Хулан бэлчээр нутагтаа халтай биш харин ч ус гаргаж говийн амьтдыг ундаалдаг экологийн ач тустай амьтан

Өнөөдөр “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Д.Ариунбаатартай хулан хамгааллын асуудлаар ярилцлаа.

Байгаль зэрлэг амьтан хамгааллын нийгэмлэг нь 2013 оноос хойш хулангийн хамгаалал, хулангийн хууль бус антай тэмцэх үйл ажиллагаануудыг өмнийн говьд хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр ажлын үр дүнд сүүлийн жилүүдэд хулангийн тоо толгой өсөх хандлагатай байгаа юм. 

Бичлэг үзэх:

 

Үргээж цочоохгүй л бол тааваараа идээшилдэг тайван бас сониуч амьтан

Хулан гэж ярьдгаас биш бид энэ амьтны талаар төдийлэн мэдлэгтэй биш. Хулан бол нүүдэлчин амьтан учир мал сүрэг шиг нэг газар бараадаж удаан байдаггүй. Холын зайд бэлчээрлэдэг гэдгээрээ онцлог.

Адууны овогт хамаарагддаг зэрлэг илжиг буюу хулан хэмээх энэ амьтан Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг дундад Азийн орнууд болон Хятадын нутгаар голдуу сүрэглэн амьдардаг. 

Өдгөө дэлхий дээр байгаа хулангийн сүргийн 80 орчим хувь нь манай оронд, тэр дундаа 85 хувь нь өмнийн говийн бүс нутагт буюу Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар бэлчээрлэдэг. Үлдсэн 15 хувь нь Зүүн гарын говь буюу Алтайн өвөр говиор нутагладаг байна. 

Ховор амьтны хавсралтад багтаж улаан номд бүртгэгдсэн хулан тун сониуч амьтан. 

Бид хулангийн судалгаа хийж явганаар машинаар ч явдаг. Машинаас үргэж, ухасхийн давхих атлаа багахан холдоод явсан хойно сүргээрээ эргэж хараад зогсчихдог. Хөдөлгөөнгүй зогсоод л байвал аажуу аажуухнаар ойртсоор, машин техникийг сонирхож харж байснаа идээшлээд явчихдаг юм билээ. Үргээж, цочоохгүй бол илүү ойроос харах, зургийг нь авах боломжтой.


Бэлчээр талхаллаа гэж ад үзэгддэг ч яг үнэндээ…

Говьд ус бэлчээр хоёр шиг үнэтэй зүйл үгүй. Тиймээс хуланг бэлчээрлэхэд говийнхон тийм ч дуртай биш, бэлчээр хуваалцлаа, талхаллаа гэж тэр шүү дээ. Бухимдсан малчид хулангийн сүргийг хөөж, туух үе ч зөндөө гардаг. Гэрийнх нь ойролцоо хулангийн сүрэг ирвэл мотоциклтой элдэх нь энүүхэнд. Судлаачидтайгаа хулангийн тооллого хийж явахдаа иймэрхүү зүйлсийг нэг бус удаа харсан. Бас хууль бус ангийн асуудал ч цөөнгүй бүртгэгддэг.

Малчид ийнхүү ад шоо үздэг нь хулангийн талаарх мэдлэг ойлголт бага байгаагийнх юм. 

Тухайлбал, хулан өвс ургамлыг үндсээр нь ухаж иддэг гэсэн буруу ойлголт байна. Үнэндээ хулан мал сүрэгтэй л адил газраас ил гарсан ургамлыг иддэг. Тиймээс буруу ойлголтоо залруулж, “ховордож болзошгүй” ангилалд багтдаг энэ амьтныг бүү хөөж туугаарай гэж онцлон хэлмээр байдаг юм. 

Хулан хөрсөн дороо устай сайруудыг олж илрүүлэхдээ гаргууд, олсон даруйдаа туурайгаараа цавчиж ус гаргадаг.  Бүр 60 хүртэлх см ухчихдаг гээч. Хулангийн гаргасан усны ачаар хар сүүлт, цагаан зээр, шувууд болон бусад зэрлэг амьтад, мал сүрэг ундаалж цангаагаа тайлдаг. Энэ бол хулангийн говийн эко системд үзүүлж буй хамгийн чухал үүрэг нь. Тэр гаргасан нүхийг нутгийн хүмүүс андахгүй бөгөөд хулангийн худаг гэж нэрлэдэг. 


Хүзүүвчтэй хулан буюу судалгааг нарийвчилж хийж хамгаалах бодлого

Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг 2013 оноос хойш хулангийн хамгаалал, хулангийн хууль бус антай тэмцэх үйл ажиллагаануудыг өмнийн говьд хэрэгжүүлсэн.  Тухайлбал Оюу Толгой ХХК-тай хамтарч, Австри улсын мэргэжилтнүүдийн хамтаар анх 20 хуланд сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвч зүүлгэсэн. 

Үүнийхээ хүрээнд нийт 6 удаагийн тоо толгойн судалгаа хийж, 100 орчим хуланд хиймэл дагуулын тусламжтай байршил тогтоох хүзүүвч зүүсэн. 

Ингэснээрээ хулангийн шилжилт хөдөлгөөн хоног, улиралд хэрхэн өөрчлөгддөг, хөдөлгөөнөө зохицуулахад ямар хүчин зүйл нөлөөлдөг, хөдөлгөөн хязгаарлаж байгаа зүйлсийг илүү нарийвчлалтай судалж, тогтоох боломж бүрддэг.


Бэлчээр нутагт нь төмөр замаар хязгаарлагдаж тархац нутаг нь хумигдсаар л…

Олон улсын нийтлэг жишгээр нүүдэллэдэг, шилждэг амьтанд дэд бүтцийн зүгээс үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тусгай байгууламж, нүхэн гарц барих ёстой. 

Харин манай төмөр зам дагуу зориулалтын гарц, гарам тоотой хэдхэн байгаа бөгөөд энэ тал дээр бодит бодлого, шийдэл хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хулангийн тархац нутагт төмөр зам тавигдаж 3-4 хэсэгт болоод хуваачихсан. 

Хулангийн сүрэг төмөр зам гатлах боломжгүйгээс тухайн хуваагдсан хэсэг дунд бэлчиж байгаа нь хүзүүвчний судалгаанаас ажиглагдсан. Иймээс л хэсэгхэн газартаа хашигдаад малчдын бэлчээрт ойртоод байгаа хэрэг. Төмөр зам гарч чадахгүй, тойроод л, гарах зам  гарц хайсаар байхдаа сумын төв, аймгийн төвийн ойролцоо хүрээд ирчихдэг. 

2019 оноос хойш Улаанбаатар төмөр замтай хамтраад 3 газар нийт 700 метр талбайг торгүй болгосон. Төслийн хүрээнд торыг нь авсан хэсгээр хулангууд төмөр замын зүүн талд гарч байгаа нь бол камерын зурагт үлдсэн юм.

Эдгээр ажлын хүрээнд ажлын хүрээнд хулангийн тоо толгой өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол өсөх хандлага үзүүлж байна.

Бид яагаад хуланг хамгаалах ёстой вэ гэхээр хулангийн нийт тоо толгойн 80 хувь нь монгол оронд байна.  Тэгэхээр бид хүссэн ч эс хүссэн ч дэлхийн өмнө хариуцлага хүлээчихсэн улс.  Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх орон зайг бий болгох нь хамгийн чухал тухайн зүйлийг хамгаалж байгаа үнэтэй хамгаалалт гэж үзэж байна.

Холбоотой сэдвүүд

байгаль хамгаалал хулан wcs

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.