Австрали улс 2025 он гэхэд нэг удаагийн хуванцаргүй улс болох зорилго тавьж үүнийхээ хүрээнд нэг удаагийн зоогийн хэрэглэл болоод хуванцар соруулуудад хориг тавилаа.

Тус улсын засгийн газрын зүгээс нэг удаагийн хуванцрыг хэрхэн устгах талаар төлөвлөгөөгөө аль хэдийн танилцуулсан ч холбооны, улсын болоод бүсийн удирдлагууд хориг ямар хэмжээнд хэрэгжих тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байгаа гэнэ.

Одоогийн байдлаар тэд нийт найман төрлийн “асуудал дагуулдаг болоод шаардлагагүй” хуванцруудыг хэрэглээнээс хасахаар шийдсэн нь нимгэн гялгар тор, байгалд өөрөө задардаг гэж буруу сурталчилсан гялгар уутнууд, хуванцар аяга, халбага, сэрээ, хутга, соруул, полистерин хүнсний савалгаа, полистерин баглаа боодол, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг бичил бөмбөлөгүүдийг багтаажээ.

Квинсланд нь хуванцрын хоригийг хэрэгжүүлэх хуулийг орчныг бүрдүүлсэн Австралийн анхны муж бөгөөд ирэх 9 сараас тус хориг хэрэгжиж эхлэх гэнэ. Гэвч байгал хамгаалагчид тус улсын бусад мужууд энэхүү хуванцрын хэрэглээгээ хасах үйл явцад бүрэн хамрагдаж чадахгүй болов уу гэж үзэж байгаагаа хэлжээ. 

Австралийн далай хамгаалах нийгэмлэгийн гишүүн Даррэн Кайндлисаидс Гуардиан сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Энэ бол хөнөөлт хуванцруудын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн хувьд нэгэн ахиц дэвшил юм. Ингэснээр бид аль хэдийн эрсдэлд орсон далайн амьдрал, амьтдыг хамгаалахад хувь нэмрээ оруулна. Мөн бидний зүгээс засгийн газарт энэхүү хоригийг улс даяар хэрэгжүүлэх хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардах болно” хэмээсэн байна.

Австрали улс өөрсдийн хуванцрын хэрэглээг багасгах нь нэн шаардлагатай байгаа учир нь тус улс жилд дунджаар 2.5 сая тонн хуванцар хаягдал үүсгэдэг бөгөөд үүний 84 хувь нь хогийн цэгт хүрдэг бол 130 мянган тонн нь байгалд хаягддаг гэнэ.


Эх сурвалж: UNILAD