Агуу манлайлагч гэдэг юун түрүүнд ёс зүйтэй, өөртөө итгэлтэй, ухаалаг нэгэн байх учиртай. Харин хэрхэн ийм байх вэ гэдэг хувь хүний туршлага, өөрийн хэв маягаас нь улбаалдаг юм. Гэхдээ бүх л агуу манлайлагч, удирдагчид нэг нийтлэг зүйлтэй байдаг нь бусдаас тэдэнд хүлээлгэсэн итгэл билээ.

Энгийн мэт санагдах ч хүмүүсийн итгэлийг хүлээснээ мэдэх мөчид хүн тэдний тархинд манлайллын шинэ тактик бий болоход нөлөөлж, удирдаж буй багаа хөгжүүлж, илүү сайн баг цогцлооход анхаарлаа хандуулахад тусалдаг байна.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хамтран ажиллагсдаа удирдахдаа хэрхэн тэдэнд нөлөөлж, тэд ч гэсэн тань шиг эсхүл танаас амжилттай нэгэн болж болно гэсэн урам зоригийг түгээх талаар гурван зөвлөгөөг хүргэе.



1. Ажиллагсдадаа боломжийг танилцуул



Хэрэв таныг хэрхэн удирдагчийн байр сууринд хүрсэн бэ гэвэл мэдээж танд бусдаас илүү давуу чанар, мэдлэг туршлага байсан байх. Тэгвэл сайн удирдагч байна гэдэг нь өөрийн дор ажиллаж байгаа хүмүүстэйгээ мэдлэг боловсролоо хуваалцаж, тэдэнд ч өөр шиг тань болох боломжийг олгох явдал юм. 

Боломжийг хүн бүр янз бүрээр л танилцуулах байх л даа. Би хувьдаа л гэхэд өөрийн дадлага, туршлагаас ярьж хэлэх дуртай. Мэдээж өөрийгөө дөвийлгөх гэж биш харин миний ярианаас тэд ч гэсэн ямар нэг санаа олж аваасай, миний түүх тэднийг хөглөөсэй гэсэн найдлага тээж ярьдаг юм. 

Мөн тэднийг хөгжүүлэх өөр нэг арга бол өдөр тутамд хийдэг ажлаас нь өөр, зарим тохиолдолд тэс хөндлөн ажил даалгаж ч болно. Заримдаа тэднийг өөрийн байр сууринд аваачиж, тэдэнд удирдах боломжийг олгож, өөрсдийн мэдлэг, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь ч тусалж болно.

Харин үүний тулд та өөрт болоод ажлын тань нөхцөлд аль арга нь илүү дөхүү, таатай байна вэ гэдгийг олж мэдэх учиртай. Хэрэв та ажиллагсдадаа боломж үл олгох аваас тэд дугуйных нь хий гарсан машин шиг, ажлын морь шиг урам зориггүй зүтгэсээр хамт олны уур амьсгал, байгууллагын дотоод эрхэм үнэт зүйл, хүн капитал уналтад орох юм шүү.


2. Өөрийн эргэлзээг таньж мэдэх


Удирдагч байна гэдэг тодорхой хэмжээний стресс дагуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Та шантарч, ажил төрөл тань бүтэмж муутай, бусдын өмнө хариуцлага хүлээх төвөгтэй, бууж өгмөөр санагдаж байсан ч шантаршгүй байх нь таныг сайн баг бүрдүүлж, тэднийг хөгжин дэвшихэд нөлөөлнө. 

Хэрэв танд баг удирдахад эргэлзэх шалтгаан байгаа бол тэдгээрийг бүгдийг нь олж мэдээд, шийдвэрлэх арга замуудыг нь хайгаад үзээрэй. Бүгдийн өмнө хариуцлага хүлээх хэцүү байвал хариуцлагаа хуваагаад үүрч болно. 

Зорилгоо маш гаргацтай тодорхойлоод түүнийхээ дагуу ажиллагсадтайгаа хэлэлцэж, яг энэ үед бид ийм амжилтад хүрсэн байх болно гэсэн нарийн зураглалыг гаргаад өгчихвөл бүр л амархан. Ингэснээр санаа зовнил үүсэх нь бага байх ба та ямагт таны хийж буй ажил зогсонги байдалд орччихолгүй ахицтай явааг мэдэх юм. 

Түүнчлэн алдаа дутагдал гаргах гэдэг хэвийн үзэгдэл бөгөөд эцсийн мөчид зорилгодоо, цаг хугацаандаа хүрсэн байхыг л чухалчилж, ажилчдадаа алдах боломжийг олгох хэрэгтэй билээ. Баг удирдах гэдэг байнга бусдын ажилд хяналт тавьж, нэг бүрчлэн ингэ тэг гэж заахаас илүүтэй зөвөөр чиглүүлж, алдаанаасаа суралцах боломжийг олгох явцыг ч хэлэх юм шүү.


3. Өөрийн итгэлтэй хүрээгээ тэлэх



Хүн гэдэг дассан сурснаа тавьж явуулахдаа бэрх нэгэн. Жишээлбэл, нэг том төсөл эхлээд багийнхандаа хувааж хийгээд амжилт үзүүлэхэд дараагийн төслийг яг л өмнөх бүрэлдэхүүнээрээ, хүн бүр урьдын үүрэгт ажлаа л авч хийх нь нийтлэг үзэгдэл. Гэвч ингэж ажиллах нь багийг зогсонги, унтаа байдалд оруулдаг бөгөөд, үе үе ажилчдынхаа оноолт ажлыг сольж, тэдэнд суралцах, өөрсдийгөө арай өөр төвшинд дайчлах боломжийг олгох нь нэн чухал юм. 

Эс тэгвээс та өөрийн итгэлтэй хүмүүстэй л харьцах бөгөөд бусад ажилчид таны итгэлийг олж авах гэж мянга хичээж байхад үл ойшоож, галыг нь унтраах тохиолдол ч гарч болох шүү.


Эх сурвалж: Entrepreneur