AMC телевизийн олон ангит бүтээл Breaking Bad-ийн сүүлчийн анги болох “Felina”-д Уолтер Уайт амьсгал хурааж, Жесси амьд үлдсэн. Эргэн сануулахад, Уолтер залуу хамтрагч Жессиг аврахаар пулемёт машины ард угсарч автомат тохиргоонд тохируулдаг. Гэвч хэдэн минут шүршсэн бууны суманд оногдож удалгүй таалал төгсөж Жесси амьд үлдсэн нь түүхийг үргэлжлүүлэх шалтгаан болсон бололтой. 

Энэ намар El Camino: A Breaking Bad Movie нэртэй өнгөрсөн цувралд суурилсан бүрэн хэмжээний кино нээлтээ хийх гэж байна. Breaking Bad болон Better Call Saul цуврал нь Netflix стрийминг сервист маш өндөр хандалт авсан. Иймд нээлтээ ч уг сувгаар дамжуулах болсон ажээ. 

Breaking Bad-ийн хаалтын ангид Жесси буюу химийн багш Уолтерын шавь асан хар тамхины бүлэглэлд барьцаалагдан гинжлүүлж, хүчээр хар тамхи хийж буйг харуулдаг. Уолтер түүнийг олж суллахад Жесси нар жаргаж буй зүг зугтааж, нэрт W.W. Уолтер Уайт сумны шархнаас болж метамфетамины лабораторидоо амьсгал хураасан. Netflix-ийн мэдэгдсэнээр El Camino нь тодорхойгүй үлдсэн асуултын хариулт болох ажээ. Жишээлбэл, Жесси шинэ ирээдүй бүтээхийн тулд өнгөрсөнтэйгөө тэмцэх хэрэг гарсан байх. Ямар саад бэрхшээлийг давж, хэнтэй нүүр тулсан бол гэх мэт олон асуулт уг цувралыг шимтэн үзэгчдэд үлдсэн билээ. 

Өмнөх цувралыг бүтээсэн Винс Гиллиган энэ удаад мөн л El Camino-гийн зохиолыг бичиж, найруулжээ. Жессигийн дүрийг жүжигчин Ээрон Пол бүтээнэ, бусад дүрийг одоогоор зарлаагүй байна. 

Breaking Bad-ийн бүрэн хэмжээний кино гарна гэдэгт одоо ч итгэхгүй байна уу? Тэгвэл Netflix-ээ Аравдугаар сарын 11-нд шалгаж үзээрэй.