Peak.mn
11 сарын 15, 2024
Одоогоос яг жилийн өмнө эрчим хүчний тарифыг шинэчлэх, индексжүүлэх замын зургийг судлаачид гаргаж байжээ. Инфляцын нөлөөг тооцож, үйлдвэрлэлийн өртөг, салбарын өр төлбөр, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бодлого гээд олон талаас харж хийсэн замын зураг. Харамсалтай нь Сонгуулийн жил гээд улс төрчид, эрх баригчдын ширээний нүдэнд мартагдсан байх нь. Одоо энэ зураглал бүр өөр болно, хувь хэмжээн дээрээ тохирч чадахгүй шийрэгнээд эргэж буцаад байгаа нь бас ийм учиртай.
Мөн үнэ тарифаас гадна засаглалын асуудлаа орхиж болохгүйг олон нийт ч шаардаж байна. Энд ямар нэг улс төр алга, далд санаа бүр ч байхгүй. Эрчим хүчний салбарт байх томоохон станцууд, уурхайнууд, түгээх, дамжуулахуудын одоогийн засаглалыг өөрчлөхийг тэд хүсээд байгаа юм. Бараг “БЭТ” томилох хэмжээнд байгааг зарим нь хэлж буй. Засаглалыг шинэчлэх гэхээр одоогийн Бат гэдэг даргыг Болдоор соль гэсэн утга биш. Даргыг халж солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүйг бүгд харлаа, мэдэрлээ.
Адаглаад хараат бус мэргэжлийн ТУЗ-тэй болох, тайлан балансаа улирал тутам мэдээлдгээс эхлээд, зөвшөөрөл, тусгай эрхийн асуудалд ужиг болсон авлигыг таслах, уламжлалт хандлагыг цахимаар шийдэх гэх мэт...
Харамсалтай нь салбарт тарифын шинэчлэл, засаглалын өөрчлөлт хийхийг өнгөн дээрээ дэмжиж байгаа ч эс үйлдлээрээ “гэдийж” байгаа нь бодлогын яам өөрөө!
Эрчим хүчний салбарт засаглаж ирсэн үе үеийн дарга, сайд нар нь салбарыг мөнхийн хаалттай, төсвийн татаастай байлгах сонирхолтой. Ашиг сонирхол нь давамгайлсан тэдэнд салбарын компаниуд хараат бус ТУЗ-тэй байхыг дэмжихгүй байна. Дэмжихгүйгээр барахгүй бүр хүсэхгүй байна.
Эрчим хүчний шилжилтийг амжилттай хийсэн Гүрж, Чили зэрэг орнуудаас харвал манайхтай ижил саадыг давж туулсан, төстэй түүхтэй. Алдаж онож, энэ хүртэл шинэчлэл хийж чадсан улсууд салбарын төрийн оролцоог багасгаж эрх мэдлийн төвлөрлийг задлах замаар хараат бус мэргэжлийн ТУЗ томилсон байдаг.
Менежментийг шинэчлээд зогсохгүй олон жил татаастай явсан үнэ тарифыг өртөгт нь хүргэх цаашлаад хөрөнгө оруулагч сонирхох хэмжээний тарифтай байх нь шинэ эх үүсвэртэй болох гол үндэс. Одоогийн үнэ ханш нь шинэ эх үүсвэр барьж байгуулахад дөнгө тушаа болсныг хэн хүнгүй хэлж байгаа. Үйлдвэрлэл хөгжсөн, дэд бүтэц сайтай утаагүй, түгжрэлгүй, бүтээмжтэй ард түмэн больё гэвэл реформ хийхээс аргагүй. Реформ хийх гэхээр нөгөө хэсэгт ашиггүй учир Чөтгөрийн тойргоос гарахыг хүсэхгүй...
Нийтэлсэн: Ч.Гэрэлчулуун
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.