Монголчууд архийг идээний дээж гэдэг. Энэ ч утгаараа бүхий л баяр ёслол, арга хэмжээ, уулзалтад ширээндээ залдаг. Хэрвээ архийг дээж гэж хүндэтгэдэг бол зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг цээрлэдэг цээрийг нь ч дагах хэрэгтэй.

Өнөө үед архи идээний дээж бус нулимс дагуулсан ус болж хувираад байна. Бид өөрсдөө хэтрүүлэн хэрэглэж тийм болгож байна.

Монгол Улс нэг хүнд ноогдох архины хэмжээгээрээ Ази тивд дөрөвдүгээрт ордог. Манай улсын насанд хүрсэн иргэдийн 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, 93 мянган хүн архины хамааралтай гэсэн харамсалтай судалгаа байна. Аймшигтай тоо. Бид чинь гуравхан саяуулаа шүү дээ. Гэтэл тал нь архины хамааралтай. 

Ийм байхад нийгмийн сэтгэл зүй доройтож, тогтворгүй гэр бүл ихсэх нь аргагүй. Нийгмээ дагаад  өсвөр насны хүүхэд хүртэл архи согтууруулах ундааг хэрэглэх нь ердийн үзэгдэл мэт боллоо. 

Бид архичин ирээдүйг бэлдсээр байх уу?   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судал­гаа, тогтоосон стандартаар жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 8-9 литр хүрвэл улсын үндэс­ний аюулгүй байдалд аюул учирсан хэмээн үздэг бай­на. Гэтэл Монгол Улсад нэг хүнд ноогдох архины хэмжээ 28.8 литр байна. Энэ бол аюулын харанга аль хэдийн дэлдсэн гэсэн үг. 

 Монголд архигүй баяр гэж байхгүй

Монголчууд салхинд гарахдаа архи ууна, амралтад явахдаа архи ууна, найзын төрсөн өдөр, ойн баяр, байрны найр, ангийн уулзалт бүр хүүхдийн үсний найр гээд тэмдэглэж болох бүхий л зүйлд архи гэгч гашуун усыг хоймортоо залж, рашаан мэт хэрэглэсээр байна. Бүр заавал архи уух ёстой гэсэн бичигдээгүй хууль ч юм шиг. 

Уухгүй гэсэн нэгнээ архиар шахаж "чи хэзээ ийм байсан юм, маяглаад бай, уу" гэнэ. Эдгээр үг танд ч танил сонсогдож байгаа нь ойлгомжтой.

Баасан гарагийн орой алжаалаа тайлах нэрийдлээр уудаг, ажлаа бүтээхийн тулд хэн нэгэнтэй хундага юм тулгах шаардлагатай тулгарна. 

Ингэж өөрсдийгөө хордуулсаар, донтуулсаар костюмтай архичид гэх тодотголтой болсон.

Харахад боловсон хэрнээ аль хэдийн архины хамааралтай болчихсон.  

Өнөө үед архи ууж сэтгэлээ засах, архи ууж зоригоо чангалах, архи ууж сэтгэлээ илчлэх, архи ууж сайхан уур амьсгал бүрдүүлэх гэх зэргээр бүх зүйл архитай холбогдоно. 

Архи уугаад засардаг, тайвширдаг сэтгэл гэж хаа ч байхгүй. Харин архи ууснаас болж гаргасан буруу шийдвэр, буруу үйлдлийн хор уршиг тоймгүй олон бий. 

Ганцхан жишээ дурьдахад, саяхан олны танил хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа алдсан гэх харамсалтай мэдээ олны чихийг хэдэн хоног сортолзууллаа. Амтай болгон болгон ярьж, сэтгэлтэй болгон өмөлзөв. Гэвч ийм төрлийн хэрэг өдөр бүр болдог гэвэл та итгэх үү.

Монгол Улсад бүртгэлтэй гэмт хэргүүдийн 71 хувь нь архинаас хамааралтай байдаг ба цагдаагийн байгууллагад ирж буй дуудлагын 80 хувь нь архидалттай холбоотой байна. Архи хэрэглэсэн үед уур уцаартай болох, сэтгэл хөдлөл, хийж буй үйлдлээ хянаж чадахгүй болох зэрэг асуудал үүсдэг байна.

Учир нь архи  мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах үйлчилгээтэй бодис юм.

Согтууруулах ундааны 20 хувь нь ходоодны салст бүрхэвчээр шимэгдэж цусанд ордог. Үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог ба цусаар дамжиж тархины үйл ажиллагаанд нөлөөлж, бие махбодийг хянах, удирдах чадварыг бууруулдаг байна. Үүнээс улбаалаад согтуурсан үедээ нэгнийгээ гэмтээх, насан туршид нь эдгэшгүй шарх сорви үлдээх, цаашлаад хүний алтан амь үрэгдэх зэрэг асуудлууд өдөр тутам үүсч байна. 

Архи гэх гашуун уснаас болж олон мянган залуус амь нас, эрх чөлөөгөө салхинд хийсгэж, сэтгэл гэх эрхтэндээ хадаас зоож амьдын үхэл болж явна. Архи савнаасаа бусдыг дийлнэ гэх айхтар үгийг батлах гэсэн мэт олон сая хүн уусан архиныхаа шилийг дэрлэж үүрд нойрссон. Хичнээн харамсаад ч хэлсэн үг, хийсэн үйлдлийг буцааж болохгүй хүний орчлонгийн хууль ийм хатуу аж.

Дэлхий дээр архи согтууруулах ундаанаас болж жилд дунджаар 3 сая хүн нас бардаг гэж ДЭМБ-аас зарласан. Дэндүү харамсалтай. 

Монгол Улсад архины 44 үйлдвэр байдаг ба 3 сая хүн амд ихэдсэн тоо. 

Монголын ирээдүй болсон олон хүүхэд очих цэцэрлэггүйн улмаас идэх хоолгүй хүйтэн гэртээ түгжигдэж, аюулд өртөхөд тусламж авч чадалгүй тэнгэрийн орныг зорьсон. 

Гэтэл бид ууж барамгүй их архинд, түүнийг үйлдвэрлэх үйлвэрт хөрөнгө оруулсаар санаатайгаар үндэстнээ мөхөөсөөр байна. 

Түүний оронд ядаж нэг ч гэсэн цэцэрлэг бариад өгвөл хичнээн бяцхан зүрх аврагдаж, мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэх бол, хичнээн хүүхэд аз жаргалын инээдээр эргэн тойрноо будах бол. 

Тэдэн дунд хэдэн Адарсүрэн, хэдэн Норовбанзад, хэдэн Аса аварга байхыг бид таашгүй. 

Хэн нэгний хэзээ нэгэн цагт хэлсэн "идээний дээж" гэх бурам шиг үгэнд хууртаад үндэстнээрээ "архичин" гэх тодотгол зүүж, сэтгэцийн асуудалтай болоход ойрхон байна.

Аюулын харанга дэлдэж байна. Та ч өөрийгөө, ойр тойрныхныгоо анзаарч, дүгнэлт хийгээрэй.