А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүүхдүүдээ олж аваад эмчилж буй нь олзуурхалтай

Б.Баясгалан
05 сарын 14, 2020

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, өчигдөр хийсэн шинжилгээгээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүн, өчигдөр ОХУ-аас эх орондоо ирсэн сонсогч оюутнуудын 18-аас нь коронавирус илэрснийг мэдэгдсэн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэн нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор иосэн. Эхний шинжилгээ нь сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээнээс нь коронавирус илэрлээ. 

Онгоцоор ирсэн зорчигчдыг Буян-Ухаа онгоцны буудал дээр, Алтанбулаг боомтоор орж ирсэн бол тухайн хил дээр нь Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, ХӨСҮТ-ийн хүмүүс эрэмбэлэн ялгадаг. Коронавируст халдвар нь шинж тэмдэггүй ч байна. Хилийн нэвтрэх цэг дээрээс бид шинж тэмдэгтэй хүмүүсийг ХӨСҮТ-д авчран, нэг нэг өрөөнд тусгаарлаж, шинжилгээ хийж буй.

Шинж тэмдэггүй хүмүүсийг тэр бүр ХӨСҮТ-д аваачихгүй. Иргэд маань коронавирусийн голомтот, эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир тусгаарлаж байгаа. Өчигдөр 340 гаруй хүний шинжилгээг хийсэн. Шөнийн гурван цаг хүртэл шинжилгээний сорьц авсан. Зарим шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. Батлагдсан тохиолдлуудаа тусгаарлаад эмчилгээг эхлүүлсэн. Хавьтлуудыг судлан тусгаарлаж байна.

Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүүхдүүдээ олж аваад эмчилж байна гэдэг бол олзуурхалтай. Энэ тал дээр иргэд маань уужуу хандаж, хүүхдүүдийнхээ сэтгэл санааг дэмжиж хэрэгтэй. Эх орондоо ирээд оношлогдсон нь учиртай. Манай эмч нар эмчлэх арга техниктэй болсон.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөө өглөө буулаа. 179 иргэн ирснийг эрсдэлээр нь эрэмбэлэн ялгаж байна. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ариутгагч нараас бүрдсэн багууд одоогоор хүрэлцээтэй байна. Ачаалал нэмэгдвэл дараагийн алхмуудыг хийгээд явна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.