Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сурагчид дохионы хэлээр хичээлээ заахыг шаардаж, хичээл хаялт зарласнаас хойш 5 жил өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл тус сургуулийн хичээл заах арга барил, багш нарын дохионы хэлний чадвар, нөхцөл байдал сайжирсангүй.

Тухайлбал тус сургуулийн багш нар таван жилийн хугацаанд дохионы хэлний гурван удаагийн л богино сургалтад хамрагдсан. Ийм хугацааны сургалтад сууснаар чадвар нь дундаж түвшинд дөхөж очно уу гэхээс багшлах шаардлага хангахгүй.

Бичлэг үзэх: 

Сонсголгүй хүмүүс дохионы хэлээр нийгмийн бүхий л харилцаанд орж, мэдлэг боловсрол эзэмших эрхтэй. Гэвч сонсголгүй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулийн багш нар хүртэл дохионы хэл биш авиа заслын аргыг ашиглаж, сурагчдыг хичээл сурах чадамжгүй, тэнэг мангар мэт доромжилж ханддаг нь  хүний эрхийн ноцтой зөрчил мөн” гэж “Сонсголгүй боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав ярилаа.


Иймд сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоод хамтран "Боловсролыг дохионы хэлээр" олон нийтэд хандсан нөлөөллийн ажлыг энэ 3 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар  Сонсголгүй боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав “Тусгай сургуулийн багш нар дохионы хэлийг өөрсдийн хэл шиг эзэмшсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн хэлж байгааг ойлгож, бурууг нь залруулж ойлгуулах ёстой хүн өөрөө хүүхдүүдийн хэлж байгааг ойлгох хэмжээний дохионы хэлний мэдлэггүй байна. 

Дохионы хэлээр хичээл оруулдаг болохыг шаардснаас хойш бүтэн таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд чадвараа сайжруулахыг хүссэн хэн ч дохионы хэлний чадвараа өндөр түвшинд хүргэх боломжтой л байсан. Өнөөг хүртэл хэвэндээ байгаа нь багш нарын хандлага, сэтгэл дутсаных. 

Манай улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байгаа нь 29-р сургууль. Энэ сургуульд жилд ойролцоогоор 300 гаруй сонсголгүй сурагчид суралцаж, 20 гаруй сурагч төгсдөг.


Би 29-р сургуулийг төгссөн. Багш нарын хичээл заах арга барил нь амаа хөдөлгөөд л “аа,оо,уу” авиа гаргаарай гэж зангаж хэлдэг. Гэтэл би ямар авиа гаргаж байгаагаа өөрөө мэдэхгүй. Багш сонсож байгаа мөртлөө зөв бурууг нь ч хэлэхгүй, зүгээр л толгойгоо дохьдог байлаа. 

Өөрөөр хэлбэл би багшид л зориулж тэр авиаг гаргах гэж оролддог байсан гэсэн үг. Амны хайрцгийг нь арай ядан уншиж, юу хэлэх гээд байгааг нь ойлгох гэж тархиа гашилгана. Би зөв ойлгож байгаа болов уу, багш намайг загнах вий гэж айж эмээнэ.

Ингэж авиа заслаар заадаг үе олон улсад аль хэдийнэ хуучирсан. 1990-ээд оноос хойш дэлхийн бүх улс орон дохионы хэлээр хичээл заадаг болсон. Манайд одоо ч учир дутагдалтай байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд төрийн бүхий л шатны байгууллагад ээлж дараалан албан бичиг, шаардах хуудас хүргүүлсний үр дүнд одоо л нааштай хариу авч эхэлж байна. 

Саяхан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзсаны үр дүнд сонсголгүй иргэдийн төлөөлөл орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон нь бидний хувьд маш том амжилт, дэвшил юм. 

Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс 0-18 насны хүүхэд, насанд хүрсэн сонсголгүй иргэдэд ямар ялгаатай арга барилаар боловсрол олгох вэ гэдэг талаар санал хүсэлт илгээсэн. Одоогоор хариу ирээгүй байна. 

Дохионы хэлээр хичээл зааж, амжилттай үр дүнтэй байгаа олон жишээ бий. Тухайлбал АНУ-д тусгай сургуулийнх нь багш нар, сургуулийн удирдлагууд бүгд дохионы хэлээр төгс ярьдаг. 

Сургуулийн захирал дээрээ хүүхдүүд очоод "Багшаа, надад ийм зүйл тохиолдлоо, би ийм зүйл хүсч байна" гээд дохионы хэлээр бүрэн харилцдаг. Тэнд сонсголгүй хүүхдүүд өөртөө итгэлтэй, нийгмийн харилцаанд орох бүрэн боломж байна. Гэтэл манайд "Сонсголгүй юм чинь, би чадахгүй шүү дээ..." гэсэн хязгаарлагдмал сэтгэлгээтэй, мэдлэг боловсролын хувьд ч маш их хоцрогдолтой байна” хэмээн ярьсан юм.

Магадгүй танд манай улсын хувьд сонсголгүй иргэдэд  хүртээмжтэй байдлаар хичээл заах нөөц боломжгүй юм шиг санагдаж болох юм. 

Гэвч манайд тэгш хамран сургах төслийн хүрээнд сонсголгүй сурагчдыг ердийн ЕБС-д сургаж байгаа амжилттай хэд хэдэн жишээ бий.

Тухайлбал “Эрт оролцооны цогц хөгжил” ТББ-ын тэргүүн Н.Дэлгэрмаа сонсголгүй хоёр хүүхэдтэй. Бага хүүгээ цэцэрлэгт байхаас нь дохионы хэлээр сургах цэцэрлэгт явуулж, одоо ердийн сургуульд дохионы хэлний орчуулагчийн туслалцаатайгаар хамруулж байгаа аж. 

Тэрбээр “Тэгш хамран сургах хөтөлбөрийн хүрээнд манай бага хүү Нийслэлийн 16 дугаар сургуульд суралцдаг. Дохионы хэлний орчуулагчийн үйлчилгээг олон улсын Жайка хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хөнгөлүүлж, ердийн сургуульд хамрагдах боломжтой болсон. 

Миний хүүд ингэж суралцахад ямар нэгэн хүндрэл байхгүй, хичээлийн агуулгыг ижил түвшинд ойлгож, энгийн хүүхдүүдтэй харилцахад асуудал гардаггүй. Ер нь сонсголгүй хүүхдүүдэд дохионы хэлээр хичээл зааж, ойлголцох нь илүү үр дүнтэй” хэмээн ярилаа.