МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч "Монголын бизнесийн орчин-2020" судалгаа хийдэг. Уг судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Маркетинг, Худалдааны тэнхимийн эрхлэгч Б.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээг ямар үзүүлэлтээр тодорхойлсон бэ?

-Үндсэн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох 12, 104 нарийвчилсан үзүүлэлтээр авч үзсэн. Ингэхдээ бизнес эрхлэгчдээр 1-5 оноогоор үнэлүүлж үр дүнг тооцоолон гаргасан юм.

Бид судалгаагаа МҮХАҮТ-тай хамтарч хийсэн. Танхим мэдээлэл цуглуулах тал дээр гол үүргийг гүйцэтгэсэн. Судалгаанд маань бүх салбарын аймаг, нийслэлийн төлөөлөх чадвар өндөр нийт 4072 ААН-ийг хамруулсан. 


-Судалгаанд ерөнхийд нь үзвэл ямар дүгнэлт гарч байна вэ?

-2017 оныг 2020 онтой харьцуулбал бизнесийн орчин нь бага зэрэг сайжирсан. Гэхдээ л доогуур үнэлгээтэй хэвээрээ байна. Энэ нь Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчин бүрдээгүй байна л гэсэн үг.  Том зургаар нь аваад үзвэл үүнд эдийн засгийн болоод улс төрийн орчин хүчтэй нөлөө үзүүлж байна. 

Эдийн засаг, улс төр гэдэг нэг юмны хоёр тал шүү дээ. Тэгэхээр улс төрийн бодлого тогтвортой биш, авилга, хүнд суртал их байгаа нь эдийн засгийн бодлогодоо хүчтэй нөлөө үзүүлээд байна. Судалгаанаас үзэхэд ч бизнесийнхэн үүнийгээ илэрхийлжээ. Тэд төрийн зүгээс урт хугацааны тогтвортой бодлогыг судалгаанд тулгуурлан гаргаж өгөхийг хүсэж байна.

 

-Эрдэмтэн судлаачид судалгаа цөөнгүй судалгаа хийдэг. Шийдвэр гаргагчид бодлогодоо тусгаж чадахгүй байна гэсэн үнэлэлт өгчээ дээ?

-Үнэндээ судлаачдын үгийг сонсдог нь ховор. Уг нь эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлж, эрдэм шинжилгээний байгууллагаа хүчирхэгжүүлж ажиллуулмаар байна.Тэндээс гаргасан судалгааны үр дүнгээ бодлого шийдвэртээ тусгамаар байна. 

Ингэж чадахгүй бол улстөрчдийн поп шийдвэр улс оронд сөрөг нөлөөгөө тусгах аюултай.

Баялаг бүтээгчид л ажлыг байр бий болгож, татвар төлж улс орныг авч явдаг. Тиймээс л баялаг бүтээгчдээ дэмжиж бизнесийн орчныг зөв гольдролд нь оруулах зохицуулалт маш чухал. Гэхдээ нэг үеэ бодвол бизнесийн орчинд нааштай үр дүн гарч байгааг судалгаа харуулсан.

 

-Энэ удаагийн судалгаанаас хамгийн эерэг үзүүлэлттэй гарсан төрийн байгууллагыг дурдахгүй юу?

-Энэ бол 2017-2020 оныг хамруулсан өргөн цар хүрээтэй судалгаа. Бизнесийн нарийвчилсан судалгааны татварын орчинд өгсөн үнэлгээ нэлээд өөдрөг гарсныг онцлон хэлэх ёстой. 

Төрийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хамгийн эерэг үзүүлэлтийг татварын алба авч чадлаа. Ийнхүү өндөр үнэлэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Тэр дундаа татварын тайлагнах үйл явц эерэг дүнтэй гарсныг онцлон хэлмээр байна. Энэ бол бизнес эрхлэгчдэд татвар тайлагнана гэдэг өмнөх шиг хүнд төвөгтэй асуудал биш болсныг харуулж буй хамгийн энгийн үнэлгээ юм.

 

-Татварын орчин эерэг үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн хамгийн чухал зүйлсийг юу байв?

-Ерөөсөө цахимжилтын л нөлөө шүү дээ. Том ААН-үүдээс гадна бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэхүү татварын орчин цахимжиж, хурдан шуурхай болсон нь судалгаа харууллаа.
Татварын байгууллагын үйлчилгээний эерэг үнэлгээ 27 хувиар өссөн байгаа юм. Ялангуяа том ААН-үүд тайлагнах үнэлгээг маш сайн үнэлсэн байсан.

Үүнээс үзэхэд цаашид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах ажилд ач холбогдол өгч чадвал үйлчилгээ хүндээ хүрч, эерэг нөлөө гардгийг судалгаа харуулна. 

Гэхдээ энэ бүхэн татварын алба бүрэн төгс болчихсон гэсэн үг биш юм. 2017 онтой харьцуулахад авилга, хүнд суртал, ажилтны ур чадвартай холбоотой маш муу, муу гэсэн үнэлгээ нь буурсан гэсэн үг. 


-Цар тахлын нөлөөгөөр ААН-үүд хүнд цохилт амссан. Тэгэхээр татварын орчны хувьд эерэг үнэлгээ авах гол үзүүлэлт нь юу байв?

-Засгийн газраас эхний хөл хорионы үеэр “COVID-19” цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ дотроос 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, татварын хөнгөлөлт үзүүлсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж, эерэг нөлөө үзүүлснийг "Монголын бизнесийн орчин-2020" судалгаа харуулж байна. ААН-үүдийн хувьд энэ төрлийн татварын уян хатан бодлого эерэг нөлөө үзүүлдэг нь бизнес эрхлэгчдийн бүх түвшний төлөөллийн хариултаас илт харагдана. 


-Өмнө нь татварын асуудал хамгийн төвөгтэйд орж ирсэн шүү дээ. Судалгаанаас үзэхэд ААН-үүд бизнес эрхлэгчид юуг хамгийн их хүсэж байна вэ?

-Бизнес эрхлэгч, ААН-үүдийн хувьд зээлийн хүүг бууруулахыг онцолжээ. Энэ асуудал гурван жилийн өмнөх шигээ бизнес эрхлэгчдийн толгойны өвчин хэвээр байна. 

Монголын бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд анхаарах зүйлс дээр хамгийн чухалчилж буй таван хүчин зүйлсийг дурдсан.

- Бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах (79.7%), 

- Татварын таатай орчинг бүрдүүлэх (77.9%), 

- Хууль эрх зүйн орчинг сайжруулах (62.9%), 

- Үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих (58.8%),         

- Авилга, хүнд суртлыг бууруулах (51.5%),

- Төрийн оновчтой, тогтвортой бодлогыг тодорхойлох, төрийн үйлчилгээг шуурхай болгохыг чухалчилсан. 

 

-Судалгаанаас үзэхэд хамгийн тааруу үнэлгээ авсан төрийн байгууллагыг дурдахгүй юу?

-Бид судалгаандаа бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэл үүсгэж зүйлсийг тодорхойлсон. Үүнээс үзэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээ дундаас доогуур үнэлгээ авлаа. 

Бизнес эрхлэх гээд эсвэл ажил үйлчилгээгээ явуулахад төрийн байгууллагын авилга, хүнд суртал, ажилтны ёс зүй, уялдаа холбоогүй байдал нь хүнд суртал учруулсаар байна.

Хамгийн асуудалтай нь буюу тааруу үнэлгээтэй төрийн байгууллагыг газрын алба тэргүүлсэн. 

Судалгаанд оролцогчид газрын албыг хамгийн их хүндрэл учруулдаг байгууллага гэж үнэлсэн байна. Судалгаанд оролцогсдын 52.4% нь  авилга, хээл хахууль их, 48.6% нь хүнд суртал ихтэй, 39.5% нь мэргэжилтний харилцаа ёс зүй муу, 35.0% нь нэгж, албад хоорондын уялдаа холбоо муу, 30.3% нь мэргэжилтний мэдлэг, ур чадвар муу гэж үнэлснийг цаашид онцгой анхаарах хэрэгтэй.


-Яамдыг хүнд сурталтай гэж шүүмжилдэг тал бий. Энэ удаагийн судалгаанд хэр үнэлгээ авсан бол?

-Бизнес эрхлэхэд төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлж буй байдлаар нь харвал яамдад ААН-үүд тааруу үнэлгээ өгсөн.

Яамдыг хүнд суртал ихтэй (49.7%), авилга, хээл хахууль их (48.5%), нэгж, албад хоорондын уялдаа холбоо муу (41.9%), дүрэм журмын тодорхойгүй байдал их  (29.8%) гэж нийт судалгаанд оролцогсод үзсэн. Үнэлгээний дундажийг байршлаар авч үзвэл УБ хотын дундаж үнэлгээ 2.72 буюу “муу” талдаа байна. Орон нутгийн хувьд 2.99 буюу “дунд” гэж үнэлэгджээ. Харин Стандарт хэмжил зүйн газар, Бүртгэлийн байгууллагын  үнэлгээ нь улсын дундаж түвшинд 3.15 буюу “дунд” үнэлгээтэй байна.