"Эмма” иогийн клубийн багш Батсуурийн Энхжаргалтай иогаар хичээллэхийн ач тус, онцлог болоод давуу тал, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа. 

-Миний ажигласнаар хүмүүс иогийн талаар харилцан адилгүй, их өөр өөр ойлголттой байдаг юм шиг ээ. Тухайлбал зарим хүн иога гэдэг бол их амархан хийчихдэг зүйл, бараг л хэдэн эмэгтэй өглөөд бясалгаад, залбираад сууж байдаг гэж боддог бол зарим нь маш хүнд дасгалууд хийдэг, турах зорилготой хүмүүс очдог газар гэж ойлгодог. Тэгэхээр энэ талаар тодорхой ойлголтыг хоёулаа уншигчдадаа өгье?

- Иога хийхэд дээр дурдсан зүйл бүгд хамаатай гэж ойлгож болно. Бясалгал, иога хоёр бол тусдаа зүйлс ч нэг зоосны хоёр тал юм. 

Би иогийн хичээлээ бясалгалаар эхлүүлдэг. Энэ нь бид тархи толгойгоо амраан, шинэ цэнгэг эрч хүчийг авч, оюун санаа, ухаан бодлоо цэгцэлснээр тухайн өдрийн дасгалаа эхлүүлэхэд бэлдэж байна гэсэн үг. 

Иога бол өөрөө өөрийнхөө бие махбодийг дээд зэргээр мэдрэн, амьсгалаа хөдөлгөөн бүртэйгээ нягт уялдуулан хийдгээрээ онцлогтой. Иога нь бусад хүн өнгөцхөн харахад амархан мэт санагдаж болох ч биеийнхээ бүх булчин шөрмөс, эд эсийг мэдэрч, ажиллуулж, өөрөө өөрийгөө олж авч байгаа үйл явц юм. 

Би шавь нартаа хэлдэг л дээ, өөрийнхөө дотор байгаа гадны, өвчтэй, эрч хүчгүй, энергигүй тэр хүнийг гаргаж хаяад дотор байгаа жинхэнэ өөрийгөө олж ав аа гэж. Хичээлийн эхэнд манайхан будилна аа мэдээж, аахилна уухилна, ёо ёох болно, хөл гараа олохгүй тэнцвэрээ алдаж унана, сунгалт огт байхгүй мод шиг хөшсөн байна гэх мэтээр олон л юм болно. 

Би хичээлийн үеэр ёолохыг шавь нартаа зөвшөөрдөггүй. Хэдүүлээ маш сайхан үйл хийж байгаа учраас ёолохгүй шүү, иога бол өөртөө л зориулж өөрийгөө мэдрэн хийж байгаа дасгал шүү, бүр болохгүй ядарвал өөр гоё үг хэлээрэй, зовлонтой царай битгий гаргаарай, зөв амьсгалаараа ачааллаа зохицуулаарай гэж би зөвлөдөг юм. Мэдээж турах зорилготой хүмүүс их ирнэ. 

Иогийн хувьд эхлээд биеийг галбиржуулаад, дараа нь жин хаядаг онцлогтой. Гэвч нэгэнт жингээ хаяад иогаа үргэлжлүүлэн хийсээр байгаа тохиолдолд ахиж жин нэмнэ гэсэн ойлголт байхгүй болдог. Мөн олон шалтгаанаар бие нь өвдсөн хүмүүс ирнэ ээ. 

Сүүлийн үед стресс, нойргүйдэл, жингийн илүүдэл, даралт ихтэй, тархи толгой, үе мөч өвддөг, ковидын дараах хүндрэл, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй хуян хөөрөх зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүс ихээхэн иогад явах болсон байна. Ирж буй хүмүүсээс сонсоход, эмч нар өвчтөнүүддээ иогад явахыг нэлээд зөвлөх болсон нь сайшаалтай. Эмч хүмүүс ч мөн манай клубт их хичээллэдэг. 

-Та хөдөлгөөний дутагдалтай хүмүүс их байгаа талаар хэлсэн нь анхаарал татлаа. Ер нь хөдөлгөөний дутагдалд орсноо яаж мэдэх вэ?

-Хүмүүс хэлдэг л дээ, би ч хөдөлгөөний дутагдалд нэг их ороогүй байх аа, өдөржин л гэр орноо цэвэрлэх, ажил төрлөө гадуур дотуур амжуулах, хүүхэд багачуудаа зөөх гээд л байнга хөдөлж байдаг гэж. Гэвч тэр бүрийд хөдөлгөөний дутагдал арилдаггүй, шаардлагатай булчин шөрмөсийг суллах, чангалах тусгай дасгалыг тогтмол хийж байх нь чухал. 

Тухайлбал, хүмүүс ядрахаараа толгойгоо гилжийлгээд эргүүлж байгаа харагддаг, энэ нь биеийн чилээ гаргаж болох ч хүзүүний хуян, шохойжилт зэргийг арилгахад нэг их нөлөөгүй байх жишээтэй. Хөдөлгөөний дутагдалд ороод ирэхээрээ л хүн өөрөө ч мэдэлгүй стресстээд л, хөл гар нь хөшөөд, сунгалт, тэнцвэр нь муудаад ирдэг ч үүнийгээ анзаарахгүй явсаар улам хүндрүүлж, өвчин болгоод байдаг. 

Харин сүүлийн үед хүмүүсийн иогийн талаарх мэдлэг мэдээлэл сайжирч байгаа нь илт анзаарагдах болсон, сэтгэл санаагаа тайван байлгаж, стресс бухимдлаасаа зөв аргаар ангижиръя, бие дэх өвчнөө ялан дийлж эрүүлжье, урт удаан бөгөөд чанартай амьдаръя гэж ихээхэн хандах болсонд багш хүний хувьд би ихээхэн баяртай байдаг. 


-Иога ийм олон талын ач холбогдолтойг бид мэддэг болж байгаа ч тэр бүр зориод явж амждаггүй. Цаг зав болохгүй, санхүү мөнгөний асуудалтай гээд л олон л шалтгаан тоочдог. Ер нь иогаар хичээллэхэд танхимын сургалт заавал чухал байдаг уу? Гэртээ онлайнаар хичээллэхэд хэр их ялгаа байдаг бол? 

- Хэрвээ боломж нь байвал танхимаар хичээллэхийг миний хувьд илүүд үзнэ, ялангуяа эхний ээлжинд. Учир нь хүн бол нийгмийн амьтан учраас зориулалтын танхимд, туршлагатай багшийн заавар удирдлага дор, тодорхой цагт хичээллэснээр илүү сахилга баттай, зорилготой байж илүү үр дүнд хүрдэг. Мөн багш бидний зүгээс тухайн хүнийхээ онцлогт тохируулан дасгал хөдөлгөөнийг санал болгоно, зөв буруу хийж байгаад анхаарал хандуулж чиглүүлнэ. 

Мөн иогийг буруу хийвэл бэртэж гэмтэх эрсдэл ч их байдаг. Эхний ээлжинд дор хаяж 3 сар багштайгаа хичээллээд үүний дараагаас бие даан хичээллээд явж болно. 

Гэвч ковидоос улбаатайгаар бид бүхий л зүйлийг онлайнаар амжуулж сурлаа. Үүнээс онлайнаар хичээлээ зааж ч болох юм гэдгийг бид туршсан, бодит амьд харилцаанаас бага зэргийн дулимаг ч амжилттай хичээллэсэн шүү.


-Иога хийхэд хамгийн чухал анхаарах зүйл юу байдаг вэ? Өөрөөр хэлбэл, энгийн гимнастикийн дасгал, фитнесс зэргээс ялгагдах гол онцлог нь юу вэ?

-Гимнастикийг бид тодорхой тоотод, зөвхөн биеэ, булчингаа ажиллуулан хийдэг. Фитнесс ч мөн дасгалаа шаргуу хийснээр богино хугацаанд жин хаядаг. Харин иогийн хувьд тэр чигээрээ өөрөө өөрийгөө амьсгалаараа мэдрэх үйл явц юм. 

Анзаараад байхад, хүмүүс дийлэнх нь өөрсдөө ч мэдэхгүйгээр маш буруу амьсгалдаг. Иогад эхлээд яаж зөв амьсгалах вэ гэдгийг заадаг. Энгийн юм шиг хэрнээ энэ нь хамгийн их цаг авдаг, тухайн хүнээс бас их хүчин чармайлт шаарддаг зүйл. 

Олон жил буруу амьсгалаад дадсан хүн тухайн зуршлаа өөрчлөхөд амаргүй. Харин нэгэнтээ зөв амьсгалаад сурчихвал иога таны хувьд маш амархан бөгөөд үр дүнгээ гайхалтай өгөх үйл явц болж, бие махбодь тань эрүүл, хөнгөн болж байгааг мэдэрч эхэлнэ. 

Ингээд эрүүл, зөв аргаар нэг л өөрийн жинхэнэ биеийг олоод авчихсан байхад буцаад жин нэмэхгүй тогтвортой барих боломжтой байдаг. Манай зарим шавь нар “эхэлж иогаар хичээллэн амьсгалаа зөв мэдэрч сурчихаад, дараа нь фитнесст явбал илүү үр дүнд хүрдэг юм байна багш аа” ч гэж хэлдэг. 


-Буруу амьсгална гэхээр жишээ нь яаж амьсгалахыг хэлдэг вэ?

-Иогийн үндэс нь амьсгал. Бид амьсгалаа зөв авч, гаргаж сурснаар олон төрлийн өвчнийг эмгүйгээр эмчлэх эрдмийг эзэмших эхлэл гэж ойлгож болно. 

Хүмүүс ихэнх нь ер нь амьсгалж байгаагаа ч анзаардаггүй, зөв буруу амьсгалж байгаагаа ч мэддэггүй. Энд нарийвчилбал олон л зүйлийг дурдах хэрэгтэй болно л доо. Хамгийн наад захын жишээ гэхэд хүмүүс амаараа амьсгалдаг. Энэ бол маш буруу. 

Хамраараа амьсгалаа аваад хамраараа гаргах ёстой. Амаараа амьсгалснаар гадны янз бүрийн нян, бактерийг биедээ нэвтрүүлэх эрсдэлтэй. Зарим хүн тоглоом шоглоомоор сайхан зүгээр сууж байгаад турах арга байна уу? гэж асуудаг. Амьсгалаа мэдрээд сурчихсан тохиолдолд энэ бол боломжтой л гэж би хэлнэ. 

Миний дээр дурдсанаар, өөрийн бие дотор байгаа тэр өвчтэй, илүүдэл жинтэй, стресстэй “нөхрийг” гаргаж хаяад жинхэнэ өөрийгөө олоход иогийн үндэс болох зөв амьсгал л тусална. 

Мөн хуучны хүмүүс “Хүн цаанаасаа амьсгалын тоотой төрдөг” гэж ярьдаг байсан. Энэ ч бодох л зүйл. “Хурдан хурдан, дутуу амьсгалаад л байвал амьсгалын маань тоо цөөрч байна гэж сэтгээд амьсгалаа удаанаар аваад удаанаар гарга, гэхдээ зөвөөр” гэж би шавь нартаа хэлдэг юм. Зарим хүн бүр намайг хурдан тоолохоор хурдан амьсгалаад л, удаан тоолбол удаан амьсгалаад, тоолохоо болихоор бүр амьсгалаа түгжчих гээд байдаг шүү дээ, тэгж болохгүй. 

Амьсгал авахдаа гэдсээ дүүргээд, амьсгалаа гаргахдаа гэдсээ татах ёстой ч зарим хүн эсрэгээр нь амьсгалдаг, үүнийгээ мөн засаад зөв амьсгалж сурах нь хамгийн чухал.

-Иога бол амархан гэсэн ойлголт маань одоо өөрчлөгдөж эхэлж байна. Гэхдээ бас нэг учрыг нь олчихсон байхад тийм ч хэцүү эд биш юм шиг. Өөрөө өөртэйгээ л нэлээн тулж ажиллах бололтой?

-Яг зөв. Бид ихэвчлэн гадаад ертөнцтэй л харьцаж, гадагшаа төвтэй амьдардаг. Харин иога хийж байгаа тэрхэн хугацаанд та дотогшоо төвтэй байх хэрэгтэй болно. Өөрийн биеэ мэдэрнэ, өөрийн амьсгалаа мэдэрнэ, амьсгал хаанаас эхлээд хаана дуусч байгааг ч судална. 

Хажуу хавийн чинь хүмүүс дасгалаа хийж байна уу, хийхгүй байна уу хамаагүй, мөн заавал бусадтай адилхан хөлөө завилаад суух албагүй өөртөө эвтэйхнээр л дасгалаа хийж эхлэх хэрэгтэй. Яваандаа зүгшрээд ирэхээрээ өөрийгөө ч олоод, бүгдийг ном журмын дагуу хийгээд сурчихдаг. 

Иогийг ер нь хүчилж хийдэггүйгээрээ онцлогтой. Би “Иога хийж эхэлсэн өдрөөс хөгшрөлт зогсдог” гэж шавь нартаа үргэлж хэлдэг. Үнэхээр иогачид маань үеийнхнээсээ 5-10 насаар залуу харагддаг, эрч хүч, энергиэр үргэлж дүүрэн явдаг даа.


-Таны хувьд иогатай анх амьдралаа хэрхэн холбосон бэ? Иогийн багшаар хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Би Архангай аймгийн уугуул. Бизнесийн удирдлага болон англи хэлний орчуулагч гэсэн хос мэргэжилтэй. 

Аав минь насаараа банкинд ажилласан, ээж минь ч нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Сайхан аав ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөж авсан гэж болно. Мэргэжлээрээ банкинд ажиллаж байгаад Солонгос руу ажиллахаар явсан юм. Тэнд олон жил ажилласны эцэст өчнөөн төчнөөн өвчин тээсэн хүн л гэртээ эргэж ирсэн дээ. 

Шөнө ч унтаж чадахгүй хамаг бие янгинаж шархиран, үе мөч, хөл гар өвдөхгүй зүйлгүй эмнэлгээр жил гаруй явсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Харин тухайн үед охин маань оюутан болчихсон, хичээлийнхээ хажуугаар “Асури” иога клубт цагийн багшаар ажилладаг байсан юм. Өөрөө иогад суралцаад, ач холбогдлыг нь мэддэг болчихсон байсан учир надад иогаар хичээллээд үзэх санал тавьсан.

“Асури” повер иогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор манай гэр бүлийн дотны хүн байсан учраас охиныг маань иогад уруу татаад, дараа нь намайг ч мөн тэр хоёр маань иога хэмээх их айлд урин залсан нь өдгөө миний амьдралын салшгүй нэг хэсэг болсонд үргэлж баярлаж, талархаж явдаг даа. 

Иогаар хичээллэсэн нь миний биед гайхалтай эерэг өөрчлөлтүүдийг авчирч, жилийн дараа гэхэд би эв эрүүл, эрч хүч дүүрэн хүн болсон байсан. Ингээд өөрийн биеэр энэ гайхамшгийг мэдэрсэн учраас бусдад ч мөн зааж сургахыг хүсэн, ойр дотныхон маань ч дэмжин тусалснаар өдгөө найм дахь жилдээ багшлаад явж байна. 

Энэ хугацаанд олон зуун хүнийг иогаар хичээллэхэд чиглүүлэн, олон ч гайхалтай өөрчлөлтүүдийг ойроос харан хамтдаа баярлаж, бахархаж ирсэн байна. Солонгосоос ирснийхээ дараа Оюутолгой, АПУ зэрэг томоохон байгууллагуудад мэргэжлээрээ ажилласан ч яагаад ч юм иога руугаа л татагдаад байсан. Ингээд л сэтгэлийнхээ дуудлагаар иогийн багшийн сургалтанд хамрагдаж, хүмүүст зааж эхэлсэн дээ. 

Анхандаа хүмүүс чи хоёрын хоёр мэргэжил эзэмшсэн, том байгууллагуудад ажилладаг байж иогийн багш хийж яах гэсэн юм бэ гэдэг л байсан. Гэвч би иогатай амьдралаа холбосноороо өөрийгөө олсон гэж боддог. Охин Б.Цэлмэг маань одоо АНУ-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа. МУИС төгссөнийхөө дараа Хятадад дээд сургууль төгсөөд өдгөө гурав дахь сургуульдаа сурч байна. Биеэ авч явах чадвар, тууштай, хичээнгүй, дайчин байдлаар нь охиноороо бахархдаг. Энэ нь багаасаа иогаар хичээллэсэнтэй нь салшгүй холбоотой гэж боддог доо.  

-Та юм нэхэх хоббитой юм аа даа? Хөөрхөн жижигхэн нэхмэл оймснууд зөндөө байна? 

-Хүүхдүүд том болоод ханьтайгаа хоёулхнаа л амьдарч байгаа болохоор иогийн сургалтаасаа гадна өөр юм хиймээр санагдаад шинэ хоббигоо хайж олсон. Ялангуяа ковидын хөл хорионы үеэр танхимын сургалтаа ч хичээллүүлэхгүй цаг завтай байсан тул интернэтээс харж байгаад юм нэхэж сурсан.

 

Эхлээд хавь ойрын хамаатан садны бүх хүүхдүүдээ “оймсжуулсан”. Тэгээд дараа нь нэхсэн оймснуудаа цуглуулж байгаад төрөх эмнэлэгт хандивлах болсон. Хамгийн сүүлд, “Хүрээ” амаржих газарт 100 хос оймс хандивлаад байна. Энэ хобби маань надад ийм аз жаргалыг мэдрүүлэх болсонд их сэтгэл хангалуун байгаа.  

-Та маш олон шавьтай, тэднийхээ өөрчлөлтөөр бахархаж байдаг тухайгаа дурдсан. Шавь нартайгаа ажиллах таны онцлог юу вэ? Хамгийн том өөрчлөлт үзүүлсэн жишээ дурдвал сонирхолтой санагдлаа?

-Манай клубт хуучин шавь нар маань их явна аа. Багш аа, та хаана хичээллэж байна гээд л хайгаад хүрээд ирдэг. Одоо надтай 2-3 дахь жилдээ хамт хичээллэж байгаа шавь нар ч бий. 

Миний хувьд иогийн дагнасан нэг чиглэлийг барьдаггүй, холимог иогаар хичээлээ заадаг. Мөн хувь хүн бүрийн онцлогт тохируулан хичээллүүлэхийг боддог. Тухайн хүний маань юу нь өвддөг, эсвэл турах гэж байна уу, ямар зорилготой иогийн клубийг зорих болсон гээд л шалтгаан нөхцөлийг нь ярилцаж ойлголцох нь чухал. Тэгээд энэ дасгалыг түлхүү хийгээрэй, ийм юман дээрээ анхаараарай гээд чиглүүлдэг. 

Миний нэг онцлог бол би дасгал бүрээ хийлгэхдээ маш сайн тайлбарлаад явдаг. Энэ дасгал ийм учиртай, ингэж хийснээр ийм ач холбогдолтой гээд л дор бүр нь хэлээд явахаар тухайн хүн маань дасгалаа илүү учир утгатай, урам зоригтой хийнэ. 

Тухайлбал, ковид тусаагүй хүн одоо их ховор учраас уушиг тэлэх дасгалаа хийхдээ үүнийг зөв хийж сурснаар уушиг чинь цэвэрлэгдэнэ, эмчлэгдэнэ гээд л хэлдэг. Багшийнх нь хувьд ковид тусаагүй, үүнийгээ өнөөх л зөв амьсгал, иогийнхоо л ач холбогдол гэж боддог. 

Онцгой санаанд үлдсэн тохиолдол гэвэл нэг шавь маань анх ирэхдээ үе мөчний өвчнөөс болоод хүнээр хүргүүлээд, мөлхөөд орж ирж байсан. Бараг жил орчим тууштай хичээллээд эв эрүүл болсон. Шинжилгээгээ өгсөн чинь зүв зүгээр гараад шавь маань өөрөө, эмчлэгч эмч нь, би хүртэл гайхаад бөөн баяр болцгоосон. Иогийн гайхамшгийн нэг жишээ юм даа. 

Мөн иога нь сарын тэмдгийн хямралыг арилгах, үргүйдлийг эмчилж, цэвэршилтийг хойшлуулах зэргээр эмэгтэйчүүдэд маш олон эерэг үр нөлөөг үзүүлдэг. Манайд хичээллэж байгаад л багш аа, маамаатай болсоон гээд л олон бүсгүйчүүд маань баяртай мэдээгээ аз жаргалтайгаар дуулгадаг шүү.  


-Шавь нар нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг уу? Ер нь манай эрчүүд иогаар хэр хичээллэдэг вэ?

-Иогаар хүн болгон хичээллэх ёстой. Манайхны дунд нийтлэг “иога бол эмэгтэйчүүдийнх” гэсэн буруу ойлголт суучихсан юм шиг санагддаг. Хүүхнүүд маань шинэ сэргэг зүйлд соргог ханддаг, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч, илүү санаачлагатай ханддаг нь ч нөлөөлдөг байх. 

Харин сүүлийн үед эрчүүд маань багагүй хандаж, цөөн ч гэсэн хичээллэх болсонд баяртай байгаа. Зарим залуус маань олон хүүхнүүдтэй ангид хичээллэхээсээ санаа зовох хандлага байдаг тул намраас зөвхөн эрчүүдийн анги хичээллүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Ковидын дараах хам шинжийн нэг болох стресс бухимдал, мартах, нойргүйдэх, цус өтгөрөх зэрэг асуудал эрчүүдийн дунд нийтлэг байгаа. Стресс бухимдлаа гадагшлуулж чадахгүйгээс сэтгэцийн өвчтэй ч болж байна. Ер нь иогаар хичээллэсэн хүмүүс их сайхан тайван болчихдог. Юманд амархан гуньж гутраад, хөөрч догдлоод байх нь ч багасаад, тогтвортой сэтгэл зүйтэй болоод ирдэг шүү.  

-Хүүхдүүд, ахмад настны хувьд?

-Хүүхдийг найман нас хүрмэгц иогаар хичээллүүлж эхлэх нь зүйтэй. Ажиглаад байхад хүүхдүүд их бөгтөр болж байна. Мөн хөлний буруу хэлбэртэй, гар утасны хэрэглээнээс хамаараад хөдөлгөөний дутагдалд их орсон байдаг. Үүнийг иогаар хичээллүүлж засна. 

Хүүхдийн эрүүл мэндэд нойр, хоол, агаар гурав л хамгийн чухал. Тиймээс хүүхдүүдээ эрт унтуулж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Орой тогтсон цагт зурагт, интернэт, утас юу байна бүгдийг нь унтрааж, орчинг бүрдүүлж байж л хүүхэд унтана. Оройн 22:00-01:00 цагт хүүхдийн дархлааг дэмжих бодисууд хамгийн идэвхтэй ялгарч байдаг тул энэ цагт хүүхэд гүн нойронд унтаж байх нь маш чухал.

Ахмадуудын хувьд 60-аас дээш насныхандаа арай хөнгөн, зөөлөн буюу нас, биеийн онцлогт нь нь тохирсон дасгалуудыг санал болгодог. Иогаар хичээллэснээр дархлаа сайжрах, энерги нөхөгдөх, бэртэл гэмтлээс сэргийлэх, ой тогтоолт сайжрах, өтгөн хаталт арилан, дотор эрхтнүүд эрүүлжих, цус харвалтаас сэргийлэх, даралт тогтворжиж, чихрийн шижин арилах зэрэг маш олон төрлийн ач холбогдолтой тул ахмадууд маань мөн иогаар идэвхтэй хичээллээсэй гэж урьж байна.   

-Таны өөрийн хамгийн хийх дуртай иогийн дасгал юу вэ?

-Иогийн хаан дасгал болох “Нарны мөргөл”-ийг би хийх дуртай. Ерөөс нарны мөргөлөөс иога үүссэн ч гэдэг. Одоо урин дулаан цаг ирсэн тул гадаа цэнгэг агаарт, өглөө эрт хийвэл хамгийн их үр дүнтэй. Нэг хийгээд хэвшсэн тохиолдолд насан туршдаа л нарны мөргөлөө хийж, гайхамшгийг нь мэдрэх боломжтой. 

Өглөө өлөн үедээ нарны мөргөлийг хийвэл биеэс хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулалтыг сайжруулахад тусална, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна, ямар ч насны хүмүүс өөртөө тохируулан хялбар аргаар хийж болно гээд ач холбогдлыг нь дурдаад байвал дуусашгүй дээ. 

Мөн бид хоол хүнсэндээ маш сайн хяналттай байх ёстой ч дийлэнх нь хүссэн цагтаа хаа хамаагүй идээд сурчихсан байдаг. Харин иогийн ходоод агшаах дасгалыг тогтмол хийгээд байхаар биед хэрэггүй хүнсэнд бүр цаанаасаа л дурлахаа байчихдаг. Багш нь энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрснийх одоо 50 настай золгох гэж байгаа ч үеийнхнээсээ овор багатай, залуу харагдаж байна гэсэн магтаалыг шавь нартайгаа хамт өдөр бүр л сонсож урам авдаг. 


-Ярилцлагын төгсгөлд та уншиж буй хүмүүстээ ямар зөвлөгөөг өгмөөр байна вэ? 

-Иогад явахыг сонирхож буй хүмүүс ихэвчлэн “Аль иогийн клуб сайн бэ?” гэж асууж байгаа харагддаг. Миний хариулт бол “Ерөөсөө л таны гэртэй, ажилтай ойрхон тэр клуб бол хамгийн сайн клуб”. 

Иога хийхэд хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт байдаг. Тиймээс гэртэйгээ ойрхон клубт явах нь хамгийн чухал хүчин зүйл. Мөн дараа гэж хойшлуулалгүйгээр яг өнөөдрөөс л өөртөө эерэг өөрчлөлтүүдийг авчрах шийдвэрийг гаргадаг байгаарай. 

Аз жаргал гэдэг бол байр сав, машин тэрэг, мөнгө эд хөрөнгө өөр юу ч биш зөвхөн би, чи, та өөрөө юм шүү, та эрүүл энх, аз жаргалтай, амьд явж байж таны эргэн тойрны бүх хүн аз жаргалтай байна. Та л энэ бүхний цөм нь учраас аз жаргалыг зөвхөн өөрөөсөө эрж олоорой, өөрөөрөө гэрэлтдэг байгаарай гэж хэлмээр байна. 

-Баярлалаа. Танд ч мөн хамгийн сайн сайхан, аз жаргалыг хүсье.


Ярилцсан: Сэтгүүлч Б.Алтанзул