Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл, Финландын Гадаад харилцааны яам, Финландын ФЛОМ байгууллага, Тэгш тусгал ТББ-ын захиалгаар “Амгалан дэлхий” ТББ-аас Монгол дохионы хэлний үүсэл хөгжлийг харуулсан “Аниргүйд бүтээсэн хэл” баримтат кино бүтээлээ. 

Монгол дохионы хэл бол монголчуудын бүтээж бий болгосон оюун санааны үнэт өв бөгөөд сонсголгүй иргэдийн ахуй соёлоос үүдэн анир чимээгүйд үүсч хөгжсөн хэл бөгөөд эх хэл нь юм.  Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг  дэлхий дахинаа сургалтанд ашиглагдсан цаг үеийг XIV зуунтай холбодог. 

Манай улс 1-р сургуулийн дэргэд сонсголгүй хүүхдийн нэг ангийг туршилтаар 1962 онд хичээллүүлж эхлээд 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 481 дугаар тогтоолоор 29-р сургууль байгуулагдсан үеэс эхлэн монгол дохионы хэлийг сургалтанд ашиглах хөгжлийн суурь тавигдсан. Үүнээс өмнө 1890 оны үед сонсголгүй гэр бүл дохионы хэлээр харилцаж байсан талаар Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны гаргасан “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж амжилт номонд дурдсан байна.  

29-р сургуулийн ахмад багш нар Кирил цагаан толгой буюу Орос дохионы хэлний цагаан толгой 33 үсэг дээр Ө, Ү үсэг нэмж, Монгол дохионы хэлний 35 хурууны үсэг зохиожээ. Мөн 1978 онд байгуулагдсан Монголын хараагүй дүлий иргэдийн нийгэмлэг монгол дохионы хэлний хөгжлийн суурь үндсийг тавьж, 29-р сургуулийн ахмад багш нар анхны цагаан толгой сурах бичгийг бүтээж байв.

Харин Монголын сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн бүлэг, 29-р сургуульд суралцаж байсан сонсголгүй хүүхдүүдийн харилцаанаас монгол дохионы хэл хөгжсөн.

2009 онд монгол дохионы хэлний стандарт боловсруулах үйл ажиллагааг төрөөс санаачилсан ч “Аливаа дохионы хэлний стандартжуулахыг хориглосон” Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо, Дэлхийн дохионы хэлний орчуулагчдын холбооны хамтарсан мэдэгдэл 2011 онд гарсан.Учир нь хэлийг стандартжуулах боломжгүй бөгөөд хэлний зүй тогтлын дагуу, өөрчлөгдөн хөгжиж дараах үедээ өвлөгддөг гэж үзсэн байна. 

Иймээс 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т Монгол дохионы хэлийг сонсголгүй иргэдийн төрөлх эх хэл гэж хуульчилсан.  Гэсэн ч өнөөг хүртэл монгол дохионы хэлийг сонсголгүй хүүхдийн боловсролд ашиглаагүй байна. Саяхан батлагдсан Боловсролын тухай хуулийн 6-р бүлгийн 5-рт “Сонсголын бэрхшээлтэй сурагчдад сургалт үйл ажиллагааг ... дохионы хэлээр явуулна.” сонсголгүй хүүхэд эх хэлээрэй боловсрол эзэмших эрх хуульчлав.

Монгол дохионы хэл монгол ахуй соёл, монголын сонсголгүй иргэдийн дундаас үүсч хөгжсөн баталгаа нь үг-статистикийн харьцуулсан судалгаанаас харагдана.  Орос бас Монгол дохионы хэлний хамгийн түгээмэл 100 дохио харьцуулахад ижил төстэй байдал нь 16 байсан нь энэ 2 хэлний үүсэл гарал эрс ялгаатай бие даасан хэл болохыг харуулжээ. 

Аниргүйд бүтээсэн хэл монгол дохионы хэлний түүхэн баримтат киногоор өнөөг хүртэл монгол дохионы хэлний үүсэл хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ахмад үедээ талархахын зэрэгцээ, сонсголгүй иргэд монгол дохионы хэлээ судалж буй шинэ залуу үе, шинэ цаг үеийг онцлон энэхүү баримт киног бүтээжээ.