АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт нэг сарын турш үргэлжилж байна. АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтээс үүдэлтэй улс төрийн энэхүү нөхцөл байдал ойрын хугацаанд дуусгавар болох төлөвгүй байна.

Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтийг төсөвт суулгахыг хүссэн Ерөнхийлөгчийн шаардлагыг Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Засгийн газрын түр зогсолт өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд эхэлсэн билээ.

АНУ даяар 800 мянга гаруй албан хаагч чөлөө авах юм уу цалингүй ажиллахад хүрч, нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд ажиллахаа больсон нь аялагчдын хувьд ихээхэн саад болж байгаа ажээ. Мөн Засгийн газрын түр зогсолт Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Вашингтон хот дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд болон музейнүүд үйл ажиллагаагаа зогсоосон ба зочид буудлуудад ирэх зочдын тоо ихээхэн буурчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Д.Трамп Ардчилсан намын гишүүдтэй зөвшилцөхийг хүссэн боловч түүний саналыг няцаасан юм.

Ажиглагчдын үзэж буйгаар, Ерөнхийлөгч болон Ардчилсан намын төлөөлөгчид ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодож, аль нэг тал нь буулт хийх аваас дэмжигчдийнх нь тоо буурна хэмээн тооцоолж байж магадгүй ажээ. Энэ шалтгааны улмаас улс төрийн энэ нөхцөл байдал ойрын хугацаанд шийдэгдэх төлөвгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK