Дэлхий ертөнц түүний хамтаар хүмүүс, хэрэглэгчид өөрчлөгдөн хөгжиж байна. Үүний хамтаар маркетингаа хийх арга ухаан, маркетерууд ч бас өөрчлөгдөх, хөгжих зайлшгүй шаардлагатай цаг үе иржээ.

Өнөөдөр хүмүүс бие биетэйгээ хэрхэн харилцаж байна вэ? Би жишээ нь 17 настай охиноо оройтохгүй харихыг сануулан мессеж бичнэ, удвал залгана, эсвэл мессенжерээр нь нохойных нь зургийг явуулаад эртхэн ирж салхинд гаргахыг сануулна. Инстаграм дээр тавьсан зургаас нь кино үзээд явж буйг нь анзаарна, гэхдээ найзынх нь дундуур орж коммент бичихгүй лайк дараад л өнгөрнө. Фэйсбүүк дээр эмээ нарын тухай хөөрхөн видео хараад меншн хийгээд эмээ дээрээ очиж тусалж байхыг захина. Мэдээж гэртээ, амралтын өдрүүдээр, хамт байх үедээ амьд харилцаа үүсгэнэ.

Хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлынхан гээд тодорхой тооны хүмүүстэй л голдуу харилцаа үүсгэдэг тул утга учиртай харилцааг тодорхой сувгуудаар үүсгэх бүрэн боломжтой байдаг. Харин бизнесүүд тоймгүй олон тооны хэрэглэгч тухай бүртэй утга учиртай харилцааг олон сувгуудаар үүсгэх боломж бий юу? Утга учиртай харилцаа гэдгээр тухайн хүнд хамаатай, үнэ цэнэтэй харилцааг хэлж байна. Бүгдтэй нь нэг бүрчлэн утсаар ярих уу? SMS бичих үү?

Нэгд цаг хугацааны хувьд амжихгүй, хоёрт өртөг, зардал өндөр гарна. Харин хүмүүс мессенжерийг маш өргөнөөр хэрэглэдэг болсон, чатботын технологи хөгжсөн, хямд төдийгүй хялбар болсны ас тусаар хэрэглэгчидтэй үүсгэх харилцаагаа цоо шинэ түвшинд гаргах цаг үе нэгэнт иржээ.


Мессенжер, чатбот, дата, хиймэл оюуны эрин үе

Мессенжер, чат, их өгөгдөл, хиймэл оюун, чатбот зэрэг сүүлийн үеийн технологийн дэвшлүүд брэнд болон хэрэглэгчдийн хоорондын харилцааг дараагийн түвшинд гаргаж байна. Топ 4 мессенжерийн хэрэглэгчдийн тоо топ 4 сошиал медиа хэрэглэгчдийн тоог давсан гэсэн сонирхолтой тоо баримт бий. 2018 оны хаврын байдлаар фэйсбүүк мессенжер дээр хийгдсэн нийт чатботын тоо нэгэнт 300,000 давсан байна.

Манай урд хөршид wechat мессенжерийг зөвхөн харилцаанд төдийгүй төлбөр тооцоо, дуудлага, захиалга гээд төрөл бүрээр хэрэглэж буйг бид мэднэ. Тэнд их хэмжээний өгөгдлүүд үүсэж, хиймэл оюун, ботууд ажлын голыг нугалж буй. Gartner компанийн таамаглаж буйгаар 2020 он гэхэд хүмүүс эхнэр, нөхрөөсөө илүү цагийг боттой харилцахад зориулах юм байна.


Харилцааны маркетинг бол шинэ үеийн маркетинг

Экспертүүдийн зөвлөж буйгаар 2020 онд амжилттай байхын тулд танай харилцааны маркетинг (conversational marketing) сайн байх шаардлагатай ажээ. Манай агентлагийн вэбийн багаа удирддаг Ж.Дашням өнгөрсөн 9-р сард Сингапурт Digimarcon дижитал маркетингийн конференцид оролцож, сонссон мэдсэнээ багтайгаа хуваалцахдаа харилцааны маркетинг хамгийн халуун сэдэв болжээ, заавал анхаарч ажилла, хөгжүүл гэж хэд хэдэн илтгэгчид зөвлөж байна хэмээн онцолж байлаа. Өнөөдөр байгууллагууд харилцааны маркетинг хийнэ гээд шууд л ямар нэг чатбот хийчихдэг нь буруу, харин хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаа үүсгэх, ярьж хөөрөх, хүүрнэлээ зөв хийх нь илүү чухал ажээ.


Ботын 3 хууль

Жүжигчин Will Smith тоглосон "I, Robot" гээд кинонд дурдагддаг роботын 3 хуультай бол тоогоороо л ижил төстэй, зарчмын хувьд тэс өөр хуулиудыг танилцуулъя.

  1. Ботын хийхэд ба хэрэглэхэд хялбар байх ёстой.
  2. Бот зорилготой, процесстой, хэрэглэгч болон байгууллагын аль алинд нь хэрэгтэй байх ёстой.
  3. Бот дээрх хоёр хуулийг биелүүлэх төдийгүй инбаунд арга ухаантай нийцэх ёстой.

20 гаруй жилийн өмнө ажил хөдөлмөрийн гараагаа Датаком компанид эхлэх үед миний анх хөгжүүлсэн програм интернэтийн үйлчилгээний биллингийн систем байсан. Төлбөр гарах гарах үед би байж байхгүй л бол болдоггүй шахуу програм байж билээ. Өнөөдөр харин үүлэн тооцооллын програмууд мэргэжлийн инженерүүд бус жирийн хүмүүс болох маркетерууд чөлөөтэй ашиглаж сураад чатботоо хийчих түвшинд энгийн хялбар болсон. Чатбот гэхээр юун түрүүн хүмүүс ботын програм боддог. Гэтэл програмаас илүү харилцаагаа хэрхэн төлөвлөх, практикт буулгах вэ гэдэг нь илүү чухал.

Айлын компани боттой байгаа юм чинь бид юу дутах вэ гээд бот хийчихдэг. Гэтэл зүгээр л боттой болох зорилгоор бот хийх нь буруу. Бид маш олон тооны хүмүүстэй зэрэг харилцааг, түргэн шуурхай үүсгэх нь манай бизнесийн нэгэн процесст чухал байвал энд ботын хэрэг гарна. Бот хүний хэл яриа, нарийн утга, санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг ойлгож харилцаа үүсгэхдээ хүнийг гүйцтэл хол зайтай хэвээр. Харин цаг наргүй ажиллах, олон зүйлийг зэрэг хийх, тооцоолох, олон эх үүсвэрээс мэдээлэл авах, боловсруулах, шинжлэх, өгөгдөлд суурилж таамаглах зэргийг өндөр хурдтай хийх гэх мэт хүний сайн чаддаггүй зүйлсийг сайн хийж чадна.

Бот яагаад аутбаунд буюу зар сурталчилгаагаа хэрэглэгчид рүү түлхэх аргаар бус харин инбаунд буюу хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээлэл, контентоор татах арга барилаар ажиллах ёстой вэ? И-мэйл, SMS гэх мэт хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх, мэдээлэл, контент, мессеж хүргэх боломжууд нээгдэх бүрт маркетингийнхан тэнд массаар нь зар сурталчилгаагаа цацаж, залхаан цээрлүүлэлт хийж ирсэн. Фэйсбүүк пэйжид хандаагүй хэрэглэгчдэд мессеж бичиж болдоггүй. Хэрэв болдог байсан бол бид өдийд хэрэглэгчдээ залхаачихсан л сууж байгаа. Хэрэгтэй мэдээллийг ч хэт ихээр, ойрхон зайтай хүргэвэл сайн хэрэглэгчээ залхаах нь бас бий.

 

Бот өөрийн ойтой, оюунтай байх хэрэгтэй

Ойтой гэхээр бидний зааж өгсөн хэдэн мэдээллийг л мэддэг байх нь хангалттай гэсэн үг биш. Хамгийн анх хийсэн ботууд автомат хариултын систем шиг байх нь элбэг. Хүмүүс автомат хариултын машинд дургүй шүү дээ. Гэтэл шууд мэдээлэл, өгөгдлөөс илүүтэй хэрэглэгчийн харилцаа, үйлдлээс үүссэн шууд бус өгөгдөл илүү ихийг хэлэх нь бий. Хэзээ орж ирсэн, юу сонирхсон, аль цэсийг дарсан, асуултад юу гэж хариулсан гэх мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам, илүү их өгөгдөл бий болох тусам бот тань илүү ухаалаг болж хөгжиж байх нь чухал. Хэрэглэгчийн тодорхой асуултууд хариулж чадаагүй сууж байвал хариултыг нь байнга зааж өгч сургаж, хөгжүүлж байх нь чухал. Өнөөдөр "нялхаараа" байгаа чатбот хэдэн жилийн дараа хэр баргийн асуултад тов хийтэл хариулчихдаг өсвөр насанд хүрсэн байх вий.

Уулзах бүрт нэрийг маань мартчихсан дахин асууж байдагтай хүнтэй ярилцахад төвөгтэй биз дээ. Бот өөрөө машин тул өгөгдөл, мэдээлэл хадгалах, санах боломж нээлттэй. Энэ чадварыг нь ашиглан дараа дараагийн үүсгэх харилцаагаа тухайн хэрэглэгчид илүү тохирсон, нийцтэй, ухаалаг болгож өгвөл чатботтой харилцах сонирхол өсдөг.

 

Чатботын жишээ ба санаанууд

Ганц нэг жишээ хуваалцъя:

  • GrowthBot. Би Google Analytics, HubSpot зэрэг програмуудаа энэ боттой холбочихдог. Тэгээд хэрэг гарах үед манай вэб сайтын хандалт хэр байна зэргээр асуухад надад хэлж өгдөг бот. Хааяа шинэ зүйл сурчихаад би ийм зүйл мэддэг болсон шүү, асуувал асуугаарай гэж "сайрхдаг". Үе үе маркетинг, борлуулалтын сэдвээр хошин зураг үзэх үү гэж асуухад би зав байвал харчихдаг.
  • Ikon. Орой 8 цагт тухайн өдрийн хамгийн уншилт ихтэй мэдээнүүдийг надад явуулдаг. Марталгүй мэдээ авчихад амар байдаг тул би байнга ашигладаг. Гэнэтийн мэдээ гарах үед бас цаг алдалгүй хэлчихнэ.
  • BotBZP. Манай бот фэйсбүүк мессенжерээр сургалтын бүртгэл хийчихнэ, нэхэмжлэх авъя гэсэн бол сургалт хариуцсан хүнд энэ хүнд нэхэмжлэх явуулаарай гэсэн даалгавар өгчихнө, вэб сайт дээр бол үйлчилгээний үнийн санал авах хүмүүсийн мэдээллийг аваад үлдчихдэг, энэ хүнтэй холбогдож, танилцуулга, үнийн мэдээлэл илгээгээрэй гэсэн даалгавал бидэнд өгчихдөг. Манай боттой дараах холбоосыг дарж харилцаж үзээрэй.

Байж болох зарим нэг санаа:

  • Өдөр бүр нэг гадаад үг зааж өгдөг бол зүгээр ч юм шиг. Хэлний сургалтын төвүүд хийж болмоор.
  • Аяллын компаний ботууд хааяа нэг хаа газрын сонин сайхан хуваалцчихдаг бол дажгүй байж болох. Жишээ нь: Та газрын өөд ус урсдаг газар байдгийг мэдэх үү? гэж бот асуугаад мэднэ гэвэл та ч мэдлэгтэй юм аа, мэдэхгүй гэвэл Чэжү арал дээр байдаг юм гээд сонирхуулж болох юм. 
  • Фитнесс, йогийн бот долоо хоногтоо нэг шинэ дасгал заагаад өгчихдөг байж болно.
  • Хоол хийхийг зааж өгөх, тухайн хэрэглэгчтэй ярилцаар байгаад тэр хүнд илүү тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө тогтмол өгч байх, гэх мэт.

Хэрэв та өөрийн байгууллагынхаа мессенжер, чатын сувгуудын боломжуудыг маркетинг, борлуулалт, үйлчилгээндээ илүү үр өгөөжтэй ашиглах, орчин үеийн маркетингийн тэргүүлэх чиг хандлага болж буй харилцааны маркетингийн сэдвээр мэдлэг, мэдээлэл авах бол 2018 оны 11-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах Интернэт маркетингийн конференцидоролцоорой. Хөтөлбөр, илтгэгчидтэй энд дарж танилцана уу. Эрт бүртгүүлбэл хямдралтай. Баярлалаа.


IMCONF2018 - early bird


Эх сурвалж: Batzorig Begzsuren