Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эмч эцэг эхчүүдэд мэдээлэл өглөө.

"Дэлхий нийтээр коронавирүстэй тэмцэж амьдарч байна. Цар тахлын үед ч сургууль, хүүхдийн байгууллагаа ажиллуулахын тулд тодорхой дэглэм мөрдөж байна. Зарим нь сургууль, цэцэрлэгээ ажиллуулж эхэлсэн ч буцааж хааж, эргээд нээх гээд янз бүрээр л үзэж байна. Монгол бусад улс орнуудыг бодвол онцлог.  Өнөөдрийн байдлаар хүн ардынхаа дунд коронавирүс халдварыг алдаагүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 300 гаруй тохиолдлыг эмчилж, 200 гаруйг нь эдгээсэн байна. Тийм учраас коронавирүсээр өвчилсөн, өвдөөд эдгэсэн өдий төдий хүмүүстэй бид амьдарч байна. Коронавирүстэй тэмцэх үйл ажиллагааг үе шаттай хяналттай зохион байгуулж ирлээ. 

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаа цаг мөчид  ханиад томуу бас бага зэрэг гарч байна. Томуу томуу төст өвчин амбулаторийн үзлэгт 2,3 хувийг эзэлж байна. Өдийд байдаг амьсгалын замын халдварыг үүсгэгчүүд, ханиад шуухнааны шинж тэмдэгтэй илэрдэг риновирүс явж байна. Интервирус, суулгалттай ханиад явж байна.  Ханиадны зах зух орж ирсэн, коронавирус орж ирэх гээд хаалга цохиж байгаа үед бид сургууль, цэцэрлэгээ хичээллүүлж эхлэх гэж байна. Эцэг, эхчүүд маань онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд гэрийн орчинд байж байгаад сургуулийн орчинд ороход ханиад томуунаас эхлээд халдвар авах эрсдэлтэй. Эцэг, эхчүүд ялангуяа бага насны хүүхдүүдээ сайтар бэлтгэх хэрэгтэй. Өөрсдөө маскаа зүүж байвал хүүхдүүд эцэг эх, багш нараа хамгийн их дагаж дуурайдаг. Гараа байнга угаана шүү гэж заагаад байвал байн байн угаагаад сурчихна. Аминдэмтэй хоол идүүлж, шингэн зүйл сайн уулгаж байх хэрэгтэй. Хүүхдүүдийг аль болох амыг нь цангаахгүй, ядраахгүй байх хэрэгтэй. Бүлээн цэвэр ус хүүхэддээ бэлтгэж өгөөрэй. Хүүхдүүдээ гэртээ очиход зөв амрааж унтуулаарай. Ачаалал ирэхэд хүүхэд түүртэж, ядрах, өвдөх асуудал гардаг учраас гэрт, цэцэрлэгт ч онцгой анхаарах, хянах хэрэгтэй. 

Хүүхэд ханиалгаж, хамар ам нь шуухитнасан, нус нулимс нь гоожсон, хоолой нь өвдсөн байвал цэцэрлэгт нь өгөхгүй. Бусад хүүхдийг өвчлүүлэхээс сэргийлээрэй. Ийм хүүхдүүдийг багш нар нь бас хүлээж авахгүй байх учиртай. Эмнэлэгийн акт аваад, хүүхдээ бүрэн эдгэрүүлэхгүй бол өвчин нь хүндэрнэ шүү дээ. Манай улсад коронавирүс байхгүй гэж тайвширч болохгүй гэдгийг эцэг эхчүүддээ хэлье" гэв.

Сургууль, цэцэрлэгт ороход нь хүүхдийн халууныг хэмжиж байхыг ЭМЯ-наас зөвлөмж болгожээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хэмжтэл дэргэд нь байж, халуун нь их байвал хүүхдээ гэр рүүгээ буцааж авч явах  юм. Хүүхдийнхээ хоолойг сод, тамедин, давс, лимонтой усаар байнга зайлуулж байх хэрэгтэй гэнэ шүү.