Өмнөх сонгуулиас хойш гурван жил өнгөрч, өдгөө бид шинэ сонголтын босгонд тулж ирлээ. Эрх барьсан намууд, УИХ-ын гишүүд амлалтаа биелүүлснээ сайрхан ярьж, шинэ амлалтуудын цуваа айсуй. Өнөөдрийн энэ цаг үед, өнгөрсөнд тэдний юу амлаж, хэрхэн хэрэгжүүлснийг сануулах нь илүү биш юм.Ямар ч сонгуулийн хамгийн гол шалгуур нь улс төрийн нам, нэр дэвшигч юу хийх вэ, юуг чадах вэ гэдэг мөрийн хөтөлбөр байдаг. Тэгвэл нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр биелсэн үү, гэсэн асуултад жишээ болгож Завхан аймгаас сонгогдон УИХ-д сууж буй төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийг эргэн санацгаая. 

2020 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар мөрийн хөтөлбөртөө ингэж тусгажээ. 

Тэд нэр дэвшигчийн сурталчилгааны сэтгүүлдээ мөрийн хөтөлбөрийнхөө онцлох 10 зорилтын 9, 10 дугаарт нь Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолбор барина. 

Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд автозамын ажлыг эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрүүдийг засварлаж, шинээр барина гэж бичсэн байх юм.

Ингээд УИХ-д нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн онцлох зорилт, “амлалт”-ыг нягталж үзэхэд, 

Баримт 1 

Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолбор барих талаар Засгийн газраас ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүй байна. Харин Завхан аймгийн Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолбор нэртэй НҮТББ-ыг Завхан аймгийн МАН-ын дарга асан Ж.Жамъянтив, Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүн Б.Энхболд нар хамтран 2013 оны 10 дугаар сард байгуулсан нь нээлттэй өгөгдлийн санд бүртгэгджээ. 

Эдгээр нэр бүхий хүмүүс өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Алдархаан сумын нутагт байрших Сангийн хотын туурийн хажууд баригдах цогцолборын эскиз загварыг гаргаж, фэйсбүүкийн пэйж хуудас нээснээс өөр цогцолборын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.


Баримт 2

Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт УИХ-ын гишүүний мөрийн хөтөлбөрт туссан дээрх хоёр заалтын талаар Тээвэр, логистик, аялал жуулчлал гэсэн бүлгүүдэд нь огт тусгагдаагүй байна.  

Баримт 3 

“Алсын хараа 2050”  Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар” хүртэлх автозамыг барьж байгуулна гэж туссан боловч 2020 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд энэ замын талаар нэг ч зураг төсвийн тендер шалгаруулаагүй байна. 

Баримт 4

Ингээд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн зөвлөх Н.Биндэръяагаас мөрийн хөтөлбөрийн дээрх хоёр заалтын тухай утсаар тодруулан асуухад,

-“Улиастайгаас - Дөргөн Мянгадын чиглэлд зам барих, Отгонтэнгэрийн аялал жуулчлалын төв барина гэж мөрийн хөтөлбөрт огт тусгагдаагүй, ярьж байгаагүй” гэж хариуллаа. 

Баримт 5

Зам тээврийн хөгжлийн яамны эх сурвалжаас тодруулахад одоохондоо энэ чиглэлийн замыг барих талаар яригдаагүй байгаа гэв.

Дээрх баримтуудаас үзэхэд, нэр дэвшигчийн сурталчилгааны сэтгүүлдээ бичиж хэвлүүлсэн дээрх амлалтууд одоогоор биелээгүй байна. УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр ярьж, бичиж байсан зүйлээ мартдаг, иргэд сонгогчид ч түүнийг эргэж нэхэхгүй байгаа нь харамсалтай. 

Уг нь сонгогчид улс төрийн нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт юу хийж хэрэгжүүлэхийг мэдэж байж гэмээнэ сонголтоо мэдээлэлтэй, мэдлэгтэйгээр хийдэг байх учиртай сан.

Олонхийн санал авч, УИХ-д сонгогдсон улс төрчид юу хийсэн бэ гэдгийг нь сонгуулийн өмнө сонгогчдод сануулах тогтолцоо ч манай улсад муу байна. 

Тэгвэл, Монгол Улсын Үндсэн хуулиар “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Уг нь сонгууль нь Монголын ард түмэн төрийн болон орон нутгийн өөрөө удирдах эрхээ хэрэгжүүлэх үндсэн арга нь юм. 

Конрад Аденауэр сангийн захиалгаар 2019 онд МИРИМ КОНСАЛТАНТ ХХК-ний хийсэн судалгааны тайлангаас үзэхэд сонгогчид саналаа өгөхдөө 26,3 хувь нь сонгуулийн өдрөө, 35,8 хувь нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд аль намын төлөөлөлд саналаа өгөхөө шийдсэн байна. 

Энэ судалгааны графикаас харахад хийж хэрэгжүүлэхгүй, сонгогчдод сайхан харагдах цөөхөн, поп амлалтаар сонгогчдыг хуурч сонгуульд ялалт байгуулж болохыг харуулж байна. 

Ямар ч сонгуулийн хамгийн гол шалгуур болох, нэр дэвшигч юу хийх вэ, юуг чадах вэ? 

Улс төрийн нам ямар мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна вэ гэдгийг харах нь яагаад чухал юм бэ гэж үү?

Энэ асуултад Улс төр судлаач ингэж хариулж байна. 

-“Амладаг. Ялдаг. Харин нэр дэвшигчийн амлалт биелсэн үү. Биелсэн бол хэдэн хувьтай амжсан бэ, аль эсвэл огт биелээгүй юу. Ийм хариулт заавал байх ёстой юм. 

Өнөөдөр манай улсад амлалт биелэлтийг хянадаг, мэдээлдэг тогтолцоо байдаггүй. Тиймээс энэ талаарх судалгааг хийж сонгогчдод мэдээлэх нь олон нийт, сонгогчид дахин тухайн хүнийг сонгохдоо няхуур байж мэдээлэлтэй, судалгаатайгаар сонголтоо хийдэг болох юм. Өөрөөр хэлбэл амлалтад хууртахаа болино гэсэн үг юм. 

Манай улсын сонгуулийн тогтолцоо нь хүмүүсийг хурдан танигдах шат болдог учраас сонгуулийнможаритори тогтолцоогоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид бүгд ухаантны дүрд тоглодог. Тиймээс хүнийг харж биш бодлогыг харж сонгуульдаа санал өгдөг байх нь чухал. 

Учир нь 2023 оны 7-р сарын 7-ний өдөр баталсан “Улс төрийн намын тухай хуулийн 12.1-д зааснаар Нам нь Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам бодлогын нам болно гэж батлагдсан. 

Үндсэн хуульд ч энэ өөрчлөлт орсон байгаа. Бодлогын нам гэдэг нь илүү урт хугацаанд алсыг харж, судалгаан дээр үндэслэж бодлого боловсруулдаг байх. Хүмүүсийн хүсч байгаа болгоныг амлаад байж болохгүй юм. Намууд урт хугацааны болон урт хугацааны хөтөлбөртэй байх ёстой. Намууд урт хугацааандаа ямар философийн төлөө явж байгаа юм бэ? гэдгээ зарлаад түүнийгээ өөрчлөөд, хөндөхгүйгээр тэр философийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө хийж байх ёстой гэсэн утга бүхий өөрчлөлтийг өнгөрсөн долдугаар сард  Улс төрийн намын тухай хуулинд оруулсан.  

Тиймээс иргэд, сонгогчид үндэслэл бүхий өөрийн хөгжлийн бодлогод нийцсэн улс төрийн намыг сонгодог. Тодруулж хэлбэл мөнгө амладаггүй, хөгжлийн зураглалыг харж бодлого боловсруулдаг намыг, УИХ-ын гишүүдийг сонгодог байгаасай” гэв. 

Тэгвэл бид яагаад мөрийн хөтөлбөр бүрт дүн шинжилгээ хийж, сонгуульд идэвхтэй оролцох ёстой юм бол?

Сонгуулийн эцсийн зорилго нь та бидний дуу хоолой болсон төлөөлөх байгууллагыг л сонгох. Тиймээс энэ үйл ажиллагаанд өөрийн байр суурьгүй, идэвхгүй оролцвол эргээд сонгогч та бидний ашиг сонирхол, хүсэл эрмэлзэл талаар болно гэсэн үг юм. 

Тэгвэл сонгууль, биднийг төлөөлж сонгогдон гарч ирсэн тэдгээр улс төрийн намууд, их хурлын гишүүд, төлөөлөгчдийг хянах, хариуцлага тооцох боломжийг олгодог.

Өөрөөр хэлбэл биднийг бүрэн төлөөлж чадахгүй байна гэсэн улс төрийн нам, гишүүдэд дахин итгэл өгөхгүй байх эрхээ бид дөрвөн жилийн дараа эдэлж буй юм.

Тиймээс л нэр дэвшигчдийн хүчтэй сүржин үг яриа, том амлалтуудад автаж болохгүйг өнгөрсөн сонгуулийн үр дүн, сонгосон гишүүдийнхээ мөрийн хөтөлбөр, амлалтуудаас бид харж болох нь ээ. 

Улс төрийн нам, нэр дэвшигчид улс орныхоо төлөө, бас та бидний төлөө бодитой ямар зүйл хийж чадахыг цэгнэдэг, тунгаадаг байя. 

Сонгогчид ухаалаг сонголт хийхийн тулд цаг зав гаргахыг хүсэхгүй бол дараа нь хэн ч таны, бидний төлөө анхаарал тавихгүй гэдэг нь бодит баримтуудаас энэ мэтчлэн харагдаж байна. 

Магадгүй таны санал жин дарахгүй ч төрийн эрх мэдлийн нэгээхэн хэсэг мөн. Гэвч үүнээс таны ирээдүй төдийгүй, хэнээр хэрхэн засаглуулах тань ихээхэн хамаардгийг л яг одоо эргэн санацгаая. 

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль айсуй. Амлалт нисэн одож, цаас үлддэг. 

Тиймээс сонгогч та хэрсүү байхад л болно. 


Сэтгүүлч О.Очирваань