Хүн төрөлхтөн жил бүр байгалийн жамаар нөхөн төлжиж байдаг нийт нөөцөөс 1.6 дахин их хэрэгцээтэй байгаа тул дэлхийн дулаарлын эсрэг тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд бид БНХАУ-ын газар нутгийн хэмжээтэй дүйцэхүйц экосистемийн бүс нутгийг онгоноор нь хадгалж үлдэх хэрэгтэй ажээ.

БНХАУ-ын нийт газар нутаг 9,595,096 кв.км бол НҮБ-ын хэлж байгаагаар 2030 он гэхэд нийт 9,995,735 кв.км хэмжээтэй биологийн тархац бүхий газар хэрэгтэй байгаа гэнэ. 

Мөн бид тэнгис далайд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг ч дурдсан бөгөөд хэрэв тэнгис, далай, хуурай газраас 350 гектар газрыг онгон дагшинаар нь үлдээж чадвал агаар мандлаас 26 гига тонн хүлэмжийн хий арилах юм. 

Энэ сарын 5-ны өдөр буюу Бямба гарагт Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байгаа ба энэхүү мэдэгдэл нь НҮБ-ын Экосистемийг нөхөн сэргээх төслийн хүрээнд хийгдэж байгаа нэг ажил хэмээжээ. 

Тэгвэл тус төслийн удирдагч Тим Кристоферсен The Guardian хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Улс орнууд байгаль орчны нөхөн сэргээлтийг дэд бүтцэдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах учиртай. Бидэнд төсөөлөн бодох чадвар хэрэгтэй байна. Маш олон хүний хувьд хэдэн тэрбум гектараар хэмжигдэх газрын нөхөн сэргээнэ гэдэг хэт хөөсөрсөн харагдаж байж болох юм. 

Бидэнд байгаль орчноо нөхөн сэргээж байсан маш их туршлага байдаг ч одоогийн яриад байгаа хэмжээндээ хүрч чадаагүй байна. Бид сансарт гарч, цөмийн зэвсэг бүтээж байхад нөхөн сэргээлтийн ажил боломжтой л байх учиртай. 

Гэхдээ энэ төрлийн маш өргөн талбай бүхий нөхөн сэргээлт хийгдэж байсан нь тун ховор. БНХАУ болоод Бразил дахь Атлантын ойг сэргээж байсан түүх байдаг ч одоогийн бидний нөхөн сэргэх шаардлагатай хэмжээгээр сэргээлт хийж байсан туршлага хомс юм” гэжээ.

Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны программын гүйцэтгэх захирал Ингер Андерсен энэхүү ажлыг гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ч хэлжээ. Тэрээр, “Мэдээж бэрхшээл их байх боловч зөвхөн тэдгээрт л анхаараад байвал итгэл найдвараа алдах шиг амархан зүйл байхгүй шүү дээ. Хүмүүс бид л уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэсэн учир хийсэн алдаагаа засах боломж байж л таараа. 

Бид дэлхийг илүү сайхан орчин болгоход бусдыгаа уриалж, томоохон үйл хэрэг болгосон эхний үе болж ч болох шүү дээ. Бид дэлхийгээ нөхөн сэргээснээр зөвхөн амьтад болоод ургамал ногоог аврах гээд байгаа юм биш, энэ бол бидний өөрсдийнхөө төлөө хийж байгаа зүйл. Амьдрах орчин нөхцөлөө сайжруулснаар өвчлөл багасаж, байгалийн гамшигт үзэгдлийн аюул буурдаг” гэж хэлсэн байна. 


Эх сурвалж: UNILAD