Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэний эрх , эрх чөлөөг зөрчсөн сургуульд ХЭҮК-ын гишүүний Шаардлагыг хүргүүллээ. Тус шаардлагыг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байна.

Шаардлага

“...” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ... ТАНАА

Комисст хандаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суугч Э-гээс ирүүлсэн гомдолд “Миний охин Б нь 2015-2016 оны хичээлийн жилд ... буюу хуучин нэрээр “...” бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангид элсэн суралцсан юм. Тухайн жил хувийн бизнес маань дампуурч, манай гэр бүл өр төлбөрт орсны улмаас охиныхоо сургалтын төлбөр 2,5 сая төгрөгийг төлж чадахгүй болсон. Ингээд 2016 оны намар Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд охиноо шилжүүлэн суралцуулсан юм. Энэ үед “...” сургууль нь охины маань сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээг барьцаанд авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсний дараа аваарай гээд өгөөгүй. Одоо охин маань 12 дугаар ангид суралцаж байгаа боловч сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээгүй учир элсэлтийн ерөнхий шалгалтандаа бүртгүүлж чадахгүй, сурч боловсрох эрх нь зөрчигдөж байгаа талаар” дурджээ.

Комиссоос гомдлын мөрөөр гомдол гаргагч болон тус сургуулийн холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авч, гомдолд хавсаргаж ирүүлсэн баримт материалтай танилцаж, дүн шинжилгээ хийхэд тус сургууль нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг ноцтой зөрчсөн байгаа болох нь тогтоогдож байна.

Гомдолд гаргагч Э нь Комисст өгсөн тайлбартаа “Миний бизнес 2016 онд дампуурсны улмаас хүүхдийнхээ сургалтын төлбөр 2,5 сая төгрөгийг төлж чадаагүй юм. Улмаар 9 дүгээр анги төгсөхийн өмнөх 3 сар хичээлд нь явуулж чадаагүй бөгөөд энэ үед багш нар нь “Б-г төгсгөх хэрэгтэй, шалгалтыг нь өгүүл” гээд шалгалтанд оруулж 9 дүгээр ангийг нь төгсгөсөн боловч, сургууль нь суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэргийг нь өгөөгүй болно. Охин маань элсэлтийн ерөнхий шалгалтандаа бүртгүүлж чадахгүй байна. Би 2019 оны 03 дугаар сарын 15-16-ны өдөр хүнээс нэг сая төгрөг зээлж, сургууль дээр нь өгөхөөр очиход “төлбөрийн хагасыг авахгүй бүрэн төл” гээд захирал нь уулзаагүй. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөгүй нь миний буруу боловч үүнээс болж миний хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж чадахгүй, элсэлтийн ерөнхий шалгалтандаа орж чадахгүй хохирох ёсгүй. Одоо охин маань сургуулиа төгсөж чадахгүй нь гээд маш их сэтгэл санааны дарамтанд байна” гэжээ.

Гомдолд дурдсан асуудлаар “... " бүрэн дунд сургуулийн хуулийн зөвлөх н.Э-тэй 9180... дугаартай утсаар холбогдож тодруулахад “Б нь 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2,5 сая төгрөгийг төлөөгүй, тухайн хүүхдийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээг өглөө гэхэд эцэг, эх нь төлбөрөө төлнө гэх баталгаа байхгүй. Гурван жилийн хугацаанд эцэг, эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бага багаар ч боловч огт төлөөгүй. Манай сургууль нь тухайн хүүхдийн суралцсан хугацааны төлбөрийг нь гэрээний дагуу шаардах эрхтэй, ар гэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэх тайлбарыг өгчээ.

Иргэн Э нь “...” буюу хуучин нэрээр “...” бүрэн дунд сургуульд охин Б-г суралцуулахаар сургууль, эцэг эх, хүүхэдтэй “Гурвалсан гэрээ”-г 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай байгуулсан байна.

Уг гэрээний 2.4-т “Сургалтын төлбөрийг 11 сарын 1-нээс өмнө төлж дууссан байх бөгөөд хугацаанд нь өгөөгүй тохиолдолд цаашид үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болох” гэж эцэг эх, асран хамгаалагчийн эрх үүргийг тусгасан байх боловч гэрээнд сургалтын төлбөрийн талаар тодорхой тусгаагүй байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг хуульд заасны дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам”-ын 2.1-т “Суурь боловсролын стандарт хангасан суралцагчид суурь боловсролын гэрчилгээ олгоно”, мөн журмын 1.2-т “Боловсролын тухай хуулийн 9.1-т заасны дагуу гэрчилгээ, үнэмлэх нь ерөнхий боловсролын тухайн түвшний агуулгыг эзэмшсэнийг нотлон төрөөс олгож байгаа баримт бичиг мөн” гэдгийг тодорхойлжээ.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 1-т “Хүн бүр сурч боловсрох эрхтэй ... Авьяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой”, НҮБ-аас батлан гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 28 дугаар зүйлийн 1 (c)-д “Хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 7 дахь заалтад Монгол Улсын иргэн “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж иргэдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах эрхийг баталгаажуулжээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1.3-т “хүүхдийн сурч боловсрох, хөгжих ... эрхийг хязгаарласан ...” хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар тушаалын 2-т Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй, ёс зүйн аливаа зөрчил гаргахгүй ажиллахыг өмчийн бүх хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгажээ.

Тус сургууль нь 17 настай Б-ийн сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээг сургалтын төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар өгөхгүй байгаа болох нь гомдол гаргагч болон гомдолд холбогдогч “...” сургуулийн холбогдох албан тушаалтны тайлбараар нотлогдож байна. Энэ нь Б-г бүрэн дунд боловсрол эзэмшиж элсэлтийн ерөнхий шалгалтанд орох, их дээд сургуульд элсэн суралцах, боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй байдалд хүргэж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд тус сургууль нь Б-т төрөөс олгосон суурь боловсролын гэрчилгээ болон хувийн хэргийг нь сургалтын төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар өгөхгүй байгаа хууль бус үйлдлээ нэн даруй таслан зогсоож, баримт бичгийг нь олгож, түүний сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, цаашид хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шаардлага хүргүүлж байна.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Хувийг гомдол гаргагчид.

ГИШҮҮН Н.ГАНБАЯР