"Монгол Улсын хоёр иргэн БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан" гэж БНСУ-ын зарим сайт өчигдөр орой мэдээлснийг манай улсын зарим иргэн, сайт орчуулан хүргэж байна.

Тус мэдээлэлд "БНСУ-ын Өвчний хяналтын төвийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна. Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна" гэжээ.


Уг мэдээллийн талаар Улсын онцгой комисс /УОК/-оос дөнгөж сая /00 цаг 15 минут/ дараах тайлбарыг өглөө.

"Монгол Улсын хоёр иргэн БНСУ-д Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. 

БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо. 

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна" хэмээлээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс