Тогтвортой хөгжил, түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуультай хамтран тус сургуулийн хашаанд 500 мод тарьж, хайлаас модны үрсэлгээний талбай байгууллаа. Мөн сургуулийн сурагчдын дунд “Модны үндэс” шүлгийн уралдаан, “Өглөөний цагийг өөртөө” уулзалт зохион байгуулсан байна. Энэ бүхнийг хүүхдийн орчныг моджуулах “Амгалан дэлхий” төслийн хүрээндхоёёр дахь жилдээ Хөвсгөл аймгийн ЕБС-тай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажил юм байна. 

“Ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн хамт олон ойгоо угтсан 100 бүтээлч ажил хийж байгаагийн нэгд орчноо ногооруулж, эко болгох энэ ажил орж байна. Сургуулийн ахмад багш нар, эко клубын сурагчид, сургуулийн ажиллагсад, ТББ-ын гишүүд хамтдаа модоо тарилаа. Аливаа ажилд хамтаараа, бүгдээрээ оролцож, хийж бүтээх нь манай сургуулийн онцлог, барьдаг зарчим юм” гэж сургуулийн захирал Б.Гантулга ярилаа. 

Хөвсгөл аймгийн ууган сургууль болох тус сургууль нь хашаандаа 10 гаруй төрлийн 1000 гаруй мод тарьж ургуулаад байна. 

ТХТ-ийн “Амгалан дэлхий” ТББ нь хүүхдийн орчныг моджуулах “Амгалан дэлхий” төслөө хоёр дахь жилдээ Хөвсгөл аймгийн ЕБС-д хэрэгжүүлж байна. ТББ-ийн тэргүүн Д.Даваадулам, УЗ-ийн гишүүн А.Даваажаргал нар  “1994 онд төгссөн сургуульдаа сайн үйл бүтээж байгаад баяртай байна. Энэ төслөөр нийт 500 мод “Дэлгэрмөрөн” сургуульд хандивлаж, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Гол нь нэг нь үнэгүй өгч, нөгөө нь үнэгүй авлаа гэсэн хандлага энд үгүй. Хамтдаа тарьж, хийж бүтээж, хэрэгжүүлдэгээрээ онцлогтой. Мөн гурван жилийн дараагаас энэ сургууль өөрсдийнхөө үрслүүлж ургуулсан хайлаасаа тарих, мөн зарж борлуулах боломжтой болно. Мод тарьсан, үрсэлгээний талбай бүгд хүүхдүүдийн сургалтын орчин болох учиртай. Манай ТББ модоо хэрхэн арчилж ургуулж байгааг байнга харж зөвлөж, ажлынхаа үр дүнг хамтдаа хэлэлцэж, дүгнэдэг уламжлалтай. 2021 онд Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуульд 1000 модны “Амгалан дэлхий” төслөө мөн ийм хэлбэрээр тун амжилттай хэрэгжүүлсэн” гэлээ. 

 Тус төслийн зөвлөхөөр Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 20 гаруй жил ажилласан Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид ажилладаг байна. 

Төслийн хүрээнд зарласан “Модны үндэс” сурагчдын шүлгийн уралдаанд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 20 гаруй сурагчид цахимаар оролцсноос 8 дугаар ангийн сурагч М.Билгүүнзаяа тэргүүлж, 9-р ангийн сурагч Т.Пүрэвдорж нарын таван сурагч удааллаа. Тэднийг хос монос модоор мялааж, хашаагаараа дүүрэн модтой болохыг ерөөлөө.