Nest education ахлах сургуулийн үүсгэн байгуулагч Базар овогтой ГАБИТ-тай ярилцлаа. 


-Монголд мэдээллийн технологийн чиглэлийн анхны ахлах сургууль байгуулагдах гэж байгаа юм байна. Яагаад заавал энэ чиглэлээр ахлах сургууль байгуулъя гэж бодсон бэ?

- Амьдрал дээрх хэдэн жишээгээр яриагаа эхлүүлье. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсад IT-ийн чиглэлийн чадварлаг хүний нөөцийн цалин багаар бодоход 2-3 дахин нэмэгдсөн бөгөөд ингэж огцом өсөлт хийж байгаа салбар өөр байхгүй байна. Япон гэх мэт өндөр хөгжилтэй улсад инженерүүд хүрэлцээгүй байгаагаас өөрсдөө манайд үнэгүй сургалтын төв байгуулан, тэндээ монголчуудыг бэлдээд японд ажиллуулж байна. Мөн томоохон групп болон банкуудад хамгийн дутагдалтай байгаа ажлын байр нь IT-ийн инженерүүд байгааг хүний нөөцийн компаниуд нээлттэй ярих боллоо. Гэтэл манай улс гадагшаа экспортлох байг гэхэд дотоодын IT-ийн эрэлт хэрэгцээгээ хангахуйц инженерүүдийг бэлдэхгүй байна.

Иймээс 2018 онд Nest Academy нэртэй хичээлийн дараах IT-ийн дугуйланг олон шилдэг залуустай хамтран байгуулсан бөгөөд үр дүн нь маш өндөр гарсан нь өнөөдөр ахлах сургууль байгуулж, илүү олон инженерийг бэлдэх эхлэл болжээ.


-Дэлхийн IT-н том томкомпаниудад ажилладаг залуус энэ сургуулийг хамтран байгуулж байгаа гэж сонссон. Яг ямар хүмүүс хамтарч байгуулж байна вэ?

-Манай ахлах сургуулийн нэг онцлог нь Монголын анхны IT-ийн сонгон сургалттай сургууль. Сонгон хичээлүүдийг дэлхийн топ компаниуд болох Amazon, Facebook, Microsoft, Oracle болон АНУ-ын зах зээлд IT-ийн бизнес хийдэг Монголын томоохон компаний шилдэг залуусаас бүрдсэн туршлагтай, чадварлаг баг, хамт олон хариуцаж, мөн зайнаас зөвлөн ажиллана. 

Дэлхийн топ компаний шилдэг ажилчдын туршлагаа хуваалцах, эх орондоо мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх төв нь энэхүү ахлах сургууль байгаасай гэж хүсч байна. 


-Дэлхийн IT-гийн салбарт монгол залуус хүлээн зөвшөөрөгдсөн гэж харагддаг. Тэд маань эх орондоо сургууль байгуулчихаар монголчууд тун удахгүй маш олноороо дэлхийн IT-гийн салбарт ажиллах нь ээ?

-Манай олон залуус гадны томоохон компанид ажиллаж байна. Энэ нь баярлууштай ч бидэнтэй адил 3 сая хүнтэй европын улсуудтай харьцуулахад мэргэшсэн IT инженерийн тоогоор бид хамаагүй цөөн байна. Тэгэхээр дэлхийд бид өөрийн IT бүтээгдэхүүнийг гаргая, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон IT компанитай болъё, эсвэл гадны томоохон IT компаний салбарыг эх орондоо нээе гэвэл чадварлаг, залуу инженерийн тоог нэмэх хэрэгтэй байна. Дэлхийн бусад улсад 1-р ангиас нь код хэрхэн бичихийг зааж байгаа ч тохиолдол байна.


-Танай сургуулийг сонгосон хүүхдүүд яг ямар чадварууд эзэмшээд гарах вэ?

-IT-ийн гүнзгийрүүлсэн мэдлэг, чадвараас гадна улсаас баталсан Цөм хөтөлбөрийн мэдлэгийг монголын шилдэг багш нараас авна. Нэмээд асуудлыг бие даан шийдэх, өөрийгөө зөв илэрхийлэх гэх мэт уян чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй. 

Эрүүл мэнд байхгүй бол ямар ч ур чадвар үнэ цэнэгүй учраас хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хоол хүнс болон биеийн тамирын тусгай хөтөлбөрөөр дамжуулан анхаарна. 

Харин нэг онцлог гэвэл манай сурагчид төгсөх жилдээ бодит байгууллагууд дээр дадлага хийн, хүсвэл олон улсын болон дотоодын төслүүдэд цалинтай хамрагдах боломжтой.


-Бодит төслүүд гэдгээ тодруулаач. Мэдсэнээ шууд амьдрал дээр хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг үү?

-Гол санаа нь хүүхдүүддээ эртнээс бодит төсөл гэж юу болох, гадны төсөл ямар онцлоготой, дотоодын IT төслүүдэд ямар асуудал тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийддэг гэх мэт сургуульд заадаггүй мэдлэгийг сургах хүсэлтэй байна.

Ингэснээр хүүхдүүд хүсвэл төгсөөд шууд ажлын байран дээр гарах эсвэл өөрөө старт-ап бизнесээ эхлүүлээд явах боломжтой. 


-IT-гийн суурь мэдлэгээс гадна ирээдүйд дэлхийн хэмжээнд ажиллах залуусыг бэлдэх гэдэг талаас нь сурагчдадаа ямар давуу чадварууд эзэмшүүлэх вэ? 

-Дэлхийн топ компаниуд хүнээс хэдхэн чадварыг онцгойлон хардаг болжээ.Юуны өмнө хэлний болон мэргэжлийн ур чадвар бол хамгийн суурь ур чадвар. Нэмээд асуудлыг өөрөө шийддэг, багаар ажиллаж чаддаг, харилцааны доголдолгүй, эрүүл саруул байх нь чухал байна. Тиймээс IT-ийн сонгон хичээлүүд, хятад болон англи хэл зааж, дээр дурдсан уян чадваруудыг хөгжүүлснээр дэлхийн түвшний инженерүүдийг бэлдэх боломжтой.


-Хятад хэлийг яагаад сонгосон бэ?

-Мэдээлэл технологи гэхээр бид зөвхөн америк гэж харж болохгүй. Урд хөрш маань IT-гаар тэргүүлэгч улсын тоонд багтаж, дэлхийн хамгийн том зах зээлийн нэг болжээ. Тэгэхээр бид хөршөө дагаад хөгжих ёстой. 


-Зөвхөн IT инженер болохоор төлөвлөсөн сурагчид танай сургуульд хандах ёстой юу, эсвэл энэ чигийг сонирхсон ямар ч хүүхэд хандах боломжтой юу?

-IT мэддэг эмч,  IT мэддэг барилгын инженер гээд та төсөөлөөд үзээрэй. Тэд ирээдүйд буюу аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд салбарынхаа хамгийн өндөр үнэлэмжтэй мэргэжилтнүүд байх нь тодорхой. Тэгэхээр ямар ч мэргэжилтэй болох бай амжилтанд хүрч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэвэл IT сурах хэрэгтэй.


-Танай сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүд ямар шалгуур хангах ёстой вэ?

- Уламжлал болсон математик, физикийн шалгалт авахгүй. Харин тухайн сурагчийн логик сэтгэлгээ шалгах тестүүдээр шалгалт авна. 


-Математикт сайн хүн IT чигийн мэргэжилтэй болдог гэсэн нийтлэг ойлголт анзаарагддаг. Танай сургууль математикийн шалгалт авахгүй гэхээр энэ ойлголт ташаа болж таарах нь ээ?

-Байгалийн шинжлэх ухаанд сайх байх нь логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Логик сэтгэлгээ сайтай хүн сайн IT-ийн инженер болох магадлал нь өсдөг. Гэхдээ олимпиад тэмцээний араас хэт хөөцөлдөөд ирвэл дээр дурдсан бусад хэрэгцээт ур чадвараа хөгжүүлэх цаг гарахаа больдог. Сайн инженер болоход хүчтэй хүсэл эрмэлзэл, тууштай байдал, хүндлэл, зөв хандлага илүү чухал гэж би хэлнэ. Бид тухайн хувь хүнийг зөв хүн байгаасай гэж хүсч байна. Хүнтэй харилцаж чаддаг, бусдыг үгийг сонсч, зөв мэдээллээ ялган авч чаддаг байна гэдэг амжилтын том суурь чанарын нэг. 


- Ажил олгогчид хандлагыг чухалчилдаг болсон ийм үед сурагчдынхаа зөв хүн байхад онцгой анхаарна гэдэг том давуу тал шүү...?

-Бид сурагчдаа хичээлд ирсэн эхний өдрөөс нь баг болгож хуваана. Миний хийсэн үйлдлээс бусдын маань амжилт бас хамаарахыг ойлгож, хариуцлага өндөрсөнө. Бусдыгаа хүндэлж, багаар ажиллаж сурна. Өөрт ногдсон даалгавраа амжихгүй бол бусдыгаа хүндэтгэн түүнийгээ эртхэн хэлэх гэх мэтээр гарц хайж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл багаар ажиллаад ирэхээр хүүхдүүд асуудал шийдэх чадвар нь огцом нэмэгддэг. Мөн манай мэргэжлийнхэн хийсэн зүйлээ зөв ойлгуулж чадаагүйгээс олон боломжийг алдаж байхтай нь таарч байлаа. Иймд ажлаа хэтрүүлэггүйгээр, оновчтой, товч, тодорхой илэрхийлж сурах хэрэгтэй. 


-Эцэг эхчүүд анги дүүргэлтийг их сонирхдог. Нэг анги хэчнээн хүүхэдтэй байх бол?

-Энгийн анги дүүргэлт 20-25 байдаг ба манай сургуулийн тухайд нэг ангийг 18-20 хүүхдэд барина. Ширээ сандлаа ч тэгж бэлдсэн. Анги дүүргэлт цөөн байх тусам багшийн хүүхэдтэй ажиллах бүтээмж нэмэгдэнэ. 


-Танай сургуульд орохын тулд ирэх намар аравдугаар ангид элсэх хүүхдүүд л хандах уу?

-Ахлах сургууль нь 10-аас 12-р ангийг хамардаг. Бид голлон 10-р ангийн хүүхдүүд авна. 11-р ангид арай цөөн тооны хүүхэд авах ба 12-р ангид хүүхэд энэ жил авахгүй. Учир нь хөтөлбөрөө гүйцэхгүй байх эрсдэлтэй.


-Facebook, Google, Amazon-д ажилладаг залуус мэдлэг туршлагаа хуваалцана гэхээр төгсөөд дэлхийн том компаниудад ажиллах боломж танай сургуулийг төгсөгчдөд ойрхон гэж ойлгож болох уу?

-Дэлхийн топ компаниудын ажилчдадаа тавьдаг шаардлага дээр үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Иймээс манай залуус тэдгээр компаниудад очиж ажиллахад илүү дөхөм болно. Гэхдээ нэг буруу ойлголтыг одоо засах хэрэгтэй нь заавал тухайн улсад нь очиж ажиллах шаардлагагүй эх орноосоо тэдгээр компанид онлайнаар ажиллах боломж өргөн болсон гэдгийг дуулгая. 


-Эх орондоо амьдрангаа дэлхийн хэмжээний цалин аваад дажгүй амьдрах боломжтой гэдэг чинь олзуурхмаар мэдээ байна. Ингэхэд дэлхийн том компаниудад IT чигийн мэргэжлийн эрэлт хэр байгаа бол?

-Салбараа дагаад эрэлт нь мөн нэмэгдэж байна. Amazon саяхан “Future engineer” гэдэг хөтөлбөр зарлаж, 10 мянган инженер хэрэгтэй талаар ярилаа. Google ч ялгаагүй ийм агуулгатай хөтөлбөр зарлажээ. 

Дэлхийн бүх зах зээлд IТ-ийн оролцоо хүчтэй болж буй энэ үед энэ чиглэлээр багаасаа сурах нь холыг харсан шийдэл юм. 

Нэг зүйлийг нэмж онцлоход Монголд IT-гийн мэргэжлээр сурдаг залуус нийт оюутны 2.9-хөн хувийг эзэлдэг, мөн 10 жил төгсөгчдийн 80 хувь нь гадаадад очиж амьдрахыг хүсдэг судалгаа ч саяхан ikon.mn дээр гарчээ. Энэ эмгэнэлтэй байдлыг бага ч болов арилгаж, бусдыгаа урилан дуудах хүсэл эрмэлзэл бидэнд байна. 


-Элсэлтээ хэзээ авах вэ?

-Ирх есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлнэ. Наймдугаар сарын 1-нээс элсэлт авахаар төлөвлөсөн. Одоогоор танилцуулах ажлаа эхэлсэн бөгөөд вэб сайтаа ашиглалтад орууллаа. www.nhs.edu.mn хаягаар ороод мэдээлэл авах боломжтой. Эхний танилцуулах нээлтээ тавдугаар сарын 25-нд 09:00 цагт Чингис зочид буудлын 5-н давхарт хийх бөгөөд хүн бүрт нээлттэй.


Ц.Баасансүрэн