БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Эво Моралес ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсны дараа эх орноосоо явсан Боливын Гадаад хэргийн сайд асан Диего Пари ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ хангахаар эх орондоо эргэн иржээ. Энэ тухай Боливын “El Deber” сонин мэдээлжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцохыг санал болгосон олон нийтийн байгууллагад талархаж байгаагаа Пари илэрхийлсэн байна. Төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх хамгийн боломжтой нэр дэвшигчдийн нэгээр Париг тодорхойлж байснаа Э.Моралес өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүнчлэн боломжтой нэр дэвшигчдээр тэрбээр Гадаад хэргийн сайд асан Давид Чокеуанку, Эдийн засгийн сайд асан Луис Арсе, парламентын дээд танхимын дарга асан Адриану Сальватьерру нарыг нэрлэсэн байна.

Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр, тухайн үед ерөнхийлөгч байсан Моралес олонхийн саналыг авсан юм. Үүний дараа Моралес сонгуульд ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа түүний гол өрсөлдөгч Карлос Меса мэдэгдсэн юм. Санал хураалтын дүнг зарласны дараа Моралесыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан зохион байгуулж, Боливид эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг