Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын нээлттэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, IPO хийсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв. 

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. 

Хороо үнэт цаасыг бүртгэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байгаагаа энэ үеэр дурьдсан. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх, энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах зэргийг онцоллоо.

Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос IPO гаргасан аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар тогтов.

Энэ үеэр СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын орлогч Б.Долгорсүрэнгээс тодруулга авлаа. 

-Хөрөнгийн зах зээл идэвхжиж олон компани IPO хийж байна. Танай зүгээс хяналт шалгалтыг хэр хийж байна вэ?

-Манай хорооны зүгээс IPO гаргасан хувьцааг нь иргэд эзэмшиж эхэлсэн үеэс хянаж шалгадаг. Харин эзэмших хүртэлх эзэнгүй үеийг бид хянах боломжгүй. Компаниуд хувьцаагаа санал болгож байгаа шигээ иргэдэд, хувьцаа эзэмшигчийг том жижиг гэлтгүй мэдээллээр хангах ёстой. Өмнөх практик дээр гарсан гол алдаа нь ч энэ шүү дээ. Тухайлбал томоохон хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцаагаа санал болгож мөнгө авчихаад өөрөө бүх зүйлээ шийдээд яваад байдаг. Олонхоороо ярилцаад энэ жил ногдол ашиг өгөхгүй гээд шийдчихдэг. Гэтэл цаана нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгддөг, хохирох талтай. Ядаж л банкинд хадгалуулсан бол хүүг нь хүртэнэ шүү дээ. 

Тийм учраас банкны хүүгээс өндөр буюу 25 хувийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд өгдөг байх ёстой.

-Хувьцаагаа гаргаж байгаа компаниуд өөрсдөө үгсэн хуйвалдаж үнийг өсгөх буулгах тоглолт хийсэн тохиолдолд ямар хууль эрх зүйн зохицуулалт үйлчлэх вэ?

-Энэ бол байнга гардаг хэрэг биш л дээ. Хэн нэгэн хүн дуртайдаа очоод хувьцааны үнийг өсгөөд буулгачих боломж ч байхгүй. Харин үнийг унагаахдаа дотоод мэдээлэл эзэмшиж байгаа хүн давуу талаа ашиглаж завших тоглолт хийж ашиг олвол манипуляц гэж нэрлээд хязгаарлалт хийхийг хэлээд байгаа юм. Энэ төрлийн хэрэг өндөр зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. 12 хүртэлх жилээр ч хорих ялтай. Үүнийг бүх хуулийн хүрээнд зохицуулж байгаа хэрэг. 

-Хороонд хувьцаа эзэмшигчдээс хэр их гомдол ирдэг вэ, голдуу ямар төрлийн гомдол зонхилж байна вэ?

-Үнэт цаасны зах зээлтэй холбоотой гомдол ирдэг. Голдуу өмнөх түүхтэй холбоотой асуудлууд сөхөгддөг юм. 1990 онд иргэд мэдээгүй байхад компаниудыг хүчээр шахуу хувьцаат компани болгочихсон. Тэр үед мэдээлэлгүй байсныг нь далимдуулаад ихэнх хувьцааг зарчихсан байдаг. Үүнийг иргэд лавлаад ирэхээр хэдийн зарагдаад тэр хэрэгтэй холбоотой шүүх хурал нь болоод зарим нь яллагдсан байдаг юм. Үүнтэй холбоотой гомдол одоо ч тасардаггүй. Эдгээр гомдлыг зохицуулахад тун бэрх. Учир нь тухайн үед хувьцааг  нь завшсан хүмүүс нь эрүүгийн хариуцлагаа хүлээсэн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байдаг юм. 

-Зарим тохиолдолд ҮЦК-иуд иргэдийн хувьцааг дур мэдэн зарсан тохиолдол ч байдаг шүү дээ?

-Иргэдэд хэлэхэд одоо ийм хэрэг бараг байхгүй болсон. Монголчууд хувьцаагаа хаана байгааг мэдэхгүй, үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэггүй байсан үед л ийм зөрчил гарч байсан. Одоо бол ийм зүйл хийх боломж Үнэт цаасны компаниудад /ҮЦК/ байхгүй.  Иргэдэд өөрийнхөө хувьцаа хаана байгааг мэдэх боломж нь ч нээлттэй болчихсон.

-IPO хийж байгаа компаниуд хамгийн гол нь юунд анхаарах ёстой вэ?

-Нэгэнт хувьцаа эзэмшигчид итгээд мөнгөө оруулж байгаа учраас тэднийг мэдээллээр хангах чухал байна. Тухайлбал байршилаа сольсон бол мэдээлэх, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн ч мэдэгдэх ёстой. Олон улсын жишигт IPO хийсэн компаниуд худалдан авалтынхаа томоохон дүнгээ ч тайлагнадаг. Бид ийм л шаардлага тавьж байна.

Санхүүгийн зах зээл өөрөө итгэлцэл дээр оршдог. Ямар нэгэн байдлаар итгэл алдраад ирэхээр хувьцаат компани унадаг учраас хороо байнга үүнийг шаардаж ирсэн. Хэрвээ мэдээлэлээ ил тод нээлттэй байлгавал ирээдүйн хувьцаа эзэмшигчид тэр компанийг сонгож таарна.