Толгой өвдлөө, хүзүү хөшөөд байна, суудлын өвчтэй болчихож гэж манайхан өөрсдийгөө оношлох дуртай. Гэтэл энэ бол цусны даралт ихсэх өвчний эхэн үеийн шинж тэмдгийн нэг юм. Үүнийг тоохгүйгээс л болж өнөөдөр Шастины нэрэмжит 3  дугаар эмнэлэгийн Харвалтын тасагт ид ажиллаж хөдөлмөрлөх насны залуус эмчлүүлдэг болжээ. Тэдний дотор 18-20-той залуус хүртэл цус харван хүргэгдэж ирдэг болсон гэдгийг тасгийн эмч нар ярьж байлаа. Харамсалтай нь тэд бүрэн эдгэхгүй,  харвалтаас шалтгаалсан нас баралт, тахир дутуужилтыг бууруулах эмчилгээ л хийлгэнэ. Харин арваад жилийн өмнө бол энэ өвчлөл 40-өөс дээш насныханд тохиолддог байжээ. Тохиолдол иймээс гадна олон судалгаа үүнийг баталсаар буй. Олон улсын эрдэмтэн судлаачдын баг цусны даралт ихсэх өвчний тархалтыг 5 жилийн давтамжтайгаар гурван удаа судласан байдаг. Энэхүү үндэсний хэмжээний судалгааны дүнгээр манай улсын хүн амын гуравны нэг нь шууд цусны даралт ихсэх өвчтэй гэж оношлогджээ.

Үүнээс гадна Америк төвтэй GBD судалгааны байгууллагаас улс орнуудын 100 мянган хүн тутамд тохиолдож буй цусны харвалт өвчний тохиолдлоороо манай улс дэлхийн дунджаас 4 дахин өндөр гарсан,  цус харвалтаас болж эндэж байгаа хүний тоогоороо тэргүүлдэг 10 орныг жагсаахад  гэдгийг мөн л манай улс тэргүүлж явна гэдгийг Эрүүл Зүрх - Эрүүл Улаанбаатар төслийн зохицуулагч Х.Хулан хэллээ. Хамгийн аюултай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь “чимээгүй алуурчин” гэгддэг энэ өвчинд өртсөн гэдгээ мэддэггүй. Учир нь энэ өвчин шүд эсвэл яс шиг хүчтэй өвдөлт өгдөггүй учраас зөвхөн шинж тэмдэг нь илэрсээр байдаг. Хүмүүс үүнийг анзаардаггүй, хааяа үзэхэд даралт нь ихэсчихсэн явж байдаг гэж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Т.Болормаа хэлж байна. Мөн эрсдлийн хувьд 40-өөс дээш насныхан хамааралтай ч жил ирэх тусам залуужих хандлагатай байгаа. Цус харвахын өмнө толгой өвдөх, огиж бөөлжих, ам мурийх, гар хөл сулрах, хэл яриа тультраа болвол ядаргаа гэж оношлох биш яаралтай түргэн тусламж дуудаж эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай гэв.  

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болохыг Эрүүл мэндийн статистик тоо мөн л баталж байна. Үүний дараа хавдар, гуравдугаарт осол гэмтэл ордог. Тодруулбал, манай улсын хүн амын нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр амиа алджээ. Уг нь халдварт бус өвчин биш ч манай улсад энэ тоо жил ирэх нэмэгдсээр л. Харин эртхэн эмнэлэгт үзүүлж чадвал сэргийлэх боломж 90 хувь байдаг ажээ. Монголчууд энэ өвчинд хүнээ алдаад байгаа хэдхэн шалтгаан бий. Тухайлбал бидний өдөр тутмын давсны хэрэглээ хэт өндөрөөс улбаатай. ДЭМБ-ын судалгаагаар хүн өдөр нэг цайны халбага давс хэрэглэх ёстой. Харин Монголчууд хоёроос дээш цайны халбага давс хэрэглэдэг гэдгийг "Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийнхөн хэлж байна. Гэхдээ шууд бусаар хэрэглэж буй хоол хүнс, хиам, талх, чипс зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан энэ их цагаан хорыг биедээ шингээж байгаагүй мэддэггүй гэв. Бас нэг шалтгаан нь архи тамхины хэрэглээ юм. Энэ хэрэглээнээс үүдсэн өвчлөлийн  гучин хувийг эзэлдэг ажээ. Сүүлд манай улсад хийсэн ДЭМБ-ын судалгаагаар Монгол хүүхдүүд хоол тэжээлийн бус шим тэжээлийн дутагдалтай гэж гарсан билээ. Тэгвэл энэ шалтгаан ирээдүйд зүрх судасны өвчтэй болж цаашлаад тархинд цус харваж саажилттай болох шалтгаан болдог гэдгийг Лондон дахь зүрх судасны эмч нарын холбоо баталжээ.

Дэлхий дахинд цусны даралт ихсэх өвчтэй 130 орчим сая хүн бий. Харин эдгээр хүмүүсийн дийлэнх нь Зүүн Өмнөд Ази болон Африк тивийн орнуудад тохиолддог. Харин өндөр хөгжилтэй АНУ, Канад зэрэг улсад энэ төрлийн өвчин хамгийн бага бүртгэгддэг байна.