Е баримтыг гар утаснаасаа мессеж бичих, вэб сайт болон Ebarimt аппликейшн ашиглаж гэсэн гурван аргаар баримтаа бүртгүүлдэг байсан билээ. Тэгвэл тэд шинэ системийн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж байна.

Энэ нь шинээр нэвтрүүлж буй баримтыг автоматаар бүртгэх шийдэл юм. Өнгөрсөн жилийн өдийд эхэлсэн уг ажлын эхний ээлжинд банкуудтай хамтарч ажиллан, бэлэн бусаар /картаараа/ төлбөр хийсэн тохиолдолд баримт автоматаар бүртгэгдэх шийдлийг боловсруулсан байна.

Хэрэглэгчийн хувьд бэлэн бусаар тооцоо хиймэгц тухайн картыг эзэмшигч нь Ebarimt системд бүртгэлтэй бол баримт автоматаар бүртгэгдээд, давхар и-мэйл хаягаар баримт нь очно. Мөн цаасан баримтаа авах эсэхээ өөрөө шийдэх юм. И-мэйлээр ирсэн баримтаа бүртгэгдсэн баримтуудтайгаа тулгаад таны баримт бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой. 

Одоогийн байдлаар ХХБ, Хаан банк, Голомт банк хөгжүүлэлтээ хийгээд дуусчээ. Мөн Төрийн банк, Хас банк, Капитал банк, Ариг банк, Чингис хаан банкнуудын шинээр нэвтэрч байгаа POS машин дээр автоматаар бүртгүүлэх үйлчилгээ нэвтрэх юм.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Меркурий зах III-IV  дүгээр хорооллын худалдааны төвүүд дээр амжилтай туршиж уг системийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. 

Мөн үүрэн холбооны бүх компаниуд уг системийг тун удахгүй бүрэн нэвтрүүлэх аж.