Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 17, 2024
Ажилдаа төвлөрөх гэж хичээгээд ч болохгүй, сэтгэл зүй тогтворгүй, ойр ойрхон сэтгэлээр унаж, их ажиллаагүй ч байнгын ядарсан мэдрэмжтэй яваад байна уу?
Тэгвэл үүний шалтгаан нь улирлын чанартай ядаргаа, сэтгэлийн хямрал байж болох юм. Ихэвчлэн хаврын улиралд дархлаа унаж, сульдах нь хүмүүст мэдрэгддэг. Гэвч улирал солигдох бүрд хүний бие махбод, сэтгэл зүйд ямар нэг байдлаар нөлөө үзүүлдэг байна.
Энэ нь танд дараах шинж тэмдгүүдээр илэрнэ. Үүнд:
Нүүрс ус ихтэй хоол хүнсний хэрэглээ буюу гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чихэр зэргийг түлхүү идмээр санагдана. Үүнээс гадна эрч хүчгүй болох, байнга нойрмоглох, ядрах, анхаарал төвлөрөл муудах, хүнтэй харьцахаас төвөгшөөх, нозоорох зэрэг шинж тэмдэг ажиглагдах нь түгээмэл байдаг.
Хэрэв танд танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал дараах зөвлөгөөг дагаарай.
#Өдөрт дор хаяж 10 минут агаар салхинд гараарай
Өдөрт хамгийн багадаа 10 минут салхинд гарч өөрийгөө сэргээгээрэй. Наранд сууж Д аминдэмээ нөх, сэтгэл санаа ч дээрдэнэ. Ингэснээр сэтгэл гутралыг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан. Бүрхэг өдөр байсан ч хамаагүй гарч агаарт дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө сэргээхээ бүү мартаарай.
#Д аминдэмээ оношлуул, дутагдсан бол нөхөж уугаарай
Сэтгэл санаа тавгүй, ойр ойрхон гуниглах мэдрэмж төрөх нь Д аминдэмийн дутагдалд орсны шинж юм. Түүнчлэн амархан өвддөг бол эрдсийн шилжилгээ өгч, хэрэв аминдэм дутагдсан бол нөхөж уугаарай. Д аминдэм нь аз жаргалын даавар гэгддэг серотонины үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэгтэй байдаг. Серотонин нь хүнийг аз жаргалтай болгож, зан төлөвт эергээр нөлөөлдөг.
Тиймээс аль болох Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, нэмэлт бэлдмэл хэрэглэхийг хичээгээрэй.
#Хүнсний ногоо, жимсийг өдөр тутам идээрэй
Хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо их хэрэглээрэй. Жимс жимсгэнэ, гадил, навчит ногоо \бууцай, байцаа, яншуй, цэцэгт байцаа гэх мэт\, шош, бүхэл үрийн гурил зэрэг уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь танд дутагдсан витаминыг нөхөж, эрч хүчтэй болгоно.
Тухайлбал, навчит ногоонууд нь хүний биеийн дархлааг сайжруулдаг лектин хэмээх бодисыг агуулхаас гадна В1,В2, С витамин, кальци,фосфор, кали, магни ихээр агуулдаг байна.
#Сайхан үнэрээр сэтгэл санаагаа засаарай
Судалгаагаар эфирийн тос нь сэтгэл зовнил, хямралыг даван гарахад чухал нөлөөтэй болохыг тогтоожээ. Ялангуяа уйтгар гунигаа даван туулахад эфирийн тос сэтгэл хөдлөл, бие махбодыг хянах үүрэг гүйцэтгэдэг тархины хэсэгт нөлөө үзүүлдэг байна. Энэхүү аргыг хэрэгжүүлэхэд танд ердөө таатай мэдрэмж өгдөг биеийн тос эсвэл үсний цацлага, үнэртэн байхад л хангалттай.
#Иог, бясалгал хийж хэвшээрэй
Иог, бясалгал нь аз жаргалын дааврыг ялгаруулдаг учраас өдөр тутамдаа тогтмол хийж заншаарай. Ингэснээр нойрны үйл ажиллагаа сайжирч, илүү эрч хүчтэй сэрэхэд тусална. Тиймээс өөрийн түвшиндээ тохируулан ‘Youtube’ дэх иогийн анхан, дунд шатны хичээлүүдээс сонгон, дагаад хийгээрэй.
#Гэр бүл болон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлээрэй
Жиндүүхэн өдрүүд буюу улирал солигдож буй энэ үед эрч хүчгүй, ядарсан мэдрэмж төрж байна уу?
Юун түрүүнд танд сошиал хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Үүний оронд ойр дотнын найз нөхөд, гэр бүлтэйгээ уулзан цагийг өнгөрөөгөөрэй. Энэ нь таныг стрессээсээ ангижрах, сөрөг бодлуудаас салгах үр дүнтэй арга юм. Тиймээс тэдэнтэй ойр байж оройн хоол идэх, кино үзэх, кофе уух, салхинд гарах зэргээр цагаа үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.
Хэрэв дээрх аргуудыг хэрэгжүүлж, дадал болгож чадвал таны сэтгэцийн эрүүл мэндэд эерэг үр дагавар авчирна. Судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол хүнс хэрэглэх, нойр сайн авах, бясалгал, иог хийх нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг байна. Мэдээж тайван байж, эерэг бодлуудад анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: https://blog.tentree.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.