БЕРЛИН. /RIA Novosti/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхий сайдын гэргий Хайя бинт аль-Хусейн Герман улсаас орогнох эрх хүссэн гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам үнэн гэдгийг нотолсонгүй. 

“Бидэнд нотлох баримт байхгүй учраас бид энэ мэдээллийг нотолж чадахгүй” гэж Герман улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Адебар даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон Германы Дотоод хэргийн яамны төлөөлөгч мөн дээрх мэдээлэлтэй холбоотой мэдээллүүд байхгүй гэж мэдэгдсэн байна.

АНЭУ-ын Ерөнхий сайд бөгөөд Дубайн эмир, шейх Мохаммед бен Рашид Аль Мактумын гэргий асар их хэмжээний мөнгөтэй эх орноосоо зугтан гарсан гэж Их Британийн “Sun” сонин урьд нь мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, гүнж Хайя бинт аль-Хусейн энэ оны хоёрдугаар сараас хойш олны өмнө гараагүй байна. Тэрбээр 31 сая фунт стерлинг /39 сая орчим ам.доллар/ аван, 11 настай охин, долоон настай хүүгийн хамт Герман руу зугтан гарч, орогнох эрх хүссэн даруйдаа гэр бүл цуцлуулах өргөдөл гаргасан аж.

Гүнжийн энэ үйлдэл нь АНЭУ болон Германы хооронд дипломат хямралын эхлэлийг тавихад хүргэсэн гэж “Sun” сонинд бичсэн байна. Зарим мэдээллээр, АНЭУ-ын Ерөнхий сайд Германы эрх баригчдад хандан эхнэр, хүүхдүүдийг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч татгалзсан хариу авчээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг