Байгаль нуурын бохирдлын буруутан нь Оросууд өөрсдөө

Х.Оргил
12 сарын 01, 2021

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын шадар сайд манай улсад айлчлаад мордохдоо Байгаль нууранд цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих төслийг дэмжихгүй гэж мэдэгдээд явжээ.

Эрчим хүчний хараат байдлаас гарах, Эгийн гол болон бусад усан цахилгаан станцын төслийг барьж дуусгах нь Монгол Улсын эрх ашиг үүнд хойд хөрш байнга саад тотгор учруулж байгаа явдалд эгдүүцсэн эсрэг байр суурийг манай шийдвэр гаргагч эрхмүүд сошиал орчинд нэлээн хүчтэй илэрхийлж байна.

Усан цахилгаан станцын төслүүд нь Байгаль нуурын эко системд нөлөөгүй гэсэн хөндлөнгийн дүгнэлтийг олон улсын байгууллагаар гаргуулах хэрэгтэй гэжээ.

Нэгдүгээрт Эгийн гол бол Байгаль нуурт шууд цутгадаггүй, хоёрдугаарт Байгаль нуурын бохирдол, эко системд шууд аюул учруулж байгаа хамгийн том хүчин зүйл бол оросууд өөрсдөө, тэр дундаа масс аялал жуулчлал гэсэн байна.  

Жил бүр 3-4 сая жуулчин дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулдаг уг нуурыг зорин ирдэг бөгөөд аялал жуулчлал дагасан иргэдийн үйл ажиллагаа, эргийн дагуу олон мянган га газарт төвлөрсөн бохирын системд холбогдоогүй суурьшлийн бүсүүд олон бий болсон, гэр ахуйн хог хаягдал, бохир зэргээс шалтгаалан 25 сая жилийн настай нуур сүүлийн жилүүдэд хамгийн их бохирдсон.

Үүний нэг жишээ нь Эрхүү мужийн нутаг дэвсгэрт нуурын эрэг дагуу хэт их байшин барилга, зочид буудал, амралт аялал жуулчлалын барилга баригдаж, хууль бус газар олголт газар авсан байна. 15 жилийн өмнө Олхон арлыг эх газраас тусгаарлаж байдаг Листвянка тосгоны Малое море хоолойд нуурын усыг шууд ууж болдог байсан бол өнөөдөр энд усанд сэлэхийг хоригложээ.

Виталий Рябцев

Сүүлийн 40 жил нуурыг хамгаалах ажилд хүчин зүтгэж байгаа байгаль хамгаалагч Виталий Рябцев CNN-д өгсөн ярилцлагадаа нуурын орчин танигдахын аргагүй болсон гэжээ. Мөн Листвянка тосгоны бохирын ус нууранд шууд цутгадаг гэсэн байна. Энэ мэт оросуудын өөрсдийн шууд буруугаас болж нууранд уугуул бус замаг бий болж, нуурын амьтан, ургамлын төрөл зүйл устаж байна.

ОХУ-ын Засгийн газар нуурын эко системийг хамгаалах шийдвэр гаргасан ч эсрэгээрээ зочид буудлууд, амралтын газрууд байгуулах, модны үйлдвэрүүд мөн нуурын усыг савлаж үйлдвэрлэх төслийг санхүүжүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.