Миний хүү унтаж байгаа хэдий ч аавынхаа хэлэхийг сайн сонсоорой. 

Жижигхэн гараа хацартаа наажээ миний хүү. Толгой нь хөлрөөд, үс нь бас норж. Аав нь хэнд ч мэдэгдэлгүй өрөөнд нь ганцаараа ороод ирлээ. Хэдхэн минутын өмнө аав нь сонингоо уншаад сууж байтал маш их харамсах сэтгэл төрлөө. Аав нь буруутайгаа мэдсэн учраас хүүгийнхээ орны хажууд ингээд сууж байна.

Бодоод байхад аав нь дандаа л чамд уурладаг. Өглөө босоод нүүрээ сайн угаасангүй гэж уурласан. Угаасны дараа олигтой арчсангүй гэж уурласан. Гутлаа заваарууллаа гэж уурласан. Шалан дэр дэвтэр номоо хаялаа гэж ууртайгаар хашхичсан.

Өглөө цайгаа ууж байхад нь бас л өө хайна. Хоолоо асгалаа, цайгаа асгалаа. Хэт их чихлээ. Тохойгоо ширээн дээр тавилаа. Цөцгийн тос талхан дээр хэт зузаан түрхлээ. Аав нь ажилд явах үед чи аав руугаа хараад “ Баяртай аав аа” гэхэд би муухай харц чулуудан, нуруугаа цэх гэж уурлана.

Үдээс хойш энэ бүхэн дахиад л давтагдана. Гэр рүүгээ ойртох замдаа аав нь чамайг гадаа хэрхэн тоглож байгааг ажна. Чи шинэ авч өгсөн өмдөөрөө газар суун, шороогоор, чулуугаар тоглоно. Оймс чинь цоорчихно. 

Энэ бүхнийг хараад би чамайг найзуудын чинь өмнө загнаж ичээнэ. 

Тэгээд бас болоогүй гэмтэн адил гэр рүүгээ харихыг тушаана. “Наад оймс, өмдийг чинь их үнэтэй авсан юм шүү дээ. Чи өөрийн мөнгөөр авсан бол ингэж хойрго загнахгүй л байсан биз”. Хүүдээ ийм зүйл хэлдэг эцэг хүн гэж надаас өөр байх уу, хүү минь.

Аав нь сонингоо уншаад сууж байхад хүү минь чи аав дээрээ ирсэн дээ. Юу юуны духанд хүрэлгүй аав нь саад болсонд чинь унтууцан “Одоо бас юу хэрэг болсон бэ?” гэж хүйтнээр асууснаа саналаа, миний хүү. Гэтэл миний хүү нэг ч үг хэлэлгүй аавын зүг гүйж ирэн, аавынхаа хүзүүгээр тэврэн авч, үнссэнийг аав нь саналаа. Жижигхэн гарынх нь чанга тэврэлтээс аав нь маш их хайрыг мэдэрснээ саналаа. Тэгээд миний хүү өрөө рүүгээ унтахаар явсан.

Хүү минь, төд удалгүй уншиж байсан сонин минь гарнаас унаж, маш их айдас, гэмшил, харуусал аавыг нь нөмрөн авсан юм. Дандаа л хүүдээ уурладаг энэ муу дадал хаанаас гараад ирэв ээ? Хүүгээсээ өө хайсан, загнаж зэмлэх гэсэн энэ дадал хаанаас гараад ирэв ээ? Миний хүү болж энэ хорвоод мэндэлсний чинь шагнал энэ үү?

Аав нь хүүдээ хайргүй учраас биш харин аав чамаас хэт ихийг хүлээж, шаардсандаа л тэр. Чи минь бяцхан хүү шүү дээ. Гэтэл аав нь чамаас өөрөөсөө шаарддаг зүйлсийг шаардаж байж.

Миний хүүд маш олон сайн, сайхан чанарууд байдаг. Миний хүүгийн сэтгэл өглөөний нар уулын цаанаас мандахтай л адил. Яг л түрүүн аавыгаа ирж тэврэн, үнссэн чинь аавынхаа буруутаж явсан сэтгэлд гэрэл цацруулах шиг л боллоо. Амьдралд чухал зүйлийг маань ойлгуулсан нар чи минь шүү дээ. 

Өдий том болсон аав нь энэ бүхнийг ойлголгүй хүүтэйгээ гэмтэн адил харьцаж байсандаа үнэхээр их ичиж байна. Тиймээс аав нь харанхуй өрөөнд нь орны чинь өмнө өвдөглөөд сууж байна.

Аав нь ичиж байна.

Ганц өөрөөсөө ичих хангалтгүй ээ. Маргаашаас эхлэн аав нь аав шиг аав байх болно оо. 

Харанхуй шөнө орны чинь өмнө хэлсэн зүйлсээ гэрэлт нарны доор өөрийн үйлдлээр бататгаж явах болно оо. Аав нь хүүгийнхээ дотны анд нь байна. Инээхэд нь цуг инээж, уйлахад нь цуг уйлна аа. Тэвчээр алдан хилэнтэй үгс хэлэх гээд байвал уруулаа тас зуугаад тэвчинэ ээ. “Хүү минь ердөө л бяцхан хүү шүү дээ” гэж өөртөө байнга сануулж байх болно.

Хэтэрхий эрт чамайг том хүн мэт төсөөлж байсандаа ичиж байна. Орон дотроо атиралдан унтаж байгаа бяцхан үрдээ яаж том хүний хариуцлага үүрүүлж чадав аа. Өөрөө ч үүрээгүй хариуцлагыг шүү. Ээж аавдаа бяцхан хүү шүү дээ чи минь. Өөрсдөөсөө шаардаагүй олон зүйлийг хүүгээсээ шаарджээ. Аав нь маш их ичиж байна.



АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлд нийтлэгдэж, америкчуудын сэтгэлийг хөдөлгөж, ухаарал хайрласан “Father Forgets” (W.Livingston-ийн бүтээл) зохиомжийн орчуулга.