Энэ Америкийн дунд сургуулиудаас авах юм их байнаа. Манайханд “сүртэй шдээ” гэж бодогдох зүйлс, эднийхний хувьд яагаад ч сүртэй биш байдаг.

Заримаас нь дурдлаа.

1.  Америкийн сургуулиудад ангийн фондны мөнгө гэх ойлголт огт байхгүй. Бүх юм цаанаасаа. 

Улсын сургууль ч тэр. Засварын зардал, анги тохижуулах зардал, ангид шинээр юм худалдаж авна гэх мэт нь зөвхөн сургуулийн л үүрэг. Багш ч тиймэрхүү дэл сул зүйлд оролцохгүй, хичээлээ л заана, өөрийгөө хөгжүүлнэ, уншиж судлахад цаг гаргана. 


2.  Сургууль зөвхөн харьяаллынхаа хүүхдийг л авна. Таны хэн байх, хэнийг таньдаг мэддэг байх хэнд ч хүртээлгүй. 

Хүүхдүүд гэрийнхээ хаяанд л сургуульд явна. Бүр их сайн сургуульд хүүхдээ оруулъя гэвэл эртнээс тэр дүүрэг рүү нүүж очдог. Тиймээс харьяаллын бус газарт амьдардаг хэрнээ хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж хотын замд түгжрэл үүсгээд явах ухамсаргүй хүн нэг ч байхгүй. 


3.  Багшид зөвхөн шинэ жил, зул сарын баяраар л жижгэвтэр, үнэ хямдтай бэлэг өгнө.

Фондны мөнгө цуглуулж багшид бэлэг авч өгье гэдэг санал гаргавал эцэг эхчүүд маш их гайхна. Зарим нь уурлана. Тэр бүү хэл жирийн үед шалтгаангүйгээр бэлэг өгвөл багш огт хүлээж авахгүй. Түүнийг авилга гэж үзэх нь бий. Бэлэг өгсний хариуд хүүхдэд чинь тусгайлан анхаарал хандуулна гэж хэзээ ч байхгүй. Бараг хүүхдээ эвгүй байдалд оруулаад дуусна. 


4.  Хүүхдүүд хэзээ ч бие биенийхээ дүнг мэддэггүй. Зөвхөн багш, эцэг эх, тухайн сурагч л мэднэ. Тиймээс сурлага тааруугаасаа болж үеийнхэндээ гадуурхагдана гэдэг ойлголт байхгүй. Хэн хэд сурдаг, даалгавраа хийдэг, хийдэггүйг багш хэзээ ч нийтэд зарлахгүй. Энэ бол сурагчийн нэр төр, хариуцлага бас хувийн нууц. 


5.  Багш хэнийг ч бусад хүүхдүүдийн нүдэн дээр илтэд магтаж сайшаахгүй. Яагаад гэвэл хүүхдийн сэтгэлзүй эмзэг гэдгийг тэд маш сайн мэддэг. Бас хүүхэд бүрт ямар нэгэн онцгой давуу тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 

6.  Бага болон дунд сургуульд сурагчид голдуу дүрэмт хувцас өмсөнө. Гэхдээ дүрэмт хувцас худалдаж авах боломжгүй хүүхдүүд байвал сургуулийн захиргаа үнэгүй өгнө. Учир нь янз бүрийн гадна дотны төсөл, хөтөлбөрүүд сургуулиар дамжиж хэрэгжих тул хүрэх ёстой жинхэнэ эзэддээ хүрч байгаа нь тэр. 

7.  Боловсролд арын хаалга байдаггүй гэдэг үг энд л хэрэгждэг. Танай хүүхэд олигтойхон сурахгүй л бол та Ерөнхийлөгчтэй найз байгаад ч нэмэргүй. Бүх зүйл дүрэм, журмын дагуу л явна. Хандив өгөөд арын хаалгаар дээд сургуульд орж болно гэдэг увайгүй ойлголт Монголд л байна. 

Тиймээс шударгаар хөдөлмөрлөж, үнэнчээр зүтгэх л сонголт байна. Хэрэв үгүйсэн бол Америкийн 300 сая иргэн бүгд дээд боловсролтой байх байлаа. 

Хэдийгээр боловсролыг үнэлдэг ч бүх хүн сэхээтэн байх боломжгүй тул онц сурлагатангуудыг олноор нь биш гагцхүү сайн хүн, шударга иргэнийг бэлдэхэд л анхаардаг.