Их Британийн нэгэн эмэгтэй төмөр соруул дээрээ бүдрэн унажээ. Хүүр байцаагч The New York Times сонинд дахин ашиглагддаг энэхүү соруулын аюулын тухай ярилцлага өгсөн. Тодруулбал, 60 настай, хөгжлийн бэрхшээлтэй Елена Струтерс-Гарднер сэнжтэй, эргэдэг тагтай шилэн аяганд уух зүйл хийгээд авч явсан. Mason-jar гэгддэг энэхүү аяганы таг нь голдоо соруул хийх нүхтэй билээ. 

Гал тогооноосоо гарч явсан тэрбээр 25 сантиметрийн урт ган төмөр соруул дээр зүүн нүдээрээ унасан нь тархи руу нь нэвт зоогдсон гэж хүүр байцаагч өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Туслах байцаагч Брэндан Аллен The Bournemouth Daily Echo сонинд өгсөн ярилцлагадаа аяганы нүхтэй таглаа үхлийн шалтгаан болсон гээд "Ийм ган төмөр соруулыг яагаад ч баригчтай таглаанд хийж хэрэглэж болохгүй. Хэрэв тэр баригчтай таглаа байгаагүй бол соруул байрнаасаа хөдөлж унаад л өнгөрөх байсан" хэмээв.

Хатагтай Струтерс-Гарднер залуудаа мэргэжлийн морь унаач байсан бөгөөд морьноос унаж бэртсээр байнгын бүдэрч унадаг болсон гэж эхнэр Мэнди нь хэллээ. Мөн сколиоз буюу нурууны муруйлт, эмийн хамааралтай байсан аж. 

2015 онд далайн яст мэлхийн хамраас хуванцар соруул гаргаж байгаа бичлэг интернетэд цацагдаж, сая сая хүний зүрх шархалсан. Үүний дараахан хуванцар соруулыг хэрэглээнээс халах давалгаа үндсэндээ түгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн онд Starbucks сүлжээ кофе шоп хүртэл 2020 он гэхэд ногоон өнгийн хуванцар соруулаа бүрмөсөн халахаа мэдэгдсэн. 


2016 онд хэд хэдэн хүүхэд төмөр соруулнаас болж гэмтсэн тул салбаруудаараа ган төмөр соруул худалдахаа больсон. Гэсэн ч олон удаагийн соруул улам л трэнд болсон билээ. 

АНУ-ын Сиатл муж хуванцар соруул, аяга тавгийн хэрэглээг 2018 онд хориглож улсдаа түүчээлсэн. Мөн өнгөрсөн Есдүгээр сард Калифорнийн захирагч Жерри Браун зоогийн газруудыг үйлчлүүлэгч өөрөө хүсээгүй тохиолдолд хуванцар соруул өгөхийг хориглосон мужийн хууль үзэглэсэн юм. 

Гэтэл нөгөөтэйгүүр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуванцар соруул ийн хориглож буй явдлыг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөөх зүтгэлтэн Робин Повелл "Би аяга өргөж чаддаггүй учраас насаараа л хуванцар соруул хэрэглэж байгаа. Соруулгүйгээр би бие дааж юу ч ууж чадахгүй. Зарим хүнд соруул тансаг хэрэглээ байдаг л байх, надад бол энэ хэрэгцээ" гэжээ. 



Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Элис Вон "Бид хүссэн зоогийн газраа орчихож чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан бие засах өрөө, шат, бариул, ширээ гээд хэдийнэ хүндрэлтэй байхад одоо соруул цүнхлээд явна гэж үү дээ. Бид угааж арчлаад, тав алхаад угаалгын өрөө ч орох боломжгүй. Бидэнд зориулаагүй дэлхийд амьдрах ийм л байна.