Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам 17:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш голомтын ойрын хавьтлын 56 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдын ойрын хавьтал болох 181 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд эерэг тохиолдол илрээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, 11:00 цагаас хойшхи хийсэн бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Улаанбаатарт илэрсэн тохиолдлын ойрын хавьтлуудын тоо нэмэгдэж 348 болсон. Тэдний 76 хүний шинжилгээг хийж байна. Бусдынх хариу гарсан. Хоёр дагт хавьтал 4000 орчим хүний шинжилгээг хийх ёстой. Одоо 400 хүний шинжилгээ хийгдэж байна. 

Нийт 348 ойрын хавьтлаас 272-т нь шинжилгээ хийсэн. Тэдний 45-д нь хоёр дахь давтан шинжилгээ, 8 хүнд гурав дахь давтан шинжилгээг хийсэн" хэмээлээ.

Мөн тэрээр "Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуулаар хариу нь эерэг гарсан иргэдийн PCR шинжилгээний хариу гараагүй байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол бүр коронавирусийн батлагдсан тохиолдол болохгүй. PCR шинжилгээний хариу гарахаар мэдээлнэ" гэв.