Алберт Эйнштэйн (1879-1955)

Түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн Алберт Эйнштэйний хувьд харилцааны ур чадвар муу, маш оройтож хэлд орсон, өөртөө өгүүлбэр давтан хэлдэг гэх мэт аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдэгтэй байжээ. Түүнчлэн техник сэтгэхүй маш сайтай байсан зэргээс нь үндэслээд ийм таамаглал дэвшүүлсэн байна.

Чарлз Дарвин (1809-1882)
Тринити Коллежийн багш Майкл Фицжералдын хийсэн судалгаагаар Чарлз Дарвин Asberger’s Syndrome буюу аутизмын хүрээний хөнгөн хэлбэрийн эмгэгтэй байсан ажээ. Дарвины бага насны дурдатгалаас харахад маш зожиг, бусад хүүхэдтэй тоглодоггүй байжээ. Мөн хими гэх мэт нэг төрлийн сэдэвт төвлөрөн анхаарахаас гадна визуал буюу дүрс байдалд их ач холбогдол өгдөг байсан гэнэ.

Исаак Ньютон (1643-1727)
Кэмбрижийн их сургуулийн явуулсан судалгаагаар Ньютон Asbergers Syndrome юмуу аутизмын хүрээний өөр ямар нэг эмгэгтэй байсныг нотолжээ. Тэрээр маш зожиг бөгөөд бусадтай харилцахдаа маш болхи байжээ. Мөн ажилдаа хэт төвлөрдөг бөгөөд нэг хэвийн дадалтай байсан гэнэ.

Микеланжело (1475-1564)
Эрүүл мэндийн салбарын түүхч Доктор Мухаммад Аршадын нийтэлсэн судалгаагаар Микеланжелог аутизмиын хүрээний эмгэгтэй байсныг нотлох олон баримт дэлгэжээ. Үүнд ажилдаа хэт төвлөрдөг, огцом ааш нь өөрчлөгддөг, нэг төрлийн дадалтай, харилцааны ур чадвар дутмаг зэрэг юм.

Волфганг Амадэй Моцарт (1756-1791)
Алдарт хөгжмийн зохиолчийг аутизмын хүрээний эмгэгтэй байсан гэдэгтэй ихэнх судлаачид санал нэгддэг. Тэрээр чанга дуу чимээнд маш мэдрэг байсан бөгөөд заримдаа хачин жигтэй хөдөлгөөн, авиа гаргадаг байжээ.

Эмили Дикинсон (1830-1886)
Cудлаач Жули Боуэн аутизмтай уран зохиолч нарийн талаарх өөрийн номдоо классик яруу найрагч Эмили Дикинсоныг аутизмын хүрээний эмгэгтэй байсан гэжээ. Учир нь Дикинсон өөрийн цаг үеэс маш өөр төрлийн яруу найраг бичдэгээс гадна зожиг, хүүхэдтэй илүү амар харьцдаг, байнга шахуу цагаан өнгийн хувцас өмсдөг, цэцгийн үнэрт хэт татагддаг гэх мэт аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн нийтлэг шинж төрхтэй байжээ. Үүнийг нь түүний татаж унадаг өвчтэй холбон намтарт нь тайлбарласан байдаг хэдий ч аутизмтай хүн ч энэ төрлийн эмгэгтэй байх магадлал их гэж үздэг.

Пол Дирэк (1902-1984)
Пол Дирэкийг 20 зууны хамгийн шилдэг физикчийн нэг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Квантын физикийн төрөлд гарамгай амжилт гарган 1933 онд Нобелийн шагнал авч байсан Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн тэрээр олны хараанд өртөхгүйн тулд Нобелийн шагналаасаа хүртэл татгалзах оролдлого хийж байсан байна. Тэрээр маш сайн төвлөрч чаддаг, юмыг шууд утгаар нь хүлээж авдаг, бусдыг сайн ойлгодоггүй, нэг хэв маягтаа баригдмал зэрэг зантай байжээ.

Тоо баримт, мэдээ мэдээлэл

  1. Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн Аутизмын хүрээний эмгэгтэй байна.
  2. 1989 онд 10000-д 1, 2000 онд 150-д 1, 2018 оны тайлангаар 58-д 1 тохиолдол.
  3. Аутизм эрэгтэй хүүхдэд 4-5 дахин олон тохиолддог.
  4. Аутизмтай хүмүүсийн 1/3 нь эпилепситэй буюу унаж татдаг.
  5. Аутизмтай хүмүүсийн 25%-30% нь хэл яриаг ашигладаггүй.
  6. Аутизмын оношийг хүүхдийг дунджаар 3 настайд нь тавьж байна.
  7. Аутизмтай хүмүүсийн 40% нь оюуны чадавхи хэвийн буюу өндөр байдаг.
  8. Аутизм бол өвчин биш, эмгэг учраас аутизмтай гэж оношлогдсон хүн насан туршдаа аутизмтай л байна.
  9. Аутизмын шалтгааныг одоогоор тогтоогоогүй ба эмчлээгүй байна.
  10. Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй, зөвхөн асуулга, ажиглалтаар оношлодог.
  11. Аутизмын шинж тэмдгүүд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сартайд аутизмыг оношлох боломжтой.
  12. Аутизмыг анх 1943 онд Лео Каннер гэдэг эмч дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу Каннерын аутизм гэж нэрлэдэг.
  13. Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдүүдийг дүрсэлсэнээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголт бий болсон.
  14. Аутизмтай хүмүүст тэдэнд тохирсон арга барил, сургалтын хөтөлбөрөөр сурах чадвартай.
  15. Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг.

Монголын аутизмын холбоонд бүртгэлтэй 785 гэр бүл байгаагаас эрэгтэй 627 (79.87%), эмэгтэй 158 (20.13%), насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 нас буюу ЕБС насны 387, СӨБ буюу 3-5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байна.