Хүүхэд нас гэхээр гэнэн цайлган, баяр хөөртэй, өөдрөг, гайхалтай үе гэсэн тодотгол нийтлэг бий. Энэ үе бол аюулгүй, аав ээжээрээ хамгаалуулж, хайрлуулж өсөх учиртай байдаг. Гэр бүл нь тогтвортой байж, хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмж өгснөөр хүүхэд дараа нь хүмүүстэй эрүүл зөв харилцаа үүсгэж чаддаг нэгэн болдог билээ. 

Харамсалтай нь энэ бол ердөө л ерөнхий тодорхойлолт төдий. Учир нь тус тодорхойлолт шиг сайн сайхан нөхцөлд өсөн бойжихгүй байгаа хүүхдүүд маш олон бөгөөд тэр нь хэтийн ирээдүйд, амьдралд нь нөлөө үзүүлж байдаг юм.

Хүүхэд насанд авах сэтгэцийн гэмтэл нь олон төрөлд хэлбэрждэг:

- Биеийн болоод бэлгийн хүчирхийлэл
- Сэтгэц гэмтэхүйц үйл явдлыг нүдээр үзэх
- Хагалгаанд орох, урт хугацааны эмчилгээ шаардахуйц хүндээр өвчлөх
- Гэр бүлийн хүчирхийллийг нүдээр үзэх, хүчирхийлэлд өртөх
- Дээрэлхүүлж, гадуурхагдах
- Ноцтой үйл явдлыг даван туулах буюу дүрвэх эсхүл байгалийн онц ноцтой үзэгдэлд өртөх гэх мэт багтана.

Эдгээрийн заримыг насанд хүрэгчид бид ч биеэр туулбал тодорхой хэмжээний айдаст автдаг. Тэгвэл үүнийг тэр л гэнэн цайлган хүүхдүүдийн нүдээр үзэж байна гэж төсөөлбөл яагаад сэтгэцийн гэмтэл үүсгэдэг болохыг нь гадарлах биз ээ. 


Хүүхэд гэдэг насанд хүрэгчид шиг ямар нэг үйл явдлыг өргөн хүрээнд, олон төрлийн туршлага, мэдлэг, нийгэмшлийн түвшинд шүүн тунгааж үзэх чадваргүй байдаг тул зарим тохиолдолд өөрсдийнх нь буруу биш байсан ч өөрсдийгөө буруутгах нь бий. Энэ мэдээж хүүхдийн сэтгэцэд нөлөөлж байдаг.


Хүүхэд насанд авсан сэтгэцийн гэмтэл нь хүүхдийг тогтворгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болгодог ба насанд хүрэхэд нь ичгүүр, гэмшлийн мэдрэмж, нийгмээс тасарсан, эсхүл бусдаас өөр гэж мэдрэх, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй байх, сэтгэл зовнил, сэтгэл гутрал, уур хилэн ихтэй байх зэргээр илэрдэг.


Жишээлбэл, хүүхдийн ойр дотнын хүн түүнд бэлгийн, биеийн эсхүл сэтгэцийн хүчирхийлэл үйлджээ гэж бодъё. Тэгвэл энэ нь тухайн хүүхдийн ирээдүйд үүсгэх харилцаануудад хаалт үүснэ. Цаашид амьдралд нь орж ирэх хүн бүрийг аюул мэт хүлээж авдаг. Хэн ч түүнийг анхаарч, хайхардаггүй гэж боддог. Ийм байдлаар хүүхэд насанд авсан гэмтэл тийм ч хурдан эдгэрдэггүй бөгөөд олон жилийн эмчилгээ, зөвлөгөө шаардлагатай гэж үздэг.


Түүнчлэн бага насанд авах сэтгэцийн гэмтэл нь ирээдүйд өндөр эрсдэлт зан авирт хүнийг бий болгодог. Энэ нь тамхи татах, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох зэргээр илрэх нь бий. Товчхондоо гэвэл бага насны хүүхдийн сэтгэцэд гэмтэл учруулах нь хожимдоо маш олон сөрөг үр дагавартай.


Эх сурвалж: Mental health center