Автобусанд таарсан нэг залуу алганы хагас хэмжээтэй нэлээд хэдэн цаас үдээд дээр нь англи үгийг монгол “орчуулга”-тай нь бичсэн байв. Цээжилж яваа бололтой юм. 

Undergo – орох, undertake – хийх гэх мэт. “Хаана хэрэглэхээ мэддэг л байгаа даа” гэж бодож зогслоо. “Undergo” бол зүгээр нэг “орох” биш аливаа үйл явдлын нөлөөнд орох гэдэг утгатай шүү дээ. “The city will undergo a major reconstruction next year.”, “My sister underwent a plastic surgery”. “Undertake” бол бас л зүгээр нэг хийх биш аливаа том хэмжээний үйл ажиллагаа, төсөл зэргийг ганцаарчлан эсвэл багаар гардан авч, бүрэн хариуцаж хийх гэсэн үг. “Subedei is one of the most successful generals of all time. He undertook the entire Mongol invasion of Europe, almost single-handedly.”

Зөв ойлгож хэрэглэж чадвал ганган үгнүүд шүү дээ. Гэвч эдгээр үгнүүдэд харгалзах нэг монгол үг оноогоод цээжилбэл хаана хэрэглэх ёстойг нь мэдэхгүй. Ер нь ямар ч үгэнд аль болох дөхсөн орчуулга л гэж байхаас биш төгс харгалзах орчуулга гэж байдаггүй. Ялангуяа үйл үгэн дээр төгс харгалзах нь байтугай санааг нь дөхүүлэх үг ч олдохгүй байх нь бий. “Detest, despise, hate, abhor, loathe, scorn” гэдэг үгнүүд бүгд “жигшин зэвүүцэх, үзэн ядах” гэх утгатай боловч хоорондоо чимхлүүр ялгаатай, хэрэглэх тохиолдлууд нь өөр байдаг.

Орчуулга хийнэ гэдэг нь геометрийн “тэг рүү хязгааргүй ойртох” гэдэг ухагдахуунтай төстэй юм. 

Гипербол тэг рүү төгсгөлгүй ойртдог боловч хэзээ ч огтолдоггүйн адил аливаа үг, өгүүлбэрийн орчуулга сурвалж текстийнхээ чинхүү санаатай аль болох дөхсөн байна уу л гэхээс биш төгс олдоггүй. Ер нь ч тэгээд аливааг үгээр илэрхийлнэ хэмээгч нь угаас төгс, ариун утга санааг илэрхийлэхийг “оролдож”, сэвтүүлж байгаа хэрэг билээ.


Монгол хэлэнд “safe” гэдэгт оновчтой харгалзах тэмдэг нэр төдийлөн байдаггүй. Зүгээр “аюулгүй” буюу “not dangerous” гэж хэлдэг. (“мэнд” гэмээр санагдав) Оюу Толгой уурхайн ажилтнууд болт, гайкны түлхүүрийг цоожны түлхүүрээс ялгахын тулд вренч гэж ярьж байна. Яг ч монгол хэл муу гэсэн үг биш л дээ. Зүгээр л хэл хооронд ийм зүйл байдаг.

За, тэр яахав. Бодит нэр үгнүүдийг ингэж тэмдэглэл болгоод эсвэл хөргөгч, ширээ, сандал дээр харгалзах үгийг нь бичиж болох боловч хийсвэр нэр үгэн дээр ингэж цээжлэх нь мөн л ихээхэн учир дутагдалтай. “Энэ “aspect” гэдэг үгтэй би нэг өдөр зодолдох байх” гэж нэг хүн ярьж байсан нь санаанд оров. 

“Perspective” гэдэг үгийг “үзэмж, харах өнцөг” гэж цээжиллээ гэхэд хаана хэрэглэх, урд, ардаа ямар нөхцөл авдгийг яахин мэдэх билээ.

Үг цээжлэх биш ойлгох хэрэгтэй, хаана хэрэглэдгийг нь мэдэх хэрэгтэй гэж хэлэх гээд л баахан нуршчихлаа. Заавал монголоор орчуулж ойлгох ч албагүй. Хаана хэрэглэдгийг нь, бусад үгстэй яаж холбогддогийг нь л мэдчих.


Заавал тэмдэглэж цээжлэх гээд байгаа бол хэд хэдэн дэлгэрэнгүй жишээ өгүүлбэртэй хамт бичих хэрэгтэй. 

Тархи аливаа өгөгдлийг учир холбогдол үүсгэн ой санамжиндаа оруулж байдаг. 

Ингэж үг цээжлэх нь учир холбогдолгүй, салангид, түүхий өгөгдөл цээжилж тогтоохтой адил тул ихээхэн хэцүү, хүчин чармайлт шаарддаг, үр дүн муутай, амархан мартагддаг, найдваргүй арга юм. 

Нас ахих, бас архи уух тусам хүний оюуны чадвар хүүхдийнх шиг гоц сайн байхаа больж аливааг цээжилж тогтоох улам хэцүү, бүтэлгүйтэл ихтэй болно. 

Сурагч байхдаа Алтангэрэлийн цэнхэр толийг бүтнээр нь цээжилнэ гэсэн зорилго тавиад эхэлсэн боловч эхний нэг хуудсыг ч цээжилж чадаагүй маань ердийн нэгэн орчуулагч миний хувьд хамгийн дурсамжтай, сургамжтай бүтэлгүй үйлдэл байсан юм. Тиймээс дэмий үг цээжилж тархины хэдэн эсийнхээ тамыг цайлгаад хэрэггүй.

Ямартаа ч тэр залуу хичээхгүй, үлбийсэн хүмүүсийг бодоход оролдлоготой байгаад багахан баярласан билээ.


Эх сурвалж: Хэл сурах зөвөлгөө