Найруулагч Грета Гервигийн бүтээл “Барби” кино нээлтээ хийснээс хойш олон амжилт дагуулж буй. 

Тус кино тэрбум ам.долларын ашиг олсон, анхны эмэгтэй найруулагчтай кино болсноос гадна одоо ч орлогоороо “Box Office”-т тэргүүлж байна. 

Түүнчлэн нийгмийн сүлжээнд ягаан өнгөөр ижилсэх трэнд бий болгож, мартагдаад байсан барби тоглоомыг бодит амьдралд буцаан авчирсан юм. 

Жишээлбэл, барби үйлдвэрлэгч “Маттел” компани киноны гол дүрд тоглосон жүжигчин Маргот Робби, Райн Гослинг нарын хүүхэлдэйн  хувилбарыг худалдаанд гаргасан бөгөөд эдгээр загварууд маш амжилттай борлуулагджээ. Одоо ч “Амазон” худалдааны сайтын хамгийн борлуулалттай тоглоом хэвээр байгаа юм. 


Дэлхийн хог хаягдалд "нэрмээс" болсон ягаан хувцаснууд

Жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хичээсэн “Барби” киноны гял цал амжилтыг дагаж барби тоглоом, бэлэн хувцас, нүүрний будаг хэрэгслийн зах зээл эрчимжиж буй. 


Эдгээр бараа бүтээгдэхүүний эрэлт ихсэх тусам байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгааг онцлох хэрэгтэй. 

Тодруулбал, “Барби” киноноос сэдэл авч, сүүлийн үед залуучуудын дунд 2000-аад оны хуучны загвараар хувцаслах хандлага “мода”-нд оржээ. Цаг минут тутам ягаан өнгийн хувцас өмсөөд явахгүйгээс хойш эдгээр загварууд хувцасны хог хаягдал болон үлдэж буй. Эх дэлхийн хэдийнээ даахаа больсон их хог хаягдал нэг хэсэгтээ ягаан өнгөөр амьсгалах нь.


Пластик хүүхэлдэйнүүд хүүхдийн эрүүл мэндэд хортой

Барби хүүхэлдэйнүүдийн их бие хуванцраар хийгдсэн байдаг. Өдгөө дэлхий дээрх нийт хүүхдийн тоглоомын 90 гаруй хувийг хуванцар тоглоом эзэлдэг аж. 

Харамсалтай нь, бага насны хүүхэд хуванцрын хэрэглээнд хордох эрсдэл өндөр байдаг. 

Хүүхэлдэйн материалыг хийхэд дор хаяж таван төрлийн хуванцар, химийн нэгдлүүд ордог гэнэ. Үүн дотроос DINCH хэмээх нэршилтэй хуванцрын нийллэг нь астма, бодисын солилцооны эмгэг, таргалалт үүсгэдэг болохыг судалгаагаар баталжээ. 

Түүнчлэн хуванцар тоглоом өөрөөсөө микропластик болон нанопластик гэх хортой нэгдэл ялгаруулдаг тул хүүхдийн амьсгал болон шүлсээр дамжин, биед нь орох эрсдэлтэй юм. Ялангуяа тоглоомоо зажилдаг хүүхдүүд хар тугалга биедээ шингээх эрсдэлтэй байдаг ажээ.

Эдгээр хуванцрын хортой нэгдлүүд дааврыг саатуулж, хүүхдийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлэх аюултайг эцэг, эхчүүд төдийлөн анзаардаггүй. 

Цаашилбал, хэрэглэхээ больсон, эвдэрсэн барби хүүхэлдэйнүүд хаягдал болж, эргээд эх дэлхийг бохирдуулж байна. Барби болон түүний дагалдах хэрэгсэл, хайрцаг савыг дахин боловсруулах боломжгүй. Учир нь энэ төрлийн хуванцрыг анхнаасаа дахин боловсруулах зориулагдаагүй байдаг. 

Хөрсөнд шингэхгүй, эргээд задрахгүй энэ их химийн нэгдэлтэй хуванцрууд бидний амьсгалах агаар, уух ус, хөрсийг бохирдуулж байгааг олон судалгаа баталдаг.

Хуванцраас болж үүссэн энэхүү бохирдол дэлхий даяар нийтдээ 9 сая хүний хугацаанаасаа өмнө нас барах шалтгаан болдог аж. Хүүхдүүд өсөж томроод барбигаар тоглохоо болих ч нэгэнтээ хуванцраар хийгдсэн эдгээр хүүхэлдэйнүүд үүрд хаягдал болж үлддэг харамсалтай дүр зураг үргэлжилсээр байна.