Хүн гээч өөрийн оршин буйн үүрэг зорилгыг янз бүрээр л тодорхойлж болох юм. Гэвч зорилго гэдэг угтаа өсөн дэвжихийн тухай ойлголт байх ёстой. Эс тэгвээс аж төрж “амьдрахуй” байхгүй болно. Ерөөс хүн амьдралд өөрийн гэсэн үзэл баримтлал, зарчимтай байх хэрэгтэй. Харин тэрхүү үзэл баримтлал, зарчмыг өврийн дэвтэртээ буулгаж бичих нь сайн хэрэг бөгөөд тухайн тэмдэглэлийг амьд, үнэ цэнтэй байлгахын тулд хэнд ч үзүүлж, бас хэн бугайд чиг нотолж харуулах гэж адгахгүйгээр зөвхөн өөрөө өөртөө зориулан бичвэл жинхэнэ тэмдэглэл болох нь тэр.

Хүн бүрийн амьдралын зорилго зарчмуудад нь, явдал мөрт нь ердөөсөө бүхий л амьдралд нэг л дүрмийг баримталбаас зохилтой. Энэ нь насны эцэст амьдралаа эргэн нэг харахад ичих эмээж, халаглахгүй байх тухай буюу оршихуйн жамаас гажуудалгүй, хуулийн дор, хүн ёсны мэдрэмжтэй амьдрах тухай л яриад байгаа хэрэг. 

Хүн чанар, ёс суртахуун гэдэг хүнээс халуун дулаан сэтгэл, өгөөмөр зан, аар саархан юмны төлөө амин хувиа хичээхгүй байх, үнэнч хийгээд шударга байх, хүний сайн анд нөхөр, хань ижил байх, бусдад гараа сунган туслахад баяр хөөрийг үргэлжид мэдэрдэг байх зэргийг шаарддаг юм.

Амьдралд өөрийн гэсэн мөн чанар, ёс суртахууны хэм хэмжээ, бас хязгаар гэж бий.  Энэхүү хязгаарын төлөө хүн их ч бай бага ч бай аливаа сэтгэл ханамж, дур хүслээс татгалзах; өөрийгөө хазаарлах; уучилж энэрэх; бусдын өмнө алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Энэ бүхэн нь хэн нэгэнд худал хэлж, дулдуйдан зулгуйдахаас хавь илүү билээ. 

Хүн ямар ч зүйлд бусдыг хуурч мэхлэх хандлага гаргана гэдэг нь эцсийн дүндээ өөрөө өөрийгөө л хуурч байна гэсэн үг. 

Хэдий өрөөл бусдыг хуурч, дөмөгхөн дөнгөж чадсан байлаа ч гэмт хүн гэлбэлзэнэ гэдэгчлэн хийсэн үйлийг нь бусад хүмүүс аль хэдийн таньж мэдсэн ч чимээгүй өнгөрөөдөг юм шүү дээ. Худал хуурмаг үг яриа, явдал мөр гэдэг хэзээд л ил тод, ул мөрөө үлдээж байдаг гэмтэй. Хүмүүст аливаа худал үнэнийг таньж ялгах онцгой мэдрэмж байдаг хэдий ч тэрхүү мэдрэмжийг баримтжуулан нотлоход бэрх учир тэд зууралдаад байхыг нэг их хүсэхгүй орхичихдог юм.

Байгаль эх олон сая жилийн тэртээгээс хүмүүнийг бүтээсэн. Хүмүүн бид байгаль эхийн энэхүү бүтээлч хийгээд бүтээгч үйл хэргийг ямагт хүндлэн дээдлэх нь шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Иймээс л хүн бидний явдал мөрийн дээр эгнэгт оршин буй байгалийг зовоож тамлахгүйгээр ёс суртахуунтай амьдарвал зохилтой. 

Байгаль эх амьдралд өрнөн буй өөрийнх нь эсрэг чиглэсэн хүний бусармаг, сүйтгэх үйлдлийг ямар ч тохиолдолд таашаадаггүй учир хүмүүн бид байгаль эхийн бүтээлч хийгээд бүтээхүйн зүй тогтол, мөн чанарыг ухаж ойлгон, хэзээд хүндэтгэн харьцаж байх учиртай.

Үүнийг хэрхэн яаж ойлгох, өөрийн амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх, мөрдлөг болгоход хүн бүр дор бүрнээ өөрийн онцлог, авьяас билиг, хүсэл сонирхол, ур чадвар зэрэгт нийцсэн хариулттай байх хэрэгтэй. Гагцхүү хүн бүтээлч сэтгэлгээ, ур ухааныг гээгдүүлэхгүйгээр ямагт хурцалж, өнгөлж амьдарвал болох нь тэр.

Амьдрал гэдэг олон янз, үүний зэрэгцээ бүтээх үйл хэрэг ч мөн адил  ялгаагүй олон янз билээ.

Тэрчлэн бүтээх үйл хэрэгт тэмүүлсэн хүсэл эрмэлзэл нь хүн бидний ур чадвар хийгээд хандлагаас хамааран харилцан адилгүй байх ёстой. 

Та үүнийг юу гэж бодож байна вэ?

Амьдралд аз жаргалыг хэмждэг өөрийн гэсэн тодорхой хэмжигдэхүүн гэж бий. Яг л далайн түвшний хэмжээг тооцдогтой агаар нэг. Эхлэх цэг, төгсөх цэг гэдэг шиг.


Тиймээс ч хүн бүрийн том ч бай жижиг ч бай үйл хэрэг дэх зорилго зорилт нь аз жаргалын түвшинг нэмэгдүүлэхэд оршиж байдаг юм. Та бидний хувийн аз жаргал ч гэсэн үүнээс гадуур орших боломжгүй. Уг чанартаа эргэн тойрны хүрээллээс тань халих учиргүй юм. Өөрөөр хэлбэл танд хэн ойр байна, тэр хүний аз жаргалын түвшин ч энгийн, хөнгөхөнөөр цаанаасаа л ундрах учиртай гэсэн үг. Энэ нь яван явсаар бидний эх орон, нийт хүн төрөлхтний аз жаргалыг ч эцсийн дүндээ нэмэгдүүлэх учиртай юм

Үүнд хүрэх арга замууд нь хэдий өөр өөр байж болох ч хүн бүрт тэрхүү боломж нь байдаг. 

Хэрэвзээ аз жаргалын түвшинг ахиулахад аливаа төр засгийн бодлого, шийдвэр нь тодорхойгүй эс бөгөөс ухаалгаар шийдэлгүй  бол бид өөрсдийн ажлын орчин, сургууль соёл, найз нөхдийн хүрээнд аз жаргалыг бий болгож, түгээх ч  боломжтой. Хүн бүрт ийм боломж нь бий юм шүү.

Амьдрал бол угтаа уран сэтгэмж, урлахуй, бүтээхүй юм. 

Гэхдээ энэ нь хүн бүр цаанаасаа зураач, балетчин, эсвэл эрдэмтэн болж төрөөд түүгээрээ амьдарна гэсэн үг биш. Бүтээлч сэтгэлгээг бас бүтээж, сийлж болдог юм. Зүгээр л орчин тойрондоо болон өөртөө ч тэр халуун дулаан уур амьсгал, эрчмийг бүрдүүлэхээс л эхлэх боломжтой. Тухайлбал, хүн амьдран буй нийгэмдээ баяр баясал, гэрэл гэгээг ч тэр, хар бараан, ээдрээтэй уур амьсгалыг ч тэр бий болгож болдог. Үүнд л ур ухаан оршиж буй бөгөөд энэ нь тасралтгүй үргэлжлэх үйл явц билээ. Тиймээс ч амьдрал гэдэг мөнхийн бүтээж туурвихуй юм.

 

Хүн төрсөн цагаасаа л өөртөө дурсамжуудыг бүтээсээр ирдэг. Та өөртөө ямар дурсамжууд үлдээмээр байна вэ? Энэ тухай бид үргэлж л санаа тавьж байх учиртай. Учир нь амьдралын төгсгөл хэзээ ч ирж магад учир эртнээс энэ тухайгаа эргэцүүлж цэгнэвээс зохилтой. Иймээс л өөрөө өөртөө чухам ямар дурсамж үлдээх нь машид чухал билээ.


[Д.С.Лихачёв “Сайн сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 5-р захидал]
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот