Дэлхий нийт блокчэйнийг хувьсгал хийх технологи хэмээн үзэж буй энэ үед Peak.mnмэдээллийн сайт болон “Workcentral Mongolia” хамтран "Блокчэйн хэрхэн ажилладаг вэ, ирээдүйн чиг хандлага" сэдвээр арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээний зочин маань "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг юм. Тэрбээр блокчэйн гэж юу болох, түүний өнгөрсөн одоо ирээдүй,түүнийг ашиглах боломжууд, бодит хэрэглээ, үнэ цэнийх нь талаар залууст ярьж санал бодлоо хуваалцлаа. Түүнийг яриаг сийрүүлэн хүргэж байна.



Хүн төрөлхтөн байхгүй болсон ч үлдэх зүйл нь блокчэйн

Хүн болгон машины дотоод хөдөлгүүр ямар зарчмаар ажилладаггийг мэдэхгүй. Гэхдээ машин унаж чадна. Интернэтийг ч бас цаанаа ямар горимоор хэрхэн ажилладагийг мэдэх хүн ховор ч бүгд хэрэглэдэг. Яг үүн шиг үнэндээ блокчэйн технологийн цаадах нарийн зүйл хүн бүхэн заавал ойлгох ёстой чухал зүйл биш ээ. Технологийн хүмүүсийн л сонирхох сэдэв байж мэднэ. Блокчэйнийг хамгийн энгийнээр хэлбэл гүйлгээ бүртгэгддэг тархмал цахим систем юм. Тархмал гэдгийг давуу тал нь мэдээлэл ганцхан серверт биш дэлхий даяар дата нь хадгалагддаг гэсэн үг. Бидний өнөөдөр ашиглаж байгаа төвлөрсөн сервер шиг устаж алга болох, эсвэл хэн нэгэн хүн засч өөрчилж болох боломж блокэйн технологид байхгүй нь түүний хамгийн том давуу тал. Энэ мэтээр түүнийг бодит хэрэглээ, ирээдүйд өгөх үнэ нь л хамгийн чухал. 


Тийм ч учраас уламжлалт санхүүгийн томоохон тоглогч АНУ-ын хамгийн том банк JP Morgan-ий захирал “Биткойн бол луйвар, гэхдээ блокчэйн технологи үлдэнэ, боломж нээлттэй гэж хэлсэн удаатай. Өдгөө тэрбээр блокчэйн дээр суурилсан өөрсдийн token гаргаад санхүүгийн салбарт цааш хэрэглэх гарцыг хайж байна.
Блокчэйнийг биткойноор салгаж ойлгоход бэрх.  Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог байсан бол биткойныг үнэ цэнэтэй болгодог зүйл нь хүн төрлөхтний түүхэнд байгаагүй төвлөрсөн удирдлагагүй мөнгөний систем, үүнийгээ блокчэйны ач тусаар бий болгосон.

Аль ч улс орны төв банк нь мөнгөө эдийн засагтаа тааруулж хэвлэх эрхтэй. Мэдээж асуудлаа шийдэхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэвэл ачааг нь ард иргэд л үүрдэг.  2008 онд АНУ-д болсон санхүүгийн хямралын шалтгаан нь чанаргүй их хэмжээний орон сууцны зээл гаргасантай холбоотой. Үүнээс болж америкийн 6 сая хүн ажилгүй, 3 сая  иргэн орон гэргүй болсон байдаг. Харин төвлөрсөн мөнгөний тогтолцоог барьж буй банкууд хэдэн торгууль хүлээгээд л өнгөрсөн. Засгийн газраасаа мөнгө хэвлүүлээд авчихсан учраас тэд л үүний ашгийг хүртэж байгаа хэрэг. Энэ шударга бус байдлыг, төвлөрсөн хэдхэн хүний удирдлаганд дор биш ард иргэд өөрсдөө шийдэх боломж байгааг олж харан гарч ирсэн зүйл бол биткойн.  Биткойн, криптовалют зэрэг нь блокчэйн технологийн зүгээр л нэг хэсэг нь юм. Блокчэйнээр дамжуулж биткойныг хянаж болдогоороо давуу талтай. Энгийнээр блокчэйн нь төвлөрсөн удирдлагагүй давхар зарлагадах боломжгүй анхны технологи юм. Үүнийг биткойн дээр л анх амжилттай туршсан хэрэг.

Блокчэйн гэхээр зарим хүнд хөндий хоосон зүйл мэт санагддаг. Тэгвэл хэдийнэ хүмүүсийн амьдралд нэвтрээд эхэлчихжээ. Гэхдээ төгс болоогүй. Учир нь энэ бол цоо шинэ зүйл. Утастай зүйрлэвэл дөнгөж суурин утас гарч ирж буй цаг үетэй харьцуулж болохоор. Бүх улс орнууд л үүнийг туршиж, түүний боломж бололцоон дээр хөгжүүлэлт хийж байна. Энэ технологийг дэмжихгүй байгаа улс ховор. Зарим нь хуульчилж засгийн газар нь дэмжиж хөгжихөд түлхэц өгсөөр. Ялангуяа Зүүн Европын орнууд түүчээлсээр байна. Олон улсын удирдагчдын уулзалт ч үүнийг үргэлж дурьдаж буй. Сүүлд болсон G20 уулзалтын үеэр блокчэйнийг технологи инновацийн хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. НҮБ гэхэд 2022 оноос хойш датаныхаа 20 хувийг блокчэйн дээр байрлуулах төлөвлөгөө гаргачихлаа. 

Бидний мэдэхээр энэ улс саяхныг болтол офшор данстангуудын хамгийн тааламжтай санхүүгийн бүс байв. Харин энэ боломж нь хумигдаж буй энэ үед тэд блокчэйнийг ирээдүйг цэцэглүүлэх оролдлого хийж байна. Тухайлбал Швейцарь улс хэдийнэ Zug хотод “Crypto valley” байгуулан олон улсад хууль эрх зүй, татварын орчин нь хамгийн тааламжтай бүс тогтоосноо зарлалаа.

Ингэснээр блокчэйнхөгжүүлэгчид өндөр татвар авдаг улсаас татгалзан энэ хөндийд ашиг орлогоо цэцэглүүлэх боломжийг олгочихож байгаа юм. 

Олборлолт бол гүйлгээг баталгаажуулж буй хэлбэр. Одоо цахилгаан их хэрэглэдэг компьютерийг хэрэглэдэг гэдгээрээ нүд үзүүрлэгдэж буй ч ирээдүйд энэ ажлыг зөвхөн гар утсаар ч хийх боломжтой болох юм.  Тэгэхээр хөгжихөд цаг хугацаа хэрэгтэй байх нь. Нэмж хэлэхэд криптовалют гэдэг зүйл өсөлт уналттай, сайн муу янз бүр байгаа ч блокчэйн хөгжих боломжийг бүр ч тэтгэж өгсөн нь сайшаалтай.Бид байраа зарахын тулд, түүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийн тулд хамгийн багадаа 3 хоног хүлээдэг. Лавлагаа авна, өмчлөх материал бүрдүүлнэ, өргөдөл бичнэ, нотариатийн үйлчилгээ авна гээд чирэгдэл ихтэй. Тэгвэл блокчэйнийг ашиглавал ямар нэгэн байгууллагын оролцоогүйгээр, тамга тэмдэггүйгээр энэ бүхнийг хэдхэн минутын дотор шийдэж болно. Ингэж хийж болох юм байна гэдгийг хэдийнэ дэлхий дахинд туршаад үзчихсэн. Шийдэл нь нэг блокчэйн дээр бүх мэдээллийг төвлөрүүлэхэд байгаа юм. Гүрж улс үүнийг хэдийнэ нэвтрүүлчихсэн анхны улс болжээ.

Эмнэлэгийн мэдээллийг блокчейн технологид бүртгэвэл иргэдийн асуудлыг амархан шийдчихэж болно. Эрүүл мэндийн дэвтэрээ гээсэн, цахим үнэмлэхээ орхигдуулсан аль нь ч байсан таны бүх мэдээлэл хэзээ ч устаж алга болохгүй гэсэн үг. Хурууны хээгээ уншуулахад л таны хэзээ хаана үзүүлж, эмч ямар онош тавьж байсан нь гараад ирнэ. Тэгэхээр л үүний ач тус ямар чухал болох нь танд ойлгогдох биз ээ. 

Блокчэйнийг ашиглавал үр өгөөжийг нь хамгийн түрүүн амсах нь ложистикийн салбар.  Үүний ачаар бүх зүйл цаасан дээр биш тус тусдаа платформ дээр ямар ч хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчлэх юм. “Итгэлцэл бүрдүүлэх боломж байхгүй байсан ч гүйлгээг боломжтой болгох тогтолцоо” нь одоогийн блокчэйн гэж хэлэгдэж байгаа зүйл юм.

Бизнес эрхлэгчдэд ч бас томоохон боломжийг олгож буй. Жишээ нь бараа бүтээгдэхүүн нь хулхи уу, жинхэнэ үү гэдгийг блокчэйний ачаар тун амархан мэдчихэж болно. Тухайн бүтээгдэхүүн анх хаана үйлдвэрлэгдсэнийг цүнх бол арьс нь юуных гэдэг, бараг тэр амьтан юу идэж уусан талаарх мэдээллийг ч хянах боломжтой. 

Ирээдүйд бүх эд зүйл интернэттэй холбогдоно. Үүнийг эд юмсын интернэт гэж буй. Мөн л хэдийнэ хөгжүүлээд эхэлчихсэн. Жолоочгүй машин гэдэг зүйл хэдэн жилийн өмнө зөгнөлт кинонд дээр л гардаг байлаа. Харин одоо хэдийнэ нэвтрээд эхэлчихлээ. Хөргөгчийг хүртэл интернэтэд холбож ухаалаг болгох алхам хийгдэж байна. Ухаалаг хөргөгч сүү, өндөг аль нь муудсаныг, дууссаныг автоматаар дэлгүүр рүү мэдээллэдэг. Ингэснээр эзэн авхай заавал дэлгүүр явахгүйгээр хөргөгч өөрөө дэлгүүр рүү автоматаар холбоотой дансаараа захиалга өгчихнө гэсэн үг. Дэлгүүрийн хүргэгч өндөг, сүүг нь авчирахад хаалга нэг удаагийн кодоор ороод хөргөгчинд нь өрөөд явчихаж болно. Гэрийн эзэн гар утасныхаа камераа энэ бүхнийг харж хянаж байгаа. Америкт хэдийнэ туршиж үзсэн зүйл юм. Яг энэ бүхнийг хийхэд маш том дэд бүтэц хэрэгтэй. Үүний байж болох шийдэл нь блокчэйн гэж дэлхий нийт харж буй. Учир нь блокчэйнийг хакердах боломжгүй. 

Блокчэйн дээр нэг хийгдсэн гүйлгээ хэзээ ч буцдаггүй.Гүйлгээ бүр секундээр тамгалагдаж буцалтгүй хадгалагддаг.  Хүн төрөлхтөн байхгүй болсон ч үлдэх зүйл. Хүн үхэхдээ энэ хорвоогоос юу ч авч чаддаггүй гэдэг. Харин орчин цагт бага зэрэг егөөдөж хэлбэл үхэхдээ мөнгөө биткойноо авч явж болно. Яагаад гэвэл биткойны нууц үгийг хэлэхгүй бол хэзээ ч хэн ч хэрэглэж чадахгүй. Ийм тохиолдол ч маш олон. 7500 биткойнтой нэг англи нөхөр флаш диск дээрээ нууц үгээ бичээд хадгалчихаж л дээ. Гэтэл флаш дискээ алга болгочихсон. Эрээд эрээд олоогүй. Одоо тэр английн хогийн цэг дээр флаш дискээ хайгаад явж байдаг гэнэ лээ. Энэ талаар ч та мэдээллээс олж уншсан болов уу. 

Үүнийг өгүүлсэн маань бид үүнийг амьдрал дээр ашиглахдаа хэт хатуу биш арай зөөлрүүлсэн хувилбараар ашиглаж болно гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Биткойн дээр буцдаггүй. Харин төрийн үйлчилгээг иргэдэд хялбарчилах зорилгоор технологийн шийдлээр буцдаг хэлбэрээр өөрсдөдөө зориулж хийж болох юм. 

Блокчэйний боломж ирээдүй нь зарим хүнд зөгнөлт кино шиг ч санагдаж мэдэх юм. Гэхдээ л энэ бол бодит зүйл. 30 жилийн өмнөх суурин утас хэрэглэдэг бид гадаад руу ярихын тулд төлбөр төлж цаг хугацаа алдан хүлээдэг байлаа. Харин одоо энэ зүйл ард хоцорсон. Бүгд гар утас гэгч шидэт зүйлийн ачаар хүссэн хүнтэйгээ дүрсээ харан ярьж бас банкны үйлчилгээ авч байна. Үүн шиг блокчэйний боломж хязгааргүй. Харин түүнийг мэдэрч энэ агшинд хөгжлөөс хоцрохгүй бүр түүчээлэх нь чухал юм.