрх хэлхэж,

Эрхэлж алмайрч байгаад би бурханд баригдчихсан.

"Одоо намайг ол!" гэж бурхан надад хэлсэн

Олох гэж би өчнөөн жил эрсэн.

Завилж суугаа хуваргууд шиг

Замбуулингийн сүм, суваргуудыг нэгжсэн

Бурхан тэнд байгаагүй!

Зандан шоголтой судруудын мөр хооронд

Зангиа сахиусны оёдол сэмэлж би үзсэн

Бурхан тэнд байгаагүй!

Бурхан аанай л нуугдсан хэвээрээ

Бултаж хаашаа ч юм алга болдог янзаараа

Хэрвээ би нуугдахгүй гэвэл харин

Хэн нэг хайртыг минь надаас нуучихдаг болсон

Буцааж тэднийгээ олъё гэвэл чи

Бурхан намайг л эхлээд ол гэж тохуурхдаг болсон

Тэр минь, энэ минь гэдэг хамгийн хайртай хүмүүсийг ч

Тэртээ жилүүдийн цаана аваачаад хорьчихдог

Өршөөлгүй хатуу тоглоомтойд нь 

Өөр хэнд ч биш би бурханд хааяа гомддог болсон

Тэглээ гээд бурхан намайг орхидоггүй нь хачин

Тэмтрэгдэхгүй ч яг дэргэд байгаа нь мэдрэгддэг нь сонин

Хацар зурсан нулимс хатаж амжихаас өмнө

Үл үзэгдэх мутраараа арчиж өгөөд

Үүрийн туяагаар намайг шагнаж

Нарны гэрлээр адислахыг нь мэдэрдэг

Хүүхдийн инээд шиг хөөрхөн цэцгэнд тэр шургаж

Хүний дулаахан сэтгэлд бурхан нуугдаж байх шиг санагддаг

Бусдын зовлонд чийгтдэг анисганд минь хавчуулагдаж

Буян нүглийн минь дэнсийг тэмдэглэж байх шиг санагддаг

Өмссөн цамцаа тайлаад эргэж ирэхээр 

Өөрсдийгөө бид өөрчлөхөөр алсын аянд мордох

Ерийн бус өндөр босгоны цаанаас бурхнаа хайсаар л одно

Ерөөлтэй ганц л агшинд бурхнаа олохдоо л олно

Ээжийнхээ гэрэлт хэвлийд сэнтий хийж залраад 

Эргээд ирэх замбуулингийн түмэн үрчлээт магнай дээр

Будангуй цагийг тохинуулах дээдийн зарлиг дээр

Бурхнаа олсон бидний мутар тамгалахдаа л нэг тамгална

Буй биеэ танин мэдэхээс бусад эрдэм юу ч биш

Бурхан чөтгөртэй элдэв үлгэр Буддагийн дэргэд юу ч биш ээ

"Би"-ээ мартаж өрөөлийг энэрэхээс бишид авьяас юу ч биш

Хорвоогийн хамаг зовлон жаргал хоосон чанараас өөр юу ч биш

Үйлийн үрээ хөтөлж чадваас үхнэ гэдэг юу ч биш

Замбуулинд амьдарч явахад залбирахаас бусад нь юу ч биш

Хэргийн үнэн мөн тодрох болоосой. Хичээгээрэй.

Яруу найрагч Ц.Хулан