Үс уналт гэж юу болох, хэрхэн зөв угааж арчлах талаар мөн халзралтын шалтгаан, эмчилгээний талаар “Stellar Hair & Skin clinic”-ийн эмч А.Бямбадоржтой ярилцлаа. 

- Ихэвчлэн ямар шалтгаанаас болж үс унадаг вэ?

- Үс халзралын зэргийг тодорхойлох тодорхой хэдэн аргачлал байдаг. Жишээ нь халзралын хэлбэрээр эрэгтэйчүүдийг ноорвүүдийн, эмэгтэйчүүдийг лүүдвигийн гэх хэмжүүрээр үнэлдэг.

Үс уналт ихэвчлэн удмаа дагадаг. Аав эрт халзарсан бол хүүхдүүд нь дуурайх өндөр магадлалтай. Зарим хүмүүс хөгширсөн ч өтгөн сайхан үстэй хэвээрээ өтөлдөг. Эдгээр хүмүүсийн генд үс унадаг гэсэн мэдээлэлгүй учраас ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үстэй хэвээр байдаг. Тэгэхээр үс нь унаж байгаа хүн өөрийнхөө аавыг, эсвэл өвөөг үс нь унадаг байсан эсэхийг мэдчихвэл аль хүртэл явах вэ гэсэн баримжаа гарч ирнэ. Зөвхөн аавын талыг гэхгүйгээр ээжийн талыг ч дагаж болно. Жишээ нь ах дүү гурван хүний хоёрынх нь үс унахад үлдсэн нэг нь үстэй хэвээр ч байж болно.  Үс уналт эхэлчих л юм бол эмчилгээ зайлшгүй шаардлагатай.зураг

 “Эрчүүдийн үс халзралын 90% нь ямар нэгэн эмгэг бус генээс шалтгаалсан байдаг” 

- Удам дамжихаас өөр шалтгаан бий юу. Байвал ямар тохиолдлууд ихэвчлэн байдаг вэ?

- Бие болон сэтгэл санааны стресст өртөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа, эрдэс минералын дутагдал, хавдрын дараах туяа, химийн эмчилгээ зэргийг хийлгээд үс нь унасан ч хүн байж болно. Жишээ нь Солонгос, Японд халзан хүмүүс олон. Тэр нь үндсэндээ гормоны шалтгаант үс уналт. Үс уналтыг оношилбол androgenetic alopecia гэсэн код бий.

Энэ онош нь олон шалтгаанаас болж сэдэрч болно. Үүн дотор стресс, ус солигдох, агаар солигдох зэрэг ордог. 

Дан ганц стрессээс шалтгаалсан үс уналт гэж бий. Жишээ нь төрсний дараах үс эмэгтэй хүний үс ихээр унадаг шүү дээ. Учир нь төрөх үйл явцад гормоны өөрчлөлт явагдах үед эх өөрт хэрэгтэй шим тэжээлээ ураг руугаа шилжүүлдэг. Тэр үед эхийн эрдэс минерал болон гормоны тэнцвэр бүгд алдагдан хэрэгтэй шим тэжээлээ гээж эхэлдэг. “Энгийнээр хэлбэл хүний бие организм маш нарийн ухаалаг ажилладаг учраас биеийн болон сэтгэл санааны стресст өртсөн үед хэмнэлтийн горимд шилжиж амин чухал бус үйл ажиллагаануудыг түр зогсоож эхэлдэг. Үүнд үс хамаарна. 

Хүний биед эрдэс амин дэм дутагдахад хамгийн түрүүнд үсэнд илэрдэг. Харин буцаад хэвийн байдалд орох үед үс нь ургачихдаг. 

Удамшлын шалтгаант үс уналт бол үсний уутанцар багассаар байгаад гялайж халзардаг.  

Нэгэнт халзарсан тохиолдолд үс шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй болдог. Харин үсийг эрт оношилж нөхөн сэргээх, хамгаалах эмчилгээ хийвэл үс шилжүүлэн суулгах хүртэл даамжрахаас өмнө эмчилж болдог. Тэгэхээр аль төрлийн үс уналт вэ гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлээд түүндээ тохирсон арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй.


“Хүний бие амьд организм учраас биеийн болон сэтгэл санааны стресст өртсөн үед хэмнэлтийн горимд шилжиж амин чухал бус үйл ажиллагаануудыг түр зогсоож эхэлдэг”

- Нэгэнт халзарсан хүн хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?

- Үс уналтад тарилгууд, уудаг эм, түрхлэг болон лазер гэсэн батлагдсан цөөн хэдэн төрлийн эмчилгээ бий Ямар эмчилгээ хийлгэхээ мэргэжлийн эмчид зөв оношлуулаад тохирсон арга хэмжээ авах нь чухал. 

Хүний үс өдөрт дунджаар 100-150 ширхгээр унадаг. Энэ нь хэвийн үйл явц. Бага багаар үс нь унаж буй хүмүүс эхэндээ анзаардаггүй. Харин аль хэдийн үснийхээ 30-50%-ийг алдсан үедээ анзаарч эхэлдэг. 

Жишээ нь эмэгтэйчүүд анх үсээ боодог байхад өтгөн байсан одоо их шингэхэн болчихлоо гэдэг. Эрэгтэйчүүдийн хувьд урд талаасаа хойшоо унаж эхэлдэг. Ихэвчлэн толгойн хоёр хажуу тал болон дагзны хэсгийн үс унадаггүй. 

-Үс унаад эхлэх үед шампуниа зөв сонговол сэргийлж чадах уу?

-Үс нь унаад эхэлмэгц хүмүүсийн бодолд хамгийн түрүүнд шампунь буудаг. Нөгөө талаас үс уналтын эсрэг шампунь гэх мэтээр маркетинг их хийдэг нь ч нөлөөлдөг байх. Тэгснээрээ хугацаа л их алддаг. 

Шампуниар үс уналтыг эмчилдэггүй гэдэг нь анагаах ухаанаар аль хэдий нь батлагдчихсан. Зарим улс оронд гоо сайхны бүтээгдэхүүнээ үс уналтын эсрэг гэх мэтээр сурталчлахыг хуулиар хориглочихсон байдаг. 

Трихологийн салбар хөгжихийн хэрээр олон судалгаа явж байгаа шүү дээ. Жишээ нь америкийн Food and Drug Administration гэх байгууллага нь хүмүүст ямар эмчилгээ тохирохыг туршиж үзээд баталгаа өгдөг. Тийм байтал хүмүүс өөрсдөө мэдэж шампунь хэрэглэдэг. Яах вэ үсийг чийгшүүлэх ч юм уу зарим нэг төрлийн бүтээгдэхүүнүүд үсэнд хэрэг болдог. Гэхдээ яг эмчилгээ болж чадахгүй. Стресс болон минералын дутагдлын шалтгаант үс уналт нь бүх хэсгийг хамардаг. Гэхдээ буцаад сэргэдэг. Эмчилгээ хийлгэх эдгээр шатаа өнгөрчихвөл үс суулгахаас өөр аргагүй.


- Хөмсөг, сахал зэрэг бусад хэсэгт үс суулгах боломжтой юу?

- Механикаар үсний уутанцрыг ойр орчмынх нь эдтэй нь цуг шилжүүлэн суулгаж байгаа учраас хаана ч суулгасан ургах боломжтой. Эсрэгээрээ хаана ч байгаа үсний ургалтыг гэрлийн аргаар зогсоох бас боломжтой.


- Суулгасан үс ургахдаа хэр хугацаа шаарддаг вэ. Ялгарч харагддаг уу?

- Үс суулгаснаас хойш нэг сар гам барих ёстой. Үсээ бүрэн ургаж дуустал заасан хугацаанд эмчийн хяналтад орно. Харин үр дүн нь 6 сарын дараагаас мэдэгдэж эхэлдэг. Жилийн дараагаас бодит үр дүн харагдана. Авсан үс яг тэр чигээрээ л ургана. Донор хэсгээсээ хэрхэн авах, уутанцрыг хэр зэрэг гэмтээхээс шалтгаалаад ургахгүй байх тохиолдол ч бий. Мэс ажилбар амжилттай болох магадлал 70-90 хувь гэж үздэг. Гэхдээ ялгарч харагдах уу, ургах уу, үгүй юу гэдэг нь хийж байгаа эмчийн ур чадвар, туршлагаас л хамаарна. Өөрийн үсийг өөрт нь хийж байгаа учраас нэг суулгасан үс яг л өөрийн үс шиг ургадаг.

зураг

 

- Манай улс энэ мэс заслыг олон улсын түвшинд хэр амжилттай хийж байгаа вэ. Улсдаа хийлгэвэл давуу тал нь юу вэ?

-Турк бол олон улсын хувьд хамгийн их үс суулгаж байгаа орон. Монголд энэ төрлийн мэс засал хийгдэж эхлээд 5-6 орчим жил болж байгаа. Стандарт нь яг л адилхан учраас бусад улстай ижил түвшинд хийх чадамжтай болчихсон. Улсдаа үс суулгуулбал мэс заслын дараах хяналтыг маш сайн хийлгэх боломжтой. Манай эмнэлгийн хувьд суулгасан үсний ургах баталгааг сертификатаар олгодог. Гадагшаа явж үс суулгавал нэг удаа л явж хийлгэчхээд ирнэ. Дараа дараагийн хяналтыг хийлгээд байх хэцүү. Энэ чиглэлээр монгол эмч нар нэлээд мэргэшсэн шүү. Яваандаа монголд үс суулгуулахаар гадаадаа ирдэг аялал жуулчлал ч хөгжинө гэж хардаг.