Висконсин мужийн оршин суугч Стивен Р.Бранденбург эмийн санчаар ажилладаг байсан ба түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүнийг хүний бие махбодод хохирол учруулах цаашлаад үхэлд ч хүргэж болохуйц эрсдэлд оруулсан гэх шалтгаанаар гэм буруутай хэмээн тогтоож байжээ. 

Тэгвэл түүний хэрэг энэ сарын 8-ны өдөр эцэслэгдэж, 3 жилийн ялыг шоронд биеэр эдэлж, нэмэлтээр 3 жилийн тэнсэн харгалзах заалттай эдлэхээр оноосон байна. Мөн тэрээр нийт 84 мянган ам.долларын торгуулийг өөрийн ажиллаж байсан эрүүл мэндийн төвд төлөх болжээ.


Цагдаагийн хэлтсээс түүнийг “хуйвалдааны онолч гэдгээ хүлээн зөвшөөрсөн этгээд” хэмээн тодорхойлсон бөгөөд коронавирусийн эсрэг вакцин үнэн хэрэгтээ хүний ДНХ-г өөрчилдөг гэж итгэхдээ тухайн хорлон сүйтгэх ажиллагааг явуулсан гэж тайлбарлажээ.

Хэргийн дэлгэрэнгүйтэй танилцвал, Стивен шөнийн ээлжинд ажиллаж байх хугацаандаа хүйтэн нөхцөлд хадгалах ёстой нэг хайрцаг буюу 570 тун Модерна вакциныг хөргүүрээс гаргаад орхижээ.

Маргааш нь үүнийг анзаараагүй сувилагчид 57 хүнд тус вакцинаас тарьсан нь тогтоогдсон ба Стивен тус хэргийг үйлдсэнээс 5 хоногийн дараа баривчлагдсан байна. Яллагчийн танилцуулснаар вакцины үйлчилгээнд өөрчлөлт ороогүй ч, түүний үйлдсэн хэргийг олон талтай, ноцтой хэмээжээ.


Яллагч талаас түүнд оноосон ялыг бага байна гэж үзсэн бөгөөд маш их хохирол дагуулсан гэдгийг нь ч тайлбарлажээ. Учир нь сувилагчдын анзааргагүйгээс болж вакцин хийлгэсэн 57 хүний зарим нь маш их санаа зовнил, стресст автсан бөгөөд зарим нь сэтгэл санааны гүн хямралд орсон гэнэ. 


Гэсэн хэдий ч шүүхээс түүний ялыг хэвээр үлдээсэн юм. Шүүгчийн зүгээс түүнийг өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хорлон сүйтгэх ажиллагаанаас үүссэн бие махбодын хохирол үгүй болон хэргээ хүлээсэн зэргийг нь харгалзан үзсэн гэдгээ мэдэгдсэн байна.

Харин хэрэгтэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, маш ихээр ичиж буйгаа илэрхийлж, хамтран ажиллагсад, гэр бүл, мужийн оршин суугчдаасаа уучлал гуйжээ.


Эх сурвалж: UNILAD